
Киночдын ур чадварыг дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой "48 цаг-Монгол 2017” наадмын шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ.
Тус наадамд кино урлагт дуртай, шимтэн сонирхогч авьяаслаг уран бүтээлч, кино сонирхогчид ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээн оролцох боломжтой юм.
Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын шалгаруулалт ирэх сарын 07-нд "Black box” театрт болно. Шилдгээр шалгарсан бүтээл 2018 оны гуравдугаар сард Францын Парис хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөнө.



