-11o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өмчит компаниудын өр 8,2 их наяд төгрөгт хүрчээ

2017-09-30 14:20:00

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 69 дүгээр тогтоол, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 41 дүгээр тэмдэглэлд заасны дагуу Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, авлага, өглөгийг бууруулах зарчмыг баримтлан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг хянаж нэг жилийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэлээ.

 

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3,4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 10,8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8,7 их наяд төгрөг болж, 2,1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан. Өнгөрсөн оны 10,8  их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5,2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4,4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Ийм учраас Төрийн банк, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр 5,2 их наяд төгрөгийг нийт төрийн өмчит компаниудын өр зээлээс хасч тооцвол төрийн өмчит компаниудын өр 3,5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1,4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2,1 их наяд төгрөг байна. 

Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8,8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4,7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1,4 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3,3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.  

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ.

Энэ бүх ажлын амжилт ололт нь эх орны өнцөг булан бүрт хийж бүтээхийг зорьж ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын 45500 гаруй ажиллагсадын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.

            ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment