8o
Улаанбаатар хот
mobile menu

Амнаас эвгүй үнэр гарах шалтгааны 95 хувь нь хэлний өнгөртэй холбоотой

2017-10-08 11:40:07

Амны хөндийн эрүүл мэндэд шүдний цоорлоос гадна хэлний ариун цэврийг сахих нь нэн чухал юм. Тиймээс хэлний ариун цэврийн талаарх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.
 
Хэл ба хэлний өнгөр

Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд олон давхаргат хучуур эдээр бүрхэгдэнэ. Хэлний доод тал салстаар хучигдсан байх ба голд нь хэлний хөвч бэхлэгддэг. Хэл нь олон хэлбэрийн хөхлөгүүдтэй /шигтгээ хөхлөг, утсан хөхлөг, мөөгөн хөхлөг, хуудсан хөхлөг/ бөгөөд эдгээр хөхлөгүүд нь өөр, өөр амтыг мэдэрдэг онцлогтой байдаг.

Хэл нь амтлах мэдрэхүйн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Гэхдээ хэл зөвхөн энэ үүргээр хязгаарлагдахгүй, мөн ярих чадварт голлох үүрэг гүйцэтгэдэг. Хэлний хөдөлгөөн сайн байх тусам яриа нь хурц тод байдгаас гадна хурц тод ярьснаараа хүүхдүүдийн эрүү, зажлуурын гэх мэт нүүрний булчингуудын хөгжил сайн явагдана.

Булчин дагаж яс хөгжинө гэдэг. Хүний булчингийн хөгжил хэдий сайн байна, түүнийгээ дагаад ясны хөгжил нь сайн явагддаг. Ялангуяа шүд солигдлын үедээ яваа хүүхдүүдийн хувьд энэ нь маш чухал асуудал юм.

Амны хөндийн эвгүй үнэр гарах шалтгааны 95 хувь нь хэлний өнгөртэй холбоотой гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл хэлний олон тооны  хөхлөгөөс гадна хучуур эдүүдийн гуужилт, мөн идэж буй хоол хүнс зэргээс хамаарч хэлэнд өнгөр тогтдог байна. Эдгээр өнгөр нь аман дахь бактеруудтай нэгдэж, бактерийн бүрдэл үүссэнээр амнаас эвгүй үнэр гардаг байна.
Иймд та шүдээ угаасныхаа дараа зориулалтын хэлний өнгөр хусагчаар хэлээ заавал цэвэрлэж хэвшээрэй. Гэхдээ чанга үрж, хусаж болохгүйг анхаарна уу. Учир нь, чанга хуссанаар хэлний хөхлөгүүд гэмтэх аюултай.

Мөн хэлний өнгө болон өнгөрөөр хүний эрүүл мэндийг хэрхэн шинжилж болох талаар сонирхуулья.
 
Хэлийг харах

Шүдээ угаахаасаа өмнө хэлээ нарны гэрэлд хараарай. Амаа ангайж хэлээ гаргахдаа хэт чангалахгүй байх хэрэгтэй. Учир нь, хэлээ хэт чангалсан үед өнгө, хэлбэр нь өөрчлөгдөх магадлалтай. Хоол унд, эм тан, тамхи зэрэг нь хэлний өнгөрийн өнгийг өөрчилдөг тул эдгээрийг хэрэглэснээс хойш хамгийн багадаа нэг цагийн дараа харах ёстой. Үүнээс гадна амны хөндийн өвчин, гэмтэл бэртэл, эмийн бэлдмэлийн нөлөө, харшил зэргийн нөлөөгөөр хэл гэмтэж өөрчлөгддөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
  
Хэлний өнгөр

Хэлэн дээр их, бага хэмжээгээр өнгөр тогтож байдаг. Ингэхдээ тухайн тогтсон өнгөрийн өнгө нь хэлний өнгөнөөс ялгаатай байж болдог. Цаашилбал, тогтсон өнгөр зузаан байх тусам аливаа нэг өвчин эмгэг хүнд болсныг илтгэдэг. Харин шүдний сойз, эсвэл өнгөр арилгадаг тусгай сойзоор хялбар арилдаг нимгэн цагаан өнгөр үүсэхийг байж болох хэвийн зүйл гэж үздэг.
 
 Хэлний өнгө

Эрүүл хүний хэл цайвар улаан, цайвардуу улаан ягаан өнгөтэй байдаг.

  • Хэл хэт цайвар өнгөтэй байгаа бол хооллолт хангалтгүй, амин дэм дутагдсан, ямар нэг архаг өвчин, цус багадалт зэргийн аль нэг
  • Улайсан бол халдварт, эсвэл үрэвсэлт өвчин
  • Тод улаан өнгө нь зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан, эсвэл цусны өвчин
  • Шар өнгө нь ходоод, хоол боловсруулах замын эмгэг, эсвэл шарласан байгаагийн шинж тэмдэг байж болно. Мөн тамхи татдаг хүмүүсийн хэлний өнгө шар болсон байдаг.
  • Хөхөвтөр ягаан өнгө нь зүрхний эмгэг, эсвэл уушигны эмгэг
  • Хөх өнгө нь бөөрний эмгэг
  • Цайсан бол усгүйжсэн, мөөгөнцрийн халдвар, эсвэл Томуу, томуу төст өвчнийг илэрхийлэх бөгөөд яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ, үзлэгийн үр дүнтэй харьцуулан байж мэргэжлийн эмч онош тавина гэдгийг анхаараарай.


Цэвэрлэгээ

Эцэст нь та өөрийн болон хүүхдийнхээ хэлийг шүдний адил тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой. Хэлийг зөөлөн сойз, эсвэл тусгай хусуураар өдөр болгон цэвэрлэж заншаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл