Газрын дундад тэнгисийн арал улс Мальтад 53 настай сэтгүүлч Дапне Каруана Гализиа машинд нь байрлуулсан бөмбөгний тэсрэлтэд өртөж амиа алджээ.Хохирогчийн машинд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан бөгөөд тэрээр гэрээсээ гарч машиндаа суугаад асаах үед дэлбэрэлт болсон аж.
Гализиа нь эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг сэтгүүлч юм. Тэрбээр хамгийн сүүлд Мальта улсаас Панамын бичиг баримтууд гэх дуулианд холбогдсон мэдээллийг мөрдөж байсан. Тэрбээр сүүлийн хэдэн сар “Панамын баримтууд”-д бичигдсэн мальт хүмүүсийн талаар цуврал нийтлэл бичин блогтоо тавьдаг байж. Түүний блогоор өдөрт 400 мянган хүн зочилдог байсан гэнэ.
Тус сэтгүүлч амиа алдсаны дараа Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускат “Талийгаач надтай таарамжгүй, намайг улс төрийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч байнга шүүмжилдэг байсныг бүгд мэднэ. Гэсэн ч ийм аймшигт халдлагыг зөвтгөх шалтгаан үгүй” хэмээн мэдэгдсэн байна.