8o
Улаанбаатар хот
mobile menu

Я.Содбаатар: Валютын нөөцөө шавхаж өр дарвал эдийн засгийн гүн “шок” болох магадлал өндөр

2017-10-19 08:30:00

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай төсвийн тодотголын талаар ярилцлаа.

-2017 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлэг болсон. Зарим гишүүд хууль зөрчиж, төсвийн тодотголыг хэлэлцэж байна гэх яриад гараад байгаа. Үнэхээр зайлшгүй шаардлага гарсан уу. Төсвийн тодотголоор зайлшгүй хийх шаардлагатай зүйл юу байна вэ?

-Монгол Улсын хуулинд төсвийн тодотгол хийх тусгай шаардлага гэж заасан байдаг. Төсвийн орлого давж байгаа тохиолдолд тодотгол хийнэ гэсэн заалт юм. Тэгэхээр төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай юу гэдгийг ярих хэрэгтэй. Төсвийн тодотгол хийлээ гэхэд дараах гурван зүйлд тодотгол хийгээсээ гэж хүсч байна.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөнд тодотгол хийх хэрэгтэй. УИХ-ын дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Энэ шийдвэрийн дагуу хүүхдийн мөнгөний тодотгол хийж сүүлийн саруудад олгоогүй хүүхдийн мөнгөний олгох ёстой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Олон улсын валютын сантай тохирсны дагуу ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс цааш хүүхдийн мөнгийг олгох боломжгүй байгаа. Нэгэнт л Засгийн газар ард түмэнд амлалт өгч гаргасан шийдвэр учраас үүнд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаар өвөлжилт нэлээд хүндрэх хандлага, нөхцөл байдал үүсч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, өвс тэжээл, мах бэлтгэл, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үүссэн нөхцөл байдалтай уялдуулан зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Гуравдугаарт зарим төсөвт байгууллагын зардлыг байж болох хэмжээгээр танасан. Нэлээд олон төсөвт байгууллагын зардлыг бид танасан. Мөн шүүхийн шийдвэрээр улсаас мөнгө авах ёстой аж ахуйн нэгж, байгууллага бий. Шүүхийн шийдвэр гарсан энэ аж ахуйн нэгж байгууллагын мөнгийг өгөх ёстой. Хэрвээ төсвийн тодотгол хийхээр бол энэ гурван зүйлийг тодотголоор шийдэх ёстой. Энэ гурван асуудалд тодотгол хийвэл 200 гаруй тэрбумын төгрөгийн асуудал яригдах байх. Үлдсэн төсөв давж байгаа зардалд Засгийн газар өндөр хүүтэй бонд дотоодоосоо авчихсан байгаа.

Засгийн газар эдгээр бондуудаа мөнгөжүүлээд явах хэрэгтэй. Тэгэх юм бол арилжааны банкуудад мөнгө орж ирнэ. Эргээд арилжааны банкууд аж ахуйн нэгжүүдэд зээл өгнө. Энэ мэтээр эдийн засгийг эргэлтэнд оруулах боломжтой. Энэ удаагийн төсвийн тодотголоор 60 гаруй шийдвэрийг өргөн барьсан байна. Консцессын мөнгөнд 210 гаруй тэрбум төгрөг зарцуулах тухай байгаа. Нэн шаардлагагүй төсөв давсан зүйл мөнгө зарцуулах гэж байна гэж хувьдаа үзэж байна.

-Энэ жилийн төсөв давж биелэлээ. Энэ мөнгө нь шаардлагатай зүйлд зарцуулахад хүрэлцэх хэмжээний мөнгө байж чадах уу?

-Төсөв давсан эсэхийг сайн бодолцох хэрэгтэй. Төсөв батлах хүрээнд УИХ-ын гишүүд Байнгын хороодын нэгдсэн хуралдаан дээр олон зүйлийг хэлж байсан. Төсвийн тооцоолоо анхнаасаа буруу хийсэн байна гэж үзэж байгаа. Нөгөө талдаа түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш тухайн үеийн тооцож байснаас өндөр гарсан. Ялангуяа нүүрсний үнэ. Үүнтэй холбогдуулан төсөв тодорхой хэмжээгээр давсан. Өнөөдөр төсөв давж байгаа гэж ярьж байгаа ч эдийн засгийн талаас нь авч үзвэл төсөв алдагдалтай хэвээр байна. Төсвийн алдагдлаа дотооддоо гаргасан өндөр хүүтэй бондоо мөнгөжүүлж байж төсвийн давсан орлогоор нөхнө.

-Төсвийн алдагдлыг нөхөх боломж бий юу?

-Одоогоор төсвийн алдагдлыг нөхөх боломж байхгүй. Урт хугацаандаа буюу ирэх гурван жилд төсвийн алдагдлыг тэглэх зорилт тавьсан. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд төрийн үрэлгэн байдлыг тэвчих хэрэгтэй. Мөн зайлшгүй хийх хөрөнгө оруулалтаа эрэмбэлж хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй. Сумын төвд хүн явдаггүй газар хар зам тавих, шаардлагагүй бизнес, зарим нэг аж ахуйн нэгж байгууллага руу төр мөнгө хийдэг. Эдгээр байгууллага нь эргээд алдагдлаа төсвөөс нөхдөг замбараагүй, эдийн засгийн сахилга бат алдагсан ийм нөхцөл байдлыг бид сайжруулах ёстой.

Манай улс төсвийн алдагдлаа бууруулахын тулд Нэгдүгээрт эдийн засгийн сахилга батыг сайжруулах. Хоёрдугаарт төлбөрийн тэнцэл дээр гол анхаарлаа хандуулах ёстой. Гуравдугаарт томоохон эдийн засгийг хөдөлгөж хөрөнгийн урсгалыг сайжруулах хэрэгтэй байна.

-Манай улс ОУВС-тай хамтарч ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн бодит нөхцөл байдал хэр дээшилсэн гэж та харж байна вэ?

-Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байна. Гэхдээ туйлын хүнд байдалтай хэвээрээ байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр эдийн засгийн гол үзүүлэлт болох төсвийн алдагдал 8, 9 хувьтай байна. Ирэх оны төсвийг найман хувьтай өргөн барьсан. Төсвийн алдагдлаас гадна төлбөрийн тэнцэл ашиггүй байна. Ирэх онд төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 161 сая ам.доллар нэхэгдэж байна. Эдгээр өрийг ирэх оны эхээр төлнө. Үүнээс гадна дотоодын банк, санхүүгийн байгууллагын чадавхи тийм ч сайнгүй байна. Эдийн засаг бодитойгоор сэргэж хөрөнгө оруулалт орж ирэхгүй хэвээр байна.

-Он гараад төлөгдөх Чингис бондын 500 сая, Димсам бондын 161 сая ам.доллар өрийг ямар эх үүсвэрээр төлөх бэ?

-Он гараад төлөгдөх Чингис бондын 500 сая ам.доллар, Димсам бондын 161 сая ам.долларын өрийг дахин бонд гаргаж төлөх болов уу. Тэрнээс өөр боломж нөхцөл байхгүй байна. Одоогоор манай улсад 600 гаруй сая ам.долларын өр дарах хуримтлал байхгүй. Дотоодынхоо нөөц бололцоог ашиглаад төлж болно. Гэхдээ дотоодын валютын нөөцөө шавхаж өр дарвал манайх дотооддоо валютын ханшаа алдах, эдийн засгийн гүн “шок” болох магадлал өндөр.  

-Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр ОУВС-д хүртэл хандаад байгаа шүү дээ. Төрийн албан хаагчдийн цалинг нэхэм боломж бий юу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Байгаа нөхцөл байдлыг ард иргэдэд үнэн зөвөөр нь мэдээлж байх ёстой. Харамсалтай нь зарим нэг хүмүүсийн хэлсэн зүйлээс улбаалан багш, эмч нарын цалинг нэмэх ёстой гэсэн нөхцөл байдал үүссэн. Яг өнөөдөр төрийн албан хаагчдийн цалин нэмэх боломж байхгүй. Аливаа улс орны хөгжлийн гол тулгуур болдог нийгмийн салбарынхаа ажилчид алба хаагчдыг аль болох дэмждэг. Цалингийн урамшууллыг тогтолцоог сайжруулах, урамшууллыг нь нэмж тогтоох, хөнгөлттэй нөхцөөр байр орон сууцанд оруулах зэргээр төрийн албан хаагчдын нийгмийн халамжийн асуудлыг шийдэж өгч байх ёстой. Цалин нэмэх боломжгүй байгаа энэ нөхцөл байдалд ийм яриа гаргасан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Энэ талаар та юу ч мэдэхгүй ээ, Битгий худлаа бураад амьтан хүн үйлмүүлж бай л даа, Зүгээр л гай бололгүй шиг төрийн хоол цуслаад л явж бай. Хэзээ байхдаа дотоодын хувийн сургууль арай гэж төгсчихөөд
2017/10/19 202.70.34.70
Цэвэлээ
Ард түмэндээ үнэнийг хэлээд . Төрийн томчууд . Хувийн баян компаниуд Жавхлан гишүүнтэй нэгдээд . Ард түмэнтэйгээ нийлээд дайраад л гарий даа.
2017/10/19 202.179.31.90