Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээлээ. Дөрвөн давхар бүхий энэхүү эмнэлэгийг “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар “Бадрах инженеринг” ХХК долоон сарын хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр (2017.10.30) албан ёсоор нээлтээ хийсэн тус эмнэлгийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан болон “Хангарьд Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй хүндэт зочид оролцсон юм.
Энэ үеэр хөрөнгө оруулагч тал болох Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ дахин нэг сая юаний өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэхээр болжээ.