8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:У.Хүрэлсүх МАН-ын дарга болж, "SouthGobi Resources” компанийн хувьцаа унажээ

2017-11-22 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

У.Хүрэлсүх: Намаа эвлүүлж, нэг зүг харж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа өчигдөр сонгов.  МАН-ын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр МАН-ын 15 дахь даргаар сонгогдлоо. 

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын тамгаа хүлээж авахдаа хэлсэн үгийг хүргэж байна. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: УИХ ДАХЬ 33, 32 ГЭСЭН БҮЛГИЙН ЯРИА ЭНЭ ЦАГААС ЭХЛЭН ЭЦЭС БОЛЖ БАЙНА

“Энэ түүхэн Их хурлаар МАН-ын дарга гэсэн түүхэн хариуцлагатай үүргийг та бүхнээсээ хүлээж авлаа. Эрхэм хүндэт МАН-ын дарга асан М.Энхболд танд хамгийн сайн сайхныг хүсье. МАН бол эцэг нам. Үүгээрээ бид бахархаж явдаг билээ. Сансарт хүртэл хүн нисгэж чадсан нам. Энэ Монгол Улсыг дэлхийн бүрэн эрхт улс болгож чадсан нам бол МАН.

Улс орондоо ардчиллыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн харилцааг МАН удирдаж, ардчиллыг бий болгосон. Энэ намын үе үеийн эрэлхэг зоригтой аавын хүү, охид тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн.МАН ямар эрх мэдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг бид одоо харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох ёстой. Би цаашид чөмгөө дундартал ажиллах болно. Энэ түүхт намын дарга болж байгаа надад асар их ачаа ирж байна. Төлөөлөгчдийнхөө магтаал, зэмлэл бүгдийг сонслоо. Монголын цаашдын хувь заяа МАН-тай салшгүй холбоотой. МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж ажиллах болно.

 УИХ дахь 33, 32 гэсэн бүлгийн яриа энэ цагаас эхлэн эцэс болж байна. Боловсон хүчин бол шахааны бараа биш. Би намаа мөнгөний нам, компанийн нам болгохыг зөвшөөрөхгүй!Сэтгэлийг нь олоход бие нь хаачих вэ, ард түмнийхээ сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх ёстой. Сэтгэл байвал сэлэмний ирэн дээр ч амьдарч болдог. Сэтгэлээ зориулж ажиллаж байж, бусдын итгэлээр өлгийдүүлнэ. Намаа эвлүүлж, нэг зүг харж, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ. Би лифтэнд сууж, есөн давхарт гарсан хүн биш. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.Батзандан: Д.Эрдэнэбат цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой

Өнгөрсөн долоо хоногийн  УИХ-ын чуулганы хуралдаанаар Солонгос улсад Элчин сайдаар суух Б.Хурцын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Нэр бүхий 21 гишүүний гаргасан хүсэлтийн дагуу Томилгооны сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус томилгооны асуудлаас үүдэж хувь хүн болон төрийн нууцтай холбоотой маш ноцтой асуудлууд нэлээд яригдсан. “Томилгооны сонсгол”-той холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд  ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурц “Ж.Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” хэмээн заналхийлсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн хамгаалалтанд оруулж өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эсрэг байр сууриа дахин илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ТЕГ-ын дарга асан Б.Хурц Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд болсон явдлын талаар гүтгэсэн.Би хуульч хүн, миний амнаас “ална” гэдэг үг гарч байгаагүй. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Б.Хурцтай эвлэр гэж Л.Болд бид хоёрт тулгасан. Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурц хоёр цагдаа дээр мэдүүлгээ нэгтгэсэн. Ер нь Д.Эрдэнэбат бүлэглэлийн гишүүн болсон гэдэг нь харагдаж байна. Энэ тухай би бүлгийн хурал дээр ярьсан. Цаашид бүлгийн дарга байх уу, бүлэглэлийн гишүүн байх уу гэдгээ шийдэх ёстой” хэмээн хэлллээ. 
 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан  хэд хэдэн зүйл шаардаж байгаа аж. Нэгдүгээрт, Дамирангийн Энхбатыг хууль бусаар хулгайлан авчирж, хилс хэрэгт гүтгэн хорьсон. Тэр хүн суллагдсаныхаа дараа удалгүй нас барсан. Түүний гэр бүл “Тагнуулын байгууллага уучлал гуйгаач ээ, монголын төр хүний амь нас хохироочихоод нөхөн төлбөр өгөөч ээ” гэсэн хүсэлтийг удаа дараалан тавьж ирсэн. Үүнийг шийдэх ёстой гэв. Мөн хоёрдугаарт, Эрдэнэт болон Асгатын мөнгөний ордын асуудлыг нэг тийш шийдэгдтэл хүлээгээч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. Гуравдугаарт, С.Зориг агсны хэргийн захиалагчийг ил тод болгож өгөөч гэсэн хүсэлтээ Хуульзүйн сайд Засгийн газарт өгчихсөн байгаа. Засгийн газарт оруулсан асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ агуулгаар нь би 14 хоног гэж хэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэх гурван хүн захиалгат аллага гэсэн зүйл ангиар ял авчихсан байгаа, тэд “монголын төр, ард түмэнд үнэнийг хэлье” гэж байна, тэдний үгийг сонсох хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Эрдэнэбат: Эрх баригчид 60 хүнд үйлчилсэн хуулийг оруулж ирж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнгөрсөн даваа гарагт  /2017.11.20/  хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 21 гишүүний санаачилгаар нийтийн сонсгол явуулах тухай асуудлаар мэдээлэл сонсов. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр /2017.11.22/  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Д.ЭРДЭНЭБАТ:2340 УЛСТӨРЧИЙГ ТӨРИЙН АЛБАНД ХУУЛИЙН ХҮЧЭЭР ОРУУЛАХ НЬ

-Аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна-

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай хамтатгаж хийх нь зөв гэж үзлээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногт салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчид, УИХ-ын гишүүдтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах боллоо.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3.1 хүртэл хувь нь төрийн албанд, төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг энэ хуульд нэмж оруулахаар хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Энэ заалт нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөв, Төрийн албаны тухай хуулийн 14, Сонгуулийн тухай хуулийн тав, Улс төрийн намуудын тухай хуулийн дөрөв, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 заалт гээд нийтдээ 39 заалтыг ноцтой зөрчсөн заалт орж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзсэн. ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог бөгөөд тус орон нутагтаа өөрийн нам эвслээ төлөөлөн хамгийн ихээр улстөрийн үйл ажиллагаанд оролцдог. Төрийн албан хаагч гэдэг бол мэрит зарчимтай улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс энэ хуулийн заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байна" гэлээ. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл рүү алхаж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирж байна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Их Британийн уулчны аминд хүрсэн Б.Гантулгад 16 жилийн ял оноолоо

Их Британийн уулчин 53 настай эрэгтэй С.Нэш Монголд ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэрбээр Архангай аймгийн Хангай сумын Хангай ноёны оргилд гарах гэж яваад бусдын гарт амиа алдсан байдалдтай цогцос нь олдсон юм.Сэжигтэн этгээд нь Архангай харьяат бөгөөд 1981 онд төрсөн 34 настай Б.Гантулга гэгч байжээ. Түүнээс хохирогчдын биед явсан зарим зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авсан. Тухайлбал, талийгаачийн бичиг баримт, онгоцны тиз зэргийг хураан авчээ. Сэжигтэн Б.Гантулга нь өмнө нь 2014 онд эрүүгийн хуулийн хуулийн 145.1-ээр хэрэг үүсгэн шалгагдаж байсан бөгөөд 2016 онд мөн эрүүгийн хуулийн 145.2-оор шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн юм байна. Ийнхүү тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь энэ.

Түүнийг өнгөрсөн баасан гаригт орон нутгийн шүүхэд шүүж улмаар 16 жилийн хорих ял оноосон байна

Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33 градус хүрч хүйтэрнэ

2017 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 23-25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 7-12 метр, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 25-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа 24 сая төгрөг хувьдаа завшжээ

Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж буй багш, эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.  БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа хууль бусаар мөнгө завшсанаас гадна ажил үүргээ гүйцэтгэж явсан нэг багшийг хууль бусаар халжээ. Тус сургуулийн эцэг  эхийн төлөөлөл мэдээлэл хийхдээ "АТГ, УМХГ, Нийслэлийн болон Дүүргийн боловсролын газруудад шалгагдаж байгаа эрх нь түдгэлзсэн энэ хугацаанд үндэслэлгүй тушаал гарган ажилчдыг дур мэдэн халж, оронд нь багшлах эрхгүй танил хүмүүсээ багшаар тавьж хүүхдийн сурч боловсрох нөхцлийг ноцтойгоор зөрчиж байгаа юм.Ө.Алдармаа 24 сая 500 мянган төгрөг өөртөө завшсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон" хэмээн хэллээ. Нийт 500 гаруй эцэг эхчүүд Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлье гэж гарын үсэг зураад байгаа аж. 

Мөн эцэг эхчүүд хэлэхдээ "Хамаатан садан, танил талаа харж мэргэжлийн бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж өмгөөлөн хамгаалуулдаг. Багш ажилчдыг талцуулж өөрт ашигтай шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байдаг болно. Эдгээр тойрон хүрээлж дэмжигчдийг шат дараалалтайгаар шалгаж, шаардлагатай гэж үзвэл ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна" гэв.

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ

Энэ сарын 20-ноос эхлэн 11 дүгээр сарын сарын мөнгийг олгож эхэлсэн байна. Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой.  Өргөдөл өгсөн сараас нь мөнгийг  тооцон олгох юм байна. 

Ж.Мөнхбат: Мянга мянган дэмжигчдээсээ уучлал хүсэж байна

Өчигдөр МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татаж У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар тунаж үлдэж, санал хураалт явуулсан. Энэ үеэр тэрээр “Зугтсан нь биш зүтгэсэн нь хойморьт сууна гэж зарчим хэлж байсан харамсалтай нь энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Энэ зарчим хэрэгжиж чадаагүйд уучлал хүсье. МАН-ыг үнэмлэхүй ялалтанд хүргэсэн М.Энхболд танд талархал илэрхийлье.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй УИХ-ын чуулганы танхимд хэл ам хийж намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн бол намын нөхдөөсөө болон мянга мянган дэмжигчдээсээ уучлал хүсэж байна” хэмээсэн юм.

Б.Аминбөх баривчлагдсанаас үүдэж “SouthGobi Resources” компанийн хувьцаа уналаа

Монголын нүүрсний “SouthGobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн сард Хятадад баривчлагдсан талаар мэдээлэл хүргэсэн Энэхүү мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэнээс хойш  тус компанийн хувьцаа 13.6 хувиар унаж, хувьцааны үнэлгээ сүүлийн нэг жилийн доод түвшин рүү унажээ. Одоогоор тус компанийн хувьцаа 1.5 хонконг доллароор арилжаалагдаж байгаа талаар “www.scmp.com” сайт мэдээллээ.

 Гүйцэтгэх захирал Б.Аминбөхийг өнгөрсөн Залилангийн хэргээр БНХАУ-ын Ражио хотын хорих ангид саатуулжээ. БНХАУ-д саатуулагдаад буй Б.Аминбөх нь өнгөрсөн 2015 онд тус компанийн гүйцэтгэх захирал болжээ. Мөн энэ оны долоодугаар сараас ТУЗ-ийн даргаар ажиллах болсон гэнэ.

 Өмнөговийн “Овоот Толгой” уурхайд олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компани өнгөрсөн есдүгээр сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн улиралд 9.74 сая ам.долларын цэвэр алдагдалтай ажилласан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл