8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэл судлалын туршилтаар тогтоогдсон гайхмаар 10 ололт

2015-11-19 08:13:00

1. Амьдралд “жижиг” зүйлс илүү чухал. Амьдралд тохиолддог томоохон үйл явдлууд бидэнд илүү чухал, жишээлбэл төгсөлтийн баяр, хурим, шинэ хүү мэндлэх гэх мэт. Гэтэл эдгээр томоохон үйл явдлууд сайн сайхан амьдрахад бидний боддог шиг их чухал нөлөөтэй байддаггүй аж. Харин өдөр тутмын амьдрал дах “жижигхэн” үйл явдлууд сайн сайхан амьдралд илүү чухал үүрэг гүйцэтгэдэг. Яг л ажлын байран дээрээ жижиг, жижиг асуудлуудыг шийдсэнийхээ дараа маш их сэтгэл ханамж авдагтай адил. Түүнчлэн, хүний аз жаргалтай амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь: сайн унтаж амрах, ажлын байран дээрх бага зэргийн уналт-сэргэлт, найз нөхөд болон гэр бүлийн харилцаа гэх мэт, өөрөөр хэлбэл эдгээр “жижигхэн” зүйлс биднийг аз жаргалтай болгодог байх нь.

2. Гайхамшигт олон-үйлдлийн чадвар. Дадлага хийснээр нэгэн зэрэг уншиж бас бичих чадвартай болох боломжтойг та мэдсэн үү? Хүмүүс өөрсдийн боддогоос ч илүү их зүйлсийг хийх чадвартай тэгээд бүр нэгэн зэрэг олон үйлдлийг шүү.

3. Бодлоо дарж хориглох нь сөрөг нөлөөтэй. Сэтгэлээр унаж, ямар нэг зүйлд санаа зовсон үед хүмүүс ихэвчлэн “энэ талаар бодохгүй байсан нь дээр, бодлоосоо гаргаад хаячих!” гэж зөвлөдөг. Энэ бол маш муу зөвлөгөө юм.  Өөрийн бодлыг дарж хориглох нь их сөрөг нөлөөтэй.  Яг л ягаан зааны тухай битгий бодоорой гэхэд бодохгүй байж чаддаггүйтэй адил. Дарж хориглогдсон бодол эргэж ирэхдээ өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү хор уршигтай болсон байдаг.

4. Хоёр ( гурав, дөрөв...)-олуулаа байх нь ганцаараа байснаас “дээр” гэсэн үг биш. Хайрцагнаас гадуур сэтгэхийг хүсч байна уу? Тэгвэл сэтгэл судлалын судалгаагаар бүлэг дотор байгаа хүн: залхуурах, ярьж байх үедээ өөрийн санаагаа мартах, бусад хүмүүс юу гэж бодох бол гэхээс санаа зовох зэрэг хандлагатай байдгийг тогтоожээ. Тиймээс шинэ санаа бодож олох, брейнсторм хийх үедээ ганцаараа байх нь илүү дээр, харин нэгэнт олчихсон шинэ санаагаа бүлгийнхээ гишүүдтэй хэлэлцээрэй.

5. Сохор сонголт. Бид үргэлж “яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ?” гэдэг шалтгаанаа мэддэг билүү? Жишээлбэл, танд яагаад энэ залуу/бүсгүй таалагддагийг та мэдэхүү?  Заримдаа бид өөрсдөө шалтгааныг нь мэдэхгүй ч сонголт хийдэг, шийдвэр гаргадаг. Яг л бид хайртай хүндээ яагаад хайртай болсноо мэддэггүйтэй адил. Энэ нь бидний оюун санаанд юу болж байдгийг бид маш бага хэмжээнд ухамсарладгийн нэг жишээ юм.

6. Зөгнөл (фантаз) сэдлийг бууруулдаг. Хүмүүс өөрсдийгөө сэдэлжүүлдэг нэг арга нь ирээдүйн талаар уран зөгнөж “фантазлах” юм.  Учир нь ирээдүйнхээ талаар эерэгээр төсөөлөх нь биднийг зорилгоруугаа тэмүүлэх сэдлийг өгнө гэж боддог. Тэгвэл сэтгэл судлаачид, ирээдүйн амжилтын талаар эерэгээр бодож фантазлах нь үнэндээ сэдэлд муугаар нөлөөлдөггэдгийг анхааруулж байна. Энэ нь хэт ирээдүйдээ төвлөрөх эсвэл бодит байдлаас халих аюултай. Тиймээс фантазлахынхаа оронд бодит дүгнэлт өгч бодитоор сэтгэх нь “дээр” бололтой.

7. Дарангуйлалд дуулгавартай байдал. Ихэнх нь хүмүүс өөрийгөө биеэ даасан бодолтой хүн гэж итгэдэг. Гэтэл Стэнли Милграмын алдарт туршилтаар: нийт оролцогчдын 63% нь туршилтыг удирдагч зогс гэж хэлэх хүртэл нөгөө хүнээ тогоор цохиулсаар байж, бүр тогонд цохиулж байгаа хүн орилж, гуйж, амь тэмцэж байхад хүртэл үргэлжлүүлсээр байсан байна. ( Энэхүү туршилтын талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл манай блогын ‘Сэтгэл судлалын түүхэн дэх 10 аймшигтай туршилт’нийтлэлийг сонирхоорой.) Нөхцөл байдал бидний үйл хөдлөлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг ч бид тэр бүр анзаардаггүй бололтой.

8. Пласебо эффект. Аспирин уусны дараа хэдхэн секундэд толгойны өвчин намдаж байгаа юм шиг санагдаж байсан уу? Аспирин мансууруулах бодис биш учир ууснаас хойш ядаж 15 минутын дараа үйлчлэх ёстой шүү дээ.  Энэ бол пласебо эффект юм, өөрөөр хэлбэл оюун ухаан тань эм уусан гэдгийг мэдэж байгаа учраас бие тань дээрдсэн мэт санагдаж байгаа юм. Тэр ч бүү хэл зарим судалгааны үр дүнгээр Прозакын үйлчилгээний  (сэтгэл гутралын эсрэг эм) 80% нь зөвхөн пласебо эффектийн нөлөө гэж үзжээ.

9. Хий юм харах нь хэвийн үзэгдэл. Хий юм хардаг хүмүүсийг сэтгэцийн өөрчлөлттэй, хэвийн биш гэж хүлээж авах хандлагатай байдаг.Тэгвэл энэ талаарх судалгааны үр дүнгээр 3 хүн тутмын 1 нь амьдралдаа ямар нэг байдлаар хий үзэгдэл харж байсан гэж хариулсан бол 20% нь сард ядаж нэг удаа, 2% нь долоо хоногт нэг удаа хардаг гэж хариулсан (Охаюн, 2000). Үүнтэй адилаар, “хэвийн”  хүмүүст ч ихэнхдээ паранойд бодлууд бодогдож байдаг аж. Охаюны судалгаанд оролцогчдын 40% нь мөн л ямар нэг байдлаар паранойд бодлууд бодож байсан гэсэн үр дүн гарчээ. Тэгэхээр бидний ихэнх нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг үү?

10. Танин мэдэхүйн зөрчил (cognitive dissonance). Бид хоёр эсрэг утгатай ‘зөрчилдсөн’ мэдээллийг  хүлээж авахдаа ухамсаргүйгээр нэгийг нөгөөд нь нийцүүлж хувиргаж хүлээж авдаг. Жишээлбэл авилгал авч/өгч байгаа хүмүүсээс шалтгааныг нь асуухад “бүгд л ингэдэг шүү дээ” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл үнэнч шударга байх нийгмийн хэм хэмжээ болон авилгал авах нь хоорондоо зөрчилдөх үед   “бүгд л ингэдэг шүү дээ” гэсэн бодлоор нийгмийн хэм хэмжээг хувиргаж байгаа хэрэг.

Сэтгэл Судлаач Б. Алтанцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл