Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
BBC: "Монголын нүүдэлчин гэр бүл дотоод асуудлаа өөрсдөө зохицуулдаг"
Их Британийн ВВС агентлагийн сурвалжлагч Грейс Браун Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сурвалжлага бэлтгэсэн байна. Монголд гурван гэр бүлийн нэг хүн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар бичжээ. ВВС агентлагийн сурвалжлагч Грейс Браун Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нэг эмэгтэйтэй уулзаж, ярилцсан байна. Монголын гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн сурвалжлаганд юу гэж бичсэн талаар мэдээлэл хүргэе.
Гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон 36 настай Цэрэнханд гэх эмэгтэй анх 2004 онд хотод их сургуульд сурахаар ирээд нөхөртэйгөө танилцжээ. Цэрэнханд нөхөртэйгээ танилцаж, улмаар гэрлэсний дараа хүчирхийлэлд өртөх болсон байна. Цэрэнхандыг нөхөр нь гурван хүүхдийнх нь өмнө зодож, хүчирхийлж байсан тухайгаа нулимс дуслуулан бидэнд ярьлаа. Нөхөр нь түүнд 2009 онд гар хүрсний улмаас бүсгүйн нэг нүдний хараа 90 хувиар муудсан байна. Монголд гурван гэр бүл тутмын нэгд гэр бүлийн хүчирхийлэл тохиолдсон байдаг. Цэрэнханд шиг бүсгүйчүүд 90 хувийг нь эзэлдэг аж. Цэрэнханд Улаанбаатарын цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Тэрбээр хүчирхийлэлд өртөж, таван удаа цагдаад дуудлага өгч байсан ч энэ нь тийм ч үр дүнтэй байгаагүй гэнэ.
Цэрэнханд 2016 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүчирхийлэлд өртсөнийхөө дараа нөхрийгөө унтаж байхад такси дуудаж, бага охиноо дагуулан зугтсан байна. Дараа нь хоёр хүүхдээ сургуулиас нь нууцаар авчээ. Тэрбээр хэдэн сарын турш сүмд амьдарч, нуугдсан байна. Гэтэл тун удалгүй нөхөр нь түүнийг олж, чирж гулдарч, сүмээс авч явсан байна. Тухайн үед Цэрэнханд “Ойр хавьд байсан хүмүүсээс тусламж гуйсан ч хэнч ирээгүй” хэмээн ярьлаа. Тун удалгүй Цэрэнханд нөхөртөө зодуулж, эмнэлэгт хэвтсэнээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төвд хандаж, орон байраар хангагдаж, хууль зүйн зөвлөгөө авчээ. Цэрэнханд гэр бүлээ бодож эрүүгийн хэрэг үүсгэхийг бодсонгүй. Тэрбээр нөхрөөсөө чимээгүй салахыг хүсч байсан аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ОРОН НУТАГ: Чандмань багийн айл өрхүүд үеэрт автах вий гэсэн айдастай амьдарч байна
Яг одоогоос жилийн өмнө Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах Чандманий нэгдүгээр багийн айл өрхүүд шар усны үеэрт автаж байсан. Тухайн үед газар хагарч их хэмжээний ус тэлснээс болж Чандманий айл өрхүүд үеэрт автаж Улсын онцгой коммис шуурхай баг гаргаж ажиллаж байсан. Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр Чандманий айл өрхүүдэд нүүрлээд байна.
Тодруулбал, Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандманий Хиймэл нуурын далангийн хоолой цоорч ус алдаж эхэлсэн байна. Үүнээс болж тэр хавийн айл өрх шар усны үеэрт автах нөхцөл байдал үүсчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудад ирсэн аж.
Уг дуудлагын дагуу аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газрын хамт олон, “АЗЗА” төрийн өмчит компанийн ажилчидтай хамтран хоёр өдрийн турш ажиллаж нуурын далангийн хоолойд модон шаантаг хийж одоогоор усыг нь түр тогтоогоод байгаа аж.
Энэ талаар аймгийн Хот тохижилт, үйлчилгээний газраас тодруулахад "Энэ дуудлагын авсан даруйдаа газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Үүссэн нөхцөл байдалд Хот тохижилт, үйлчилгээний газар болон “АЗЗА” төрийн өмчит компанийн баг гаргаж өөрсдийн нөөц бололцоогоо ашиглана ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Одоогоор далангийн хоолойны хагарсан хэсгийг тагласан" гэв.
Б.Намхай: Айл өрхүүд шар усны үеэрт автах нь гэсэн айдастай байна
Харин Чандманий Нэгдүгээр багийн иргэн Б.Намхайгаас тодруулахад "Өнгөрсөн өвөл газар хагарч ус тэлснээс бол Чандманий айл өрхүүд шар усны үеэрт автаж байсан. Энэ жил хиймэл нуурын хоолой задарч ус алдаж байна.Энд амьдарч байгаа айл өрхүүд үеэр автах аюултай нөхцөл байдалтай байна. Би Чандмань гэдэг газарт насаараа амьдарч байгаа. Жилийн жилд манай энд ус тэлэх, шар усны үеэр буух нөхцөл байдал байнга үүсдэг. Энэ болгонд холбогдох байгууллагын хүмүүс ирээд аргалаад өнгөрүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Сангийн сайдын журмыг үндэслэн үр ашиггүй зарцуулалт хийжээ
Энэ оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, ажилласан байна. Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг. Шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг. Жишээлбэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг баримтлан 2016 онд
Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан зөрчил илрүүлсэн байна. Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.
Э.Идэрцог: УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой 300 мянган ам.долларын албан бичиг ирсэн
Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц “УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Энэ хэргээс болж, хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн. Тус зэвсгийн наймаанаас болж, Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан гэсэн мэдээллийг өгсөн.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог энэ асуултанд хариулт өглөө. Комиссар Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгостой 300 мянган ам.долларын хэрэгт холбогдсон талаар албан бичиг АТГ-т ирсэн. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.
Ж.Энхбаяр: Би зөвхөн УИХ-ын гишүүний ажлаа нэр төртэй, үр бүтээлтэйгээр гүйцэтгэх болно
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-У.Хүрэлсүх сайдыг намын дарга болсноор таныг УИХ-ын дарга болохоор тохироо хийгдэж байна гэсэн мэдээлэл байгаа. Улс төрийн иймэрхүү мэдээлэл явсаар үнэн болж хувирдаг нь олон. Тэгэхээр таныг М.Энхболдын оронд УИХ-ын дарга болно гэж ойлгож болох уу?
- Шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй мөн МАН-ын их хурал саяхан болж өнгөрсөнтэй холбоотойгоор санаатай, санамсаргүй олон мэдээлэл нийгэмд түгээд байна. Миний хувьд Ж. Эрдэнэбатын засгийн газар огцрох тухай яригдаж эхлэх үеэс л мэдэгдэж байсан. Би энэ засгийн газарт орж ажиллахгүй, албан тушаал хашихгүй.
-Засгийн газарт орж ажиллахгүй ч таныг УИХ дахь намын бүлгийг удирдаж ажиллана гэсэн мэдээлэл бас яваад байгаа үүн дээр таны байр суурь?
- Надад ямарч төрийн байгууллага, улс төрийн том албан тушаалыг хаших чадвар байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ миний үүрэг бол УИХ дотроо байгаа. Би сонгогчиддоо амласан. Миний хувьд эрх мэдэл албан тушаалын хойноос хөөцөлдөхгүй ээ. Их хурлын гишүүний ажлаа л нэр төртэй, үр бүтээлтэйгээр гүйцэтгэх болно. Эх сурвалжгүй, цуурхал төдий мэдээлэлд автахгүй байхыг сонгогчдоосоо хүсье.
Амралтын өдрүүдэд 82 согтуу жолоочийг саатуулжээ
Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгджээ.
Эдгээр өдөр Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 407 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т амиа алджээ.
15-34 насныхан сүрьеэгээр өвчлөх нь их байна
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж сүрьеэ өвчнөөр 200 гаруй хүн нас барж байна. Сүрьеэ өвчин нь хүний амь насанд хамгийн аюултай 10 өвчний нэг юм. Сүрьеэгийн тохиолдлыг авч үзвэл Улаанбаатар хотод 58.6%, хөдөө орон нутагт 39.7% хорих анги байгууллагад 1.7%-тай бүртгэгдсэн байна.
Монгол улсад эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл, нас баралт нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
Манай улсын 15-34 насны иргэдийн дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байна. Мөн 65-аас дээш насны иргэд өвчлөлд илүү өртөж байгаа аж. Сүүлийн 5 жилд хийгдсэн судалгаагаар Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймгууд болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт сүрьеэгийн өвчлөл улсын дунджаас өндөр гарчээ.
Сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж группт орж буй иргэдийн тоо жил бүр өсч байна. 2012 онд уг өвчний улмаас 1755 хүн групп тогтоолгож байсан бол өнгөрсөн жил 2380 болж 625 тохиолдлоор нэмэгджээ.
Удаан хугацаагаар ханиалгах, цэр гарах, турах, цээжээр өвдөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Ирэх сард цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) аймгуудын нутаг гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд "Урьдчилан анхааруулах мэдээ", "Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ" гаргаж радио, телевизээр нийт ард иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол "Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ" гаргаж "Харанга" дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага "Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ"-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.
Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн Улсын онцгой байдлын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлийн хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.
Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын "Урьдчилан мэдээлэх хэлтэст" гэсэн хаягаар ирүүлнэ.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Арванхоёрдугаар сарын агаарын температурын уур амьсгалын дундаж нь Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр -22..-290С, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор -9..-150С, бусад нутгаар -16..-210С байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1984, 2001, 2002, 2005, 2009, 2011, 2012 онд ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 2-6 градусаар хүйтэн байж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр -47..-550С, Арвайхээр, Цэцэрлэг орчим болон Өмнөговийн нутгаар -30..-350С, бусад нутгаар -39..-440С хүрч хүйтэрсэн бол 1987-1990, 1995-1999, 2013-2014 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур Өмнөговийн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд хэсэг, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор +9..+150С, бусад нутгаар +1..+70С хүрч дулаарсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
М.Даваажаргал: Сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна
Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё өчигдөр дуусч Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, түүхэн амжилт тогтоолоо. Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүү хүртсэн анхны бөх болж байгаа юм. Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна. Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсч байна. 40 дэх удаагаа түрүүлэх боломжтой гэдгээ мэдэж байсан. Үүнийгээ тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр сайн мэдэрч байсан” хэмээн хэллээ.
Орон нутагт зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Замын цагдаагийн албанд нийт 577 дуудлага, мэдээ мэдээлэл ирсний 407 ньзам тээврийн ослын дуудлага байжээ.Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж, шалгаж байна. .
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10 осол, мөргөлдөх хэлбэрээр 15 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч хоёр, явган зорчигч гурав бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Баянгол дүүргийн Жамсранжавын гудамж, “Номин” их дэлгүүрийн арын 14а-байрны баруун замд амины Kia Bongofrontier маркийн автомашины жолооч нь Toyota Toyoace маркийн автомашины М жолоочтой мөргөж ослын газрыг орхиж зугтаасан хэргийг шалгаж байна.