Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирвэс, хамгаалагч залуу учир битүүлгээр нас барсан. Талийгаачийн учир бүтүүлэг үхлийн үнэн мөн одоо ч илрээгүй, шалгаж байна. Тус хэргийн талаар талийгаачийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.
-Талийгаачийн аав ирээд УИХ-ын гишүүд болон Хууль зүйн сайдтай хүртэл уулзлаа. Хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байна уу?
-Одоо хэрэг Улаабаатарт нэгтгэгдэн шалгагдаж байгаа өмнө нь халдлагад өртөж байсан хэргүүд мөн шалгагдаж байгаа. УМБГ-т Л.Идэрцог гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгаж байна. Хууль зүйн сайд болон УИХ-ын гишүүд аавыг хүлээж авч уулзсан. Аав сэжиглэж байгаа бүх хүмүүсээ хэлсэн гэсэн. Хэргийг үнэн мөнөөр шалгана гэдэгт итгэж байна.
-Талийгаачийн хэргийг ямар зүйл ангиар шалгаж байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас талийгаачийн хэрэгтэй холбоотой мэдээлэл хийсэн байна лээ. Тус мэдээлэлтэй санал нийлэхгүй зүйл олон байна. Энэ хэргийг анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ 95.2 буюу амиа хорлосон гэсэн зүйл ангиар шалгаж эхэлсэн. Энэ шалгаж байгаа зүйл анги өөрөө маш их эргэлзээ, хардлагыг төрүүлж байгаа. Уг нь бол бусдыг санаатайгаар алсан гэсэн зүйл ангиар шалгах ёстой байсан. Уснаас олдсон юм чинь өөрөө живээд үхсэн юм байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж байгаа өөрөө зохимжгүй. Цагдаагийн байгууллага бол тухайн хэргийн бүх төрлийн сэжиг таамгыг нотлох ийм л үүрэгтэй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж явж байхад гэмт хэргийн шалтгаан нөхцөл одоо болтол тодорхой болоогүй байхад ийм мэдэлээл өгч байгаад санал нийлэхгүй байгаа.
-Одоо шалгаж байгаа зүйл ангиа өөрчлөөд шалгах боломжтой биз дээ?
-ЦЕГ-ын дарга Р.Чингис, Улсын Ерөнхий прокурор Энхамгалан нарт хүсэлтээ гаргасан. Мөрдөн байцаагч хяналт тавьж байгаа прокурор зүйл ангийг нь өөрчлөх эрхтэй. Бусдад алуулсан байх боломжит бүх хувилбараар шалгалтын ажиллагаа явуулах ёстой.
-Талийгаачийн амиа алдсанаас хойш сэтгэцийн өвчтэй, амиа хорлосон гэх мэтчилэн сөрөг мэдээлэл их гарлаа. Ингэж харагдуулахыг хүссэн хэнд ямар ашиг сонирхол байна вэ?
-Өмгөөлөгчийн зүгээс харахад маш том ашиг сонирхол байгаа. Талийгаачтай хамгийн их зөрчилдөж байсан зүйл нь уул уурхайн компаниуд. Тост, тосон бумбын нуруунд лезинзтэй компаниудыг цуцлуулна , хууль бус алт олборлогчид, хулгайн анчидтай гар хоосон ганцаараа тэмцэж байсан. Энэ нь уул уурхайн компаниудын ашиг сонирхолыг хөндсөн байж болзошгүй. Өмнөговь аймагт халдлагад өртсөн, хотод барьцаалагдаж байсаны шалтгаан байх бүрэн боломжтой. Шалтгааны энэдээс л хайх ёстой. Холбогдох уул уурхайн компаниудыг дуудаж сэжигтэнээр татах ёстой. Энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагын ёс зүйгүй асуудал мөн байгаа. Өмнө нь Өмнөговь аймагт хутгалуулсан байхдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байхад цагдаагийн албан тушаалтан хоёр гурван хоногийн дараахан “өөрийгөө хутгалсан байна” гэсэн цуу яриа дэгдээж явсан ийм асуудал байгаа. Цагдаагийн байгууллага хүн хутгалууллаа, шарх сорив нь байхад хутгалсан хүнийг хайх ёстой байтал өөрийгөө хутгалсан байна гээд яриад байж болохгүй. Аав нь ч гэсэн энэ талаар гомдолоо гаргасан, хариуцлага тооцсон юм байхгүй байгаа. Мөн энэ хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газраар шалгуулмааргүй байна. Тус цагдаагийн хэлтэсийнхэн талийгаачаар тоог тохуу хийдэг, дарамталдаг байсан. Амьд ахуйд хутгалуулчихлаа, шалгуулая гэхээр нөгөө цагдаа нь “чамайг өөрийг нь чинь шалгана шүү” гэж дарамталдаг байсанаас харахад тухайн хүнд ямар хэцүү байх вэ. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг гэмт хэрэг илрүүлэх, баримт бүрдүүлж, ял шийтгэл оноох л чиг үүрэгтэй. Гэтэл ийм үүргээ тэд биелүүлж чадаагүй.
-Амиа алдахаас өмнө хийсэн байж болзошгүй хоёр бичлэг байгаа. Энэ бичлэгийг нэг хүний дуу хоолой байна гэж цагдаагийн байгууллагаас үзсэн. Үүнтэй санал нийлэх үү?
-Дуу хоолойны бичлэгийн тухайд бид хоёр хүний дуу хоолой л гэж үзэж байгаа. Хүн амиа хорлох гэж 1000 ки явахгүй. Байшин дээрээс үсрэх гэртээ ч юм уу амиа хорлож болно, заавал машинтайгаа өдөржин шөнөжин давхиж гэрийнхээ хаяанд очиж амиа хорлох уу. Талийгаач өөрөө хатгалд өссөн. Өөрийнхөө шүтэж явдаг, хайрладаг энэ далайд очиж амиа хорлохгүй. Мөн 11 сарын далайн хүйтэн усанд эргээсээ 50, 60 метр яваад 25 метрийн гүн рүү орж амиа хорлох уу. Хэрвээ тэр хүн амиа хорлохоор байсан бол 2м усанд живж үхэх байсан. Амиа хорлосон гэж үзэхэд эргэлзээтэй маш олон үндэслэл байгаа. Удаа дараа халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдэж байсан. Мөн гар утасны бичлэгээс сонсоход формны голууд, завьтай хүн ирлээ ч гэж хэлж байгаа. Завьтай хүн гэж ирээд алчихсан юм биш биз гэж хардахаар ноцтой баримтууд байхад амиа хорлосон болгох ажиллагаа явуулаад байна. Энэ хэргээс харахд талийгаачийг маш нарийн зохион байгуулалттай мэргэжлийн хүмүүс алсан байж болзошгүй.
-Талийгаачийн дүү нарыг бас дарамталсан гэж аав нь нэг удаа ярьсан байсан. Энэ талаар таньд хэлсэн үү?
-Энэ хэргийн талаар маш олон баримтууд байгаа гэж аав нь хэлдэг. Одоо энэ шалгаж байгаа хүмүүст итгэж өгөхгүй байна. Хүүг минь амиа хорлосон гэж үзэж байгаа хүмүүс чинь хэргийн талаар баримтууд өгөхөөр устгаад хаячихна гээд итгэж өгөхгүй байгаа. Гэхдээ баримтууд хуулийн байгууллагад гаргаж өгөх байх. Дүүг дарамталсан талаар аав нь ярьж байсан. Холбогдох байгууллагад гомдолоо гаргаад шалгаад явах байх.
-Талийгаач хотоос гараад явж байгаа ганцхан бичлэг л цацагдсан. Хатгал орох хүртэл өөр камерт өртсөн байж таарна. Үүнийг цагдаагийн байгууллага шалгасан уу?
-Цагдаагийн байгууллага шалгасан байх, би яг энэ талаарх мэдээлэлийг мэдэхгүй байна. Хотоос гараад явж байгаа камерт талийгаач ганцаараа машинаа бариад явсан байдаг. Харин ард нь хүн сууж байгаа эсэх нь харагдах боломжгүй. Мөн телевиз, сайтаар гараад байгаа гар утасны бичлэг байна. Гар утсан дээр байгаа бичлэг нь бол маш аажуухан, шивнэж ярьж байгаа бичлэг байгаа. Зурагтаар гаргахдаа дууг нь чангалсанаас сонсоход зүгээр өөрөө ярьж юм шиг хүмүүст сонсогдож байгаа. Талийгаач ул мөр үлдээхийн тулд гар утсандаа нууц бичлэг хийсэн, ийм л юм байгаа. Хэргийн газрыг үзлэгийн маш хөнгөн хангалтгүй хийсэн. Энэд элс байна, энэ элс далайд байдаг зүйл биш, говь газар байдаг элс байна, өөр хүний ул мөр байна, дээж аваач. Машины үрүүл, гадна талаас нь хурууны хээ аваач гэж аавыг хэлэхэд хэлэхэд “та юугаа мэддэг юм бэ, бид нар мэдэж байна” томорсон байгаа юм. Цагдаагийн байгууллага бүгдийг мэддэг, чаддаг байж болно, аливаа гэмт хэрэг илэрхэд нутгийн иргэдийн сэжиг таамаг хэрэгтэй байдаг. Би бүгдийг нь мэддэг та юугаа мэддэг юм бэ, гэдэг байдлаас хандаж болохгүй. Хэргийн газраас хурууны хээ аваагүй, хэргийн газрын үзлэгийг маш муу хийсэн. Цагдаагийн байгууллагатай санал зөрж байгаа хоёр, гурван зүйл байна. Яагаад эрүүгийн хуулиар 95 зүйл ангийг үүсгээд байгаа юм бэ, үүнийг 91-ээр үүсгэж энэ гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн хүмүүсийг олооч гэж хэлэх байна. Цагдаагийн байгууллагад энэ үнэн зөв шүүж илрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.