-27o
Улаанбаатар хот
mobile menu

Амьсгалын замын өвчлөлийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөлөө

2017-12-19 16:07:15

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллалаа.

Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний үед үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ТТТӨ-ний үед авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дүүргийн “Хүүхдийн кабинет”-ийн үзлэгийн цагийг уртасгаж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн тасагт нэмэлтээр эмч, сувилагч хуваарилах зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлт ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшин суралцаж байгаа эмч болон сувилагчийг нэмэлтээр ажиллуулж байгаа юм байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд, хүүхдийн нэгдсэн эмнэлгээс гадна Ахмад настны эмнэлэгтээ 60 ортой хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж байна.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийн орны тодорхой хэсэгт болон хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөөнд нэмэлт ор дэлгэж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаагаа дуулгалаа.

Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ амьсгалын замын халдварт өвчин ихсэхийн хэрээр дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Ялангуяа ханиад томууны өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа. Томуу, томуу төст өвчний шинэ тэмдгээс үзвэл, өвчлөл эхлээд удаагүй байхдаа хүндрэх магадлал нэлээд эрчимжиж байгаа нь ажиглагдсан. Тиймээс эцэг, эхчүүд олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, дархлааг нь дэмжих, вакцинд хамруулах тал дээр сайтар анхаарах ёстойг санууллаа.

Ялангуяа эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт ирэхдээ өвчлөөгүй хүүхдээ ч мөн дагуулж ирж байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цаашид халдварт өвчнөөс өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга замуудаас суралцаж, эрүүл мэндийн мэдлэг, хандлагаа дээшлүүлэх, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт болон эмч ажиллагсдад зөвлөлөө.

Мөн амьсгалын замын цочмог халдварт өвчлөл гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад зөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment