Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Монголчууд жилдээ ганц болдог сар шинийн баяраар идээ ундаагаар элдэг, дэлбэг байвал тэр жилдээ тийм байна хэмээн билэгшээдэг. Энэ ч утгаараа байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч хамаагүй чадлынхаа хэрээр л сар шинийн баярт бэлддэг. Тэгвэл уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан нийслэл хотод хэд хэдэн газар үзэсгэлэн худалдаа гарч байгаа. Тэдгээрийн нэг “Мишээл” экспог манай сурвалжлах баг зорьсон юм. Хэдийгээр ойрын өдрүүдэд эрс хүйтэрч байгаа ч “Мишээл экспо” үзэсгэлэн худалдааны төвийн гадна цагаан идээ, хонины ууц, хөлдөөсөн чацаргана зэргийг эгнүүлэн тавьжээ. Худалдаачдаас наймаа ямар байгаа эсэхийг тодруулахад “Энэ жил иргэдийн худалдан авалт харьцангүй муу байна. Ер нь манай иргэд цагаан идээгээ цагийг нь тулгаж байж авдаг. Энэ жил ч мөн тэгэх байх гэж бодоод зогсож байна” хэмээлээ. Цагаан идээний хувьд Архангай аймгийн цагаан идээг иргэд авах сонирхолтой байдаг. Тиймдээ ч жил бүрийн өдийд Архангай аймгийн цагаанд идээ, Булганы айраг зэрэг бүтээгдэхүүнүүд эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Үүнийг далимдуулж гурилтай ааруул, ямар нэг хольцтой айраг зэрэг иргэдийг хулхидах тохиолдол цөөнгүй гардаг аж. Тиймээс нийслэлийн иргэд энэ мэт нэг дор цугласан үзэсгэлэн худалдаанд оролцож буй малчдаас худалдаж авсан нь найдвартай гэдгийг хэлж байна
Ааруул- 1 кг 12,000-20,000 мянган төгрөг
Шар тос- 10,0000 мянган төгрөг
Аарц- 1 кг 3000 мянган төгргийн ханштай байсан.
Дотогш ороход ихэвчлэн Монгол үйлдвэрлэсэн дээл, бүс, гутал, малгай, түрүүвч, шаазан аяга гэх мэт төрөл бүрийн бараа байлаа. Хөөрөгний даалингийн хувьд хийцээс шалтгаалан 3000-450.000 төгрөгийн үнэтэй байна. 450 мянган төгрөгийн даалин нь зүү ороож хийсэн учир ийм үнэтэй аж.
Сүүлийн жилүүдэд манайд бүх төрлийн гутал хийдэг болсон. Үнийн хувьд хийц, загвараасаа шалтгаалан лангуу болгонд өөр үнэтэй байсан юм.
Иргэдийн сонирхлыг татаж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг бол шаазан аяга байсан юм. Шаазан аяга нь дээр 12 жилийн зурагнаас өөрийн хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой. Учир нь шаазанг урд хөршид үйлдвэрлэж, зургийг нь эндээ хийдэг байна. Үнийн хувьд 2000 төгрөгийн ханштай. Мөн улсын 55 цолтой бөхийн зурагтай хөзөр байгаа аж. Хэрвээ та хүсвэл ямар ч зургаар хийлгэж болох юм байна.
Монгол дээл нь 200 мянган төгрөг. Харин худалдагчдын ярьж буйгаар “Энэ жил иргэд энгийн Монгол дээл их сонирхож авч байна. Өнгөний хувьд тод өнгөнөөс татгалзаж аль болох завсарын өнгийг сонгож байна” гэсэн юм.
Дээлний хувьд загвар, өнгө, материалаасаа шалтгаалаад үнэ өөр байгаа аж. "Сүүлийн үеийн загвартай цамцнууд 50.000-70.000 хооронд байгаа. Харин үндэсний дээл материалаасаа шалтгаалаад өөр үнэтэй. Эмэгтэй дээл 200.000-350.000, эрэгтэй дээл 350.000-500.000 төгрөгийн үнэтэй. Энэ жил иргэд дээлийн материалын хувьд торго гэхээс илүүтэй даавуун материалтай дээл их сонгож байна. Мөн зөвхөн цагаан сар гэлтгүй энгийн үед өмсөж болохоор Монгол цамц их сонгож байгаа." хэмээн худалдагч ярьсан юм.
Халуунаа барьдаг домбо 1 сая 300 мянгаас 1 сая 500 мянгын хооронд байна. Зэс, мөнгө гэж хоёр янз байгаа. Нэг бүрчлэн гар аргаар хийдэг учир ийм үнэтэй байдаг аж. Харин идээ, шүүсээ тавьдаг мөнгөн царнууд нь хосоороо 5 сая төгрөг.
Харин зэсэн домбо царнууд 250.000-350.000 мянгын хооронд байна
Лангуу болгонд чулуунаас шалтгаалан хөөрөгний үнэ өөр өөр байлаа. "Жил болгон энэ үзэсгэлэн худалдаанд оролцдог. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар муу байна. Манай хөөрөгнүүд 30.000-3 сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Харин хусуур 150-200 мянган төгрөгийн хооронд байгаа" хэмээн эртний эдлэл худалдаалж буй худалдагч хэлсэн юм.
Эрэгтэй бүс 25.000-80.000 харин эмэгтэй бүс 5.000-40.000 үнэтэй.
Малгайны хувьд хийц, булганы сорноос шалтгаалан 190.000-250.000 мянган төгрөгийн үнэтэй байна.
Б.Дорж