2017 он улиран одож, 2018 он айлчлан ирэхэд цөөн хэдэн хоног үлдлээ. 2017 оны хамгийн сүүлийн ажлын долоо хоног ийнхүү эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга нарыг авлигын хэргээр яллагдагчаар татжээ
АТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ дагуу арванхоёр дугаар сард хийсэн хяналт, шалгалтынхаа талаар АТГ өнөөдөр мэдээлэл хийлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200 орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. 412 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо өссөн байна. Төрийн тусгай албан тушаалтан 140 хүн холбогдсон 129 хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. МХЕГ-ын хэлтсийн дарга нар бүлэглэн хүнсний бүтээгдэхүүн, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо хүнд суртал гарган, их хэмжээний мөнгийг авсан болох нь тогтоогдож, яллагдагчаар татжээ. Хурлын дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-"Монголросцветмет"-ийн захиралыг саатуулан шалгасан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-"Монголросцветмет" компанийн ерөнхий захирал Д.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, түүхий эд ийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан, эдгээр гэрээнд албан тушаал, авилга, гэмт хэргийн шинж байж болзошгүй, улмаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-МХЕГ-ын байцаагчид хахууль авсан хэргээр баривчлагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-МХЕГ-ын газрын алба, хэлтсийн дарга нарыг 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэж бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтайт түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж удаашруулах, хясан боогдуулах замаар нэр бүхий аж ахуй нэгжээс их хэмжээний мөнгө хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон. Прокурорын зөвшөөрөлтэйгээр хийгдсэн нэгжлэгээр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас нь нийт 500 гаруй сая төгрөгийн валют хурааж авсан. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж байгаа.
АТГ-ын өнөөдрийн хийсэн хэвлэлийн хурлын шууд бичлэгийг үзэх бол энд дарж үзнэ үү.
Chuhal.mn: 2017 онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлууд
Улиран одож буй 2017 он олон нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлаар дүүрэн жил байсныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай. Манай Chuhal.mn мэдээллийн сайт энэ онд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.
Өнгөрсөн онд монголчууд бид хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчөө сонгосон. Мөн эрх баригч нам Засгийн газраа унагаснаас гадна шинэ даргатай болсон юм. Энэ мэт 2017 онд өөр ямар улс төрийн халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая.
ХОЁР УДААГИЙН САНАЛ ХУРААЛТААР Х.БАТТУЛГА ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВ
Сүүлийн найман жил Ц.Элбэгдорж гэх Ерөнхийлөгчтэй байсан монголчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгох шаардлага энэ онд гарав. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байсны дагуу М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар нэр дэвшсэн юм. Нэр дэвшигчид иргэдийн санаанд төдийлөн хүрээгүй учраас сонгогчдын зарим нь цагаан сонголт хийх уриалгыг гаргаж байв. Ингээд зургаадугаар сарын 25-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр болоход иргэд саналаа өгсөн ч иргэдийн 50 хувийн дэмжлэгийг аваагүй тул Сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Эхний санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулсан байв. Саналын тоогоор Х.Баттулгын дараа М.Энхболд жагсаж байлаа. Ингээд дахин долоодугаар сарын 7-ны өдөр явуулсан дахин санал хураалтад хамгийн олон санал авсан эхний хоёр сонгогч өрсөлдөх хуулийн зохицуулалттай тул МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хасагдсан. Дахин санал хураалтад 1.206.809 иргэн буюу нийт сонгогчдын 60.4 хувь нь саналаа өгснөөс бөгөөд
-МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067
-АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611226 санал авч, 114159 саналын илүүтэйгээр ялалт байгуулсан юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 100 мянга орчим хүн цагаан сонголт буюу нэр дэвшигчдээс хэнийгч нь дэмжихгүйгээ илэрхийлж саналын хуудсандаа тэмдэглэгээ хийлгүй машинд уншуулсан нь урьдын сонгуулиудад байгаагүй хуулийн хүрээнд үзүүлсэн иргэдийн эсэргүүцэл болов. Мөн энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх зургаан удаагийн сонгуультай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байлаа. АН-аас сонгогдсон шинэ Ерөнхийлөгч долоодугаар сарын 10-ны өдөр тангарагаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хойш УИХ-ын хэд, хэдэн асуудалд хориг тавьж иргэдийн дунд дуулиан тариад байгаа билээ.
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН АСУУДАЛ ОДОО Ч ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА
Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдсан.Энэ наймааны үйл явцыг хууль бус болсон эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан гаргав. Ингээд ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг гуравдагч этгээдэд зарсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэдэг шийдвэрийг гаргасан юм. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100% төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов. Ингэж Монголын тал дахь 51% дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм. Монголын Зэс Корпораци”-ийн удирдлага энэ шийдвэрийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Дээд Шүүх дээр ялав. Хэдий ингэсэн ч “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувь эзэмшлийн асуудал хэрхэн нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Энэ онуудад эрх барьж буй нам "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцаанаас иргэдэд хувь хишиг хүртээнэ гэж ам алдсан удаатай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МАН-ын УЗ ирэх оны ерөнхий төлөвлөгөөгөө хэлэлцэж байна
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шуурхай хурал зарлаж ирэх 2018 оны ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, Удирдах зөвлөлийн ажлын албаны дүрэм, МАН-ын бодлогын хорооны зохион байгуулалт, ажиллах журмын талаар хэлэлцэж байгаа аж. Мөн батлах юм байна.
Дашрамд дуудлгахад, МАН-ын Их хурал өнгөрсөн 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд болсон. Их хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилжээ. МАН-ын Удирдах зөвлөлийг Д.Амарбаясгалан даргална.Бага хурлаас Удирдах зөвлөлийг 29 гишүүнтэй байх шийдвэр гаргажээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн ШИНЭ бүрэлдэхүүн: Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхий өвчин гарчээ
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд шүлхийн тохиолдол илэрсний улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. Иймд отор нүүдлээр өвөлжих бүсээс Дорноговь аймгийг хассан байна. Одоогоор тус аймагт вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 43 хувьтай байгааг тус аймгаас мэдээллээ.
Шүлхий өвчин вакцинжуулалтад хамрагдаагүй хэсгээс илэрсэн байна. Энэ онд шүлхийгээр өвчилсөн 9 452 малыг устгалд оруулаад байна. Улсын хэмжээнд Дорноговь аймгаас гадна Сэлэнгэ аймагт шүлхийн тархалт өндөр байгаа юм. Сэлэнгэ аймагт гарсан шүлхийн тархалтыг зогсоохоор өнгөрсөн 11-р сард ОХУ-аас 4.8 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр авчээ.
2415 хүнийг 7-30 хоногоор баривчилж шийтгэжээ
Цагдаагийн ерөнхий газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттайгаар ажил, арга хэмжээг төлөвлөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Энэ ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулж ажиллаж байна.
Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт 'Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагч нараас анхаарах асуудал', 'Гэр бүлийн хүчирхийллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь' сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.
Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн программ хангамж, мэдээллийн нэгдсэн санг цагдаагийн алба хаагчид ашигласнаар хүчирхийллийн түүх, хохирогч болон хүчирхийлэл үйлдэгч этгээдийн мэдээллийг хамгийн богино хугацаанд олж авах, улмаар хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагыг оновчтой, зөв зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ.
Мөн цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
2017 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнө оны мөн үеэс 69 хэргээр буюу 5,2 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн 4122 зөрчил бүртгэгджээ. Мөн 2415 хүнийг хуулийн дагуу 7-30 хоногоор баривчилж шийтгэсэн байна.
Азийн гоо сайхны хатан хаанаар монгол бүсгүй тодорлоо
Мьянмар улсад болж өнгөрсөн "Miss & Mrs Asia Noble Queen International" Азийн тэргүүн гоо бүсгүй шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон Нармандахын Мишээлт тэргүүн байр эзэллээ. Шалгаруулалт энэ сарын 19-22-нд Мьянмарт болсон бөгөөд шилдгүүдээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан байна. Н.Мишээл нь 1999 онд төрсөн, 18 настай, Монгол Улсын Боловсролын их сургуулийн хоёрдугаар курст суралцдаг юм байна.
Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа
Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэхэд газар дээр нь нотлох баримттай барьснаас бусад тохиолдолд шалгах эрхгүй байсан заалтыг хүчингүй болгосон. Тодруулбал, УИХ-ын отгон гишүүн Д.Гантулгад холбогдох асуудлын талаар өмгөөлөгч Б.Мэргэн гомдол гаргаж, Үндсэн хуулийн цэц хэлэлцэж, шалгах эрхгүй байсан заалтыг хүчингүй болгосон. Тэгвэл өнөөдөр хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ. Учир нь Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа учраас ийн эгүүлэн татуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. .
Тэгвэл Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан байдаг учраас тус хуульч нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчихыг иргэд дэмжжээ
Нийслэл хотын замын хөдөлгөөн баяр ёслолыг үе дөхөхөөр ачаалал нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан байна.
Энэхүү санал асуулгад нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсон байна.Үүнээс 2.4 мянга нь буюу 60 хувь нь автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах дэмжсэн аж. Үлдсэн 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжээгүй байна.
Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.
Цаг агаарын мэдээллийг 200 гаруй сумын малчид гар утсаараа хүлээн авч байна
Мерси Кор Монгол“ олон улсын байгууллага нь Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлэн, малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард Онцгой байдлын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Юнител, Мобиком, Скайтел, Жи-Мобайл ХХК-ийн удирдлагууд “Хамтран ажиллах санамж бичигт“ гарын үсэг зурсан.
Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 209 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байна.
Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээх юм. Үүнээс гадна код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой боллоо.
Архангай [link]
Баян-Өлгий [link]
Булган [link]
Дорнод [link]
Завхан [link]
Өвөрхангай [link]
Увс [link]
Сүхбаатар [link]
Сэлэнгэ [link]
Ховд [link]
Хөвсгөл [link]
Хэнтий [link]