-26o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад улс Хойд Солонгос руу нефть экспортлохоо хязгаарлахаа мэдэгдлээ

2018-01-06 15:00:00

 НҮБ-ын шинэ тогтоолуудыг дагаж мөрдөн Умард Солонгос руу түүхий нефть болон боловсруулсан нефть экспортлохоо хязгаарлах арга хэмжээ авч байгаагаа Хятад улсын Худалдааны яам мэдэгдэв. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2018 оны нэгдүгээр сарын 6-наас буюу өнөөдрөөс Хятад улсын энэхүү арга хэмжээ нь хэрэгжиж эхэлж байна. Өнгөрөгч оны 11 дүгээр сард баллисик пуужин харвасантай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнуудын төлөөлөгчид Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолын төслийг санал нэгтэйгээр баталсан юм.

Хятад улсын Худалдааны яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 12 дугаар сарын 22-нд баталсан "2018 онд Умард Солонгос руу 500 мянган баррелиас илүү  боловсруулсан нефть, 4 сая баррелиас илүү түүхий нефть экспортолж болохгүй" гэсэн тогтоолыг манай улс энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлнэ” гэжээ. Энэ хязгаарт хүрсэн тэр үед Умард Солонгос руу ийм төрлийн бүтээгдэхүүн экспортлохоо Хятад улс зогсоох юм байна.

Мөн Хятад улс энэ сарын 23-наас эхлэн Умард Солонгосоос ямар ч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа импортлохгүй гэнэ. Хятад улс Умард Солонгост нууцаар нефть нийлүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгдсэн билээ. Хятад улс НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолуудыг зөрчөөгүй, хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх замаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлж байгаа гэдгээ харуулахыг оролдож байна гэж ажиглагчид үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment