8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ахмадын тэтгэвэр нэмэгдэж, О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан өдөр

2018-01-19 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

БАЙР СУУРЬ: Салхины хүчийг ашиглаж утааг үлээлгэж арилгах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өмнө Засгийн газар үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 194 арга хэмжээ хэрэгжихээр байгаа. Утааг бууруулахын тулд тодорхой зорилтот хэсэгт утаа бага гаргадаг зуух түгээх өөр замгүй” гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэлд иргэд ихээхэн бухимдалтай хандаж байна. Ингээд зуух тараах шийдвэрт иргэд ямар байр суурь байгаа сонссон юм. 

Н.НАМЖИЛМАА: ЯНДАНГЫН ТООГОО БАГАСГАХЫН ОРОНД ЗУУХ ТАРААНА ГЭДЭГ ЧИНЬ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ

-Иргэн н.Намжилмаа: Зуух тарааж агаарын бохирдолтой тэмцэж, утааг бууруулна гэдэг үлгэр гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд нүдээрээ харсан. Гэтэл ахиад ийм зүйл ярьж байгаа нь эмгэнэлтэй. Яаж мөнгө идэх үү гэдгээ төрийн дээр гарсан хүмүүс урьтал болгож байна. Үнэхээр зуух тараамаар байгаа бол өмнөх зуухуудын мөнгө санхүүгийн тайлан тооцоо, утааг бууруулсан эсэх, бууруулаагүй бол ямар учраас бууруулаагүй гэдэг зүйлийг тайлагнаж ил болгох гэж БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаас хүсмээр байна. Шаардаж байна. Нийслэлийн яндангын тоогоо багасгахын оронд зуух тараана гэдэг чинь байж болохгүй зүйл.

Б.ГАНБААТАР: МАНАЙ УЛС УТААГААР БИЗНЕС ХИЙГЭЭД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА

-Сүхбаатар дүүргийн иргэн Б.Ганбаатар: Утаатай тэмцэхийн тулд ашиглаж болох маш олон үр дүнтэй арга бий. Зуух тараах бол хамгийн буруу, болхи арга.

Би иргэн хүний хувьд бодохдоо өдөрт салхины чигийг ажиглаж байгаад үлээлгэх арга, технологийг ашиглах тал дээр судалгаа явуулах хэрэгтэй юм болов уу гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл нийслэл хот дөрвөн уулийн дунд ордог. Газар байршлын хувьд хонхор. Байгалийн хуулийг хэн ч хэзээ ч захирч чаддагүй их хүч байдаг юм. Үүнийг ашиглаж шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит туршилтаар хийж үзэж нэвтрүүлэх хэрэгтэй. 

Манайд энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэд олон бий. Тэр хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Дараа нь орон сууцжуулах арга байна. Орон сууцжуулахад мөнгө, санхүү их зарцуулагдах гэж байгаа мэтийн зүйлийг зарим хүмүүс ярьж байна. Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгөөр орон сууцжуулсан бол өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдол, утааны хэмжээ бага ч гэсэн буурах байсан. Энэ хэрээр иргэд цэвэр тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдэх байлаа. Хүн болгоныг айл болгоныг байранд, орон сууцанд оруулна гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ манай улс утааны талаар 10 гаруй жил ярьж байна. Жил ирэх тусам утаа нэмэгдэж байна. Зарцуулсан мөнгөний хэмжээ нэмэгдээд л байдаг. Утааг арилгах гэхээс илүүтээ хэнд ашигтай наймааг хаана хийх үү гэдгээ бодож байна энэ хүмүүс. Манай улс утаагаар бизнес хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ бизнес энэ жил ч үргэлжлэх гэж байна. Зуух тараахыг би хувьдаа дэмжихгүй байна.

-Н.ЦЭЦЭГХОРЛОО: ЯНДАН БАЙГАА ЦАГТ УТАА ГАРЧ ТААРНА

-Баянгол дүүргийн иргэн Цэцэгхорлоо: Зуухнаас утаа гардаг гэдгийг хүн бүхэн мэдэж байхад зуух тараана гээд байгаад ойлгохгүй байна. Гэр хорооллыг орон цахилгаан орон сууцжуулах хэрэгтэй. Хөнгөлттэй нөхцлөөр орон сууцжуулбал орох хүсэлтэй хүн болон байна. Дуртайдаа гэр хороололдоо гал түлээд сууж байгаа юм биш. Аргал, нүүр, мод, цаасан хайрцаг юу ч түлсэн утаа гарна. Яндан байгаа цагт утаа гарч таарна. Өнөөдөр зах зээл дээр 80 мянга гаруй орон сууц баригдчихсан байна гэсэн судалгаа мэдээлэл телевизээр гарч байна. Энэ орон сууцнуудад ядаж залуу гэр бүлүүдээ хөнгөлтэй үнээр, боломжийн нөхцөлтэйгээр оруулахад нийслэлийн 80 мянга гаруй яндан арилна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Н.Цэрэнбат: Зуух тараагаад үр дүнд хүрээгүй бол хариуцлага хүлээнэ

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат утааг бууруулахын тулд нийгмийн зорилтот бүлэгт зуух тараахаас өөр замгүй гэж мэдэгдсэн билээ. Заавал зуух тараах шаардлага бий эсэх талаар түүнээс тодрууллаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт БНСУ-т айлчилж 700 сая долларын зээл авахаар болсон.Үүний 500 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэж буй. Энэ асуудлаар ч мөн цөөн асуултад хариулт авлаа. 

ХҮМҮҮСТ ТААЛАГДСАН ҮГЭЭР УЛС ТӨР ХИЙГЭЭД БАЙНА

- Солонгосоос зээлж буй 700 сая доллар хэзээ манайд шилжиж орж ирэх вэ?

- Солонгосын "Exim Bank of Korea" банкаар дамжин орж ирнэ. Бидний зүгээс саналаа өгнө. Тус банкны экспертүүд аль төсөл хөтөлбөрт ямар ажлыг хэрэгжүүлэхээ шийднэ. Бид агаар орчны бохирдлыг утааг бууруулахын тулд дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах, барилга барих, дахин төлөвлөлт хийх, техник технологид зарцуулна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд ойлголцоод зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан.

- Солонгосоос мэргэжилтнүүд манай улсад ирж нөхцөл байдалтай танилцах уу?

- Солонгосын мэргэжилтнүүд ирэх гуравдугаар сард ирж ажиллана. Ингээд бидний баталсан хөтөлбөрөөс алийг нь сонгож санхүүжүүлэхээ шийдэх юм.

- Солонгосоос зээл авсныг дахин өр тавилаа гэж буруутгах хүмүүс байна. Утааг дотоодын нөөц бололцоогоороо шийдэх боломж байгаагүй юу? 

- Бид нэг зүйлийг ойлгох ёстой. 2012-2016 онд бид таван тусдаа төсөвтэй явсан. Харин өнөөдөр Монгол улсын татварын орлого нэмэгдэж байгаа ч өрөө төлөөд явж байгаа. Үндсэн мөнгөнөөсөө гадна илүү гарсан төсвөөрөө бусад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Энэ онд бид хамгийн өндөр хүүтэй зээлээ төлнө. Хамгийн хүнд жил юм. Нөгөөтэйгүүр дахин зээл нэмэгдсэн ч 0.2 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай эхний 10 жилд үндсэн төлбөрөөс хөнгөлөгддөг зээл байхгүй байна. Тиймээс бид энэ зээлийг авч чадсан учраас хөгжлийн тулгуур ажлаа хийх ёстой. Бид өөрчлөлт хийх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх томилогдохдоо “Бид хууль ёсыг дээдэлнэ. Хуримтлагдсан бүх хүнд асуудлыг шийднэ” гэж амалсан. Тиймээс бидэнд тулгараад буй агаар орчныг бохирдлыг бууруулах асуудлыг тус хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдье гэж ажиллаж байгаа.

- Та зуух тараана гэж мэдэгдсэн. Зуух үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна уу?

- Хүмүүст таалагдаж буй үгээр улс төр хийгээд байна. Бидний утааны эх үүсвэр нь түүхий нүүрс. Утаагүй болохын тулд халаалтаар бүгдийг шийдэх ёстой. Утааг бууруулах олон ажлын нэг нь л зуух юм. 194 ажлын нэгийг нь сонгон ярьж улс төр хийхээ больцгооё. Бүгд утаанаасаа салахыг хүсч байгаа. Тиймээс утаанаасаа салах арга ажиллагааг дэмжээд хамтдаа ажиллъя.

Утааг бууруулах хөтөлбөр батлагдахдаа улс төрчдийн дүгнэлтээр биш мэргэжлийн инженерүүд, эрдэмтдийн санал хүсэлт, төлөвлөлтөөр батлагдсан. Тиймээс энэ хөтөлбөрөө үе шаттай хэрэгжүүлээд явах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Хот суурин газрынхаа эрх зүйн байдлын статаусыг шийдэх ёстой. Мөн төвлөрсөн бүх суурин газарт утаа гаргадаг хүмүүстэй яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал сөхөгдөнөБүх зүйлийг үсчүүлж нэг зүйлээр сенсаацлах бус олон ажил хөтөлбөрийг үе шат, хариуцлагатайгаар эхлүүлэх ёстой.

- Ямар компанийн ямар зуухыг хэдэн айлд тараахаар төлөвлөж байгаа юм бэ?

- Зорилтод бүлгийнхээ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг л ярьж байгаа. Нүүлгэн шилжүүлж ч болно. Меню хараад хоолоо сонгодог шиг олон ажлуудаас аль нэгийг нь сонгож ажиллана шүү дээ. Компаниудын нэр нь тодорхойгүй шүү дээ. Нийслэлд зорилтод бүлгийн 13 мянган айл бий. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон О.Баасанхүүг тус намын даргаараа сонгосон шийдвэр Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн эсэхийг асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзах шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанаар МАХН-ын II чуулганыг тойрсон асуудлыг намын дотоод асуудал, О.Баасанхүүг намын дотоод асуудлаа Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэж ийнхүү намын даргаар бүртгэхээс татгалзсан байна. 

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг  Улсын Дээд Шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ.

Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж , намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ.

МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна.

Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон байна. 

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах  намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий  байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэв. 

Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Европын холбоо Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсан билээ. Тухайн үед  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт  тавьж байсан. Харин өнөөдөр  Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийх үеэрээ " Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийдсэн" талаар мэдээлэл өглөө. 

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар "Европын жагсаалтын тухайд ГХЯ, Сангийн яам, ХЗДХ-ийн яам хамтарч, идэвхтэй ажилласан. Европт байгаа бүх ЭСЯ жагсаалтаас гаргах тал дээр тодорхой идэвх зүтгэл гаргалаа. Нэгдүгээр сарын 18-нд Брюссельд байгаа Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн уулзалт боллоо.Уулзалтаас Монгол Улсыг жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ. Цаашдаа дараагийн хурлын бэлтгэлийн хүрээнд өөрсдийн нөхцөл байдлыг тайлбарлаж ажиллана. Монгол Улсыг жагсаалтаас гаргаад өгөөчээ гэдэг гуйлт маягаар биш бид нар яагаад тэр жагсаалтад байх ёсгүй вэ гэдэг үндэслэл, тайлбараа бүрэн хэмжээгээр нь гаргаж өгч, Европын холбооноос тавьж байгаа шаардлага нөхцлийг биелүүлж ажилласан учраас тодорхой үр дүн гарч байна" гэлээ.

Ирэх сарын нэгнээс  ахмадын тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ

Өнөөдөр 13 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ирэх сарын нэгнээс  ахмадын тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэрийг сарын 15 мянгаар 155, асаргааны тэтгэмжийг 6000-аар нэмж 72 мянга болгожээ. 

Б.Жавхлан: Банкны тухай хуульд хүүг бууруулах нэг ч өгүүлбэр орж ирээгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Уг хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө “Банкны тухай хуульд орсон гол өөрчлөлт бол банкуудад тавих Төв банкны хяналтын тогтолцоо сайжирсан гэж хэлж болно. Түүнээс банкны удирдлагуудтай холбоотой асуудлуудыг хөндөөгүй. Мөн охин компанийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш банкууд охин компанитай бол энэ үйл ажиллагаагаа зогсооно гэсэн үг. Банкны тухай хуулиар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгөх тухай хуулийн заалт унасан. Энэ нь банкны эздийн лобби орсон юм биш үү гэж хэлэх гишүүд байна?. Уг хуульд банкны хүүтэй холбоотой нэг ч заалт орж ирээгүй. Ганцхан өгүүлбэр оруулж ирж ард түмнийг хуурах шаардлагагүй юм. Тиймээс ганцхан өгүүлбэр гэхээс илүү зээлийн хүүтэй холбоотой асуудлаар хууль санаачилж, авч хэлэлцэх ёстой сэдэв. Ажлын хэсэгт хувьдаа банктай хүн орсон уу. Цаашид банкны хүүг ярих юм уу?. Зээлийн хүүг бууруулах асуудлаар үеийн үед ярьж ирсэн. Тиймээс цаашид энэ асуудлыг томоор авч хэлэлцэх шаардлага бий" хэмээн хэллээ. 

Зээрнээс шинжилгээний дээж авахад шүлхий өвчин болох нь тогтоогджээ

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээрнээс шинжилгээний дээж авч улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторит шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн 15 суманд цагаан зээрэнд тандалт судалгаа хийхээр Байгал орчин аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран  Цагаан зээр болон ойр орчмын бэлчээр нутагт өвөлжиж байгаа айл өрхүүдийн мал сүрэгт тандалт судалгаа хийж эхэлжээ.

Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр суманд гарсан малын гоц халдварт Шүлхий өвчний тархалт 3 сумын нутаг дэвсгэрийг хамран тархаад байгаа юм. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт отор нүүдэл, цагаан зээр ихээр сүрэглэн нутаглаж байгаа нь уг өвчин даамжирах шалтгаан болж байна. Зарим суманд доголсон, өвчилсөн шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, зээр үхсэн гэх мэдээлэл ирж байна. Тиймээс малчид өөрийн өмч хөрөнгө болох мал сүргээ байнгын маллагаатай байлгахыг аймгийн онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

Литва улс Монгол улсын эсрэг худалдааны хориг тавих зарлигт гарын үсэг зураагүй

Өчигдөр  интернэтээр Монгол Улсын ерөнхийлөгчийн хийсэн алдаатай мэдэгдлээс шалтгаалан тус улс Монгол улсын эсрэг худалдааны хориг тавьсан тухай мэдээлэл гарсан. Тус мэдээлэлд  “Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Дархан хот дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын дэргэд болсон арга хэмжээнд үг хэлэхдээ Балтийн тэнгисийн орнуудыг ЗХУ-ын цэрэг фашистуудаас чөлөөлсөн гэж ярьжээ. Литвын хуулиар энэ түүхэн үйл явдлыг чөлөөлөлт биш, Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл гэж үздэг бөгөөд үүнийг буруугаар тайлбарлавал гэмт хэрэгт тооцдог юм. Тиймээс Литвын ерөнхийлөгч Даваа гарагт (нэгдүгээр сарын 15) Монгол улсын эсрэг худалдааны хориг тавих зарлигт гарын үсэг зурлаа” гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээлэл  ямар ч үндэслэлгүй гээд Литва-Монгол улсууд хамтын ажиллагаагаа бүтээлчээр өргөжин тэлж байгаа гэдгийг Литва улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. 

Мөн Литва улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагах гэсэн гуравдагч этгээдийн энэ мэт худал хуурмаг мэдээлэл тараах явдал анхны тохиолдол биш болохыг дурджээ.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Тэтгэвэрийнхэн нэмэгдлийг үндсэн зээлийнхэн хугацаанд зээллэж авч болохуу
2018/01/21 203.91.115.38
иргэн
Зуух ч яахав Баасанхүү яанаа
2018/01/19 202.179.26.219
ККК
Утаагүй зуух байхдаа ч яахав дээ нэг мөсөн яндангүй зуух ч юмуу зуухгүй яндан хийж тараагаач
2018/01/19 202.179.26.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment