8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Намрын чуулган хаалтаа хийж, цас шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олсон өдөр

2018-02-09 18:40:00

Ажлын өдрүүд ийнхүү дуусаж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийн хөгжилтэй өнгөрөөх амралтын өдрүүд айлчлан ирж байна.  Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол амралтын өдрийг сонирхолтой өнгөрөөх таван аргыг сонирхуулж байна. 

1. Хосуудын хувьд хамгийн чухал зүйлийн нэг бол яалт ч үгүй гэрэл зураг. Та хоёрт мэргэжлийн студид даруулсан уран сайхны гэрэл зураг байдаггүй бол заавал үүнийг хийгээрэй. Хамаг бүхэн шороо мэт арилж, гэрэл зураг л түүх болон үлдэнэ. 

2. Өглөө эртлэн босоод явган аялал хийх. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. 

3. Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх хэдий сайхан ч гэсэн амралтын аль нэг өдрийг сонгон, өвөрмөц хоолтой рестораныг сонгоорой. 

4. Хөгжилтэй тоглоомууд
Та 2 гэртээ видео тоглоомтой бол өдөржингөө тоглож нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй. Олон тоглоомтой бол янзтай.

5. Хамтдаа хоол хийх. Цоо шинэ хоолны жорыг хамтдаа туршиж үзээрэй. Ялангуяа оройн хоолыг хийвэл илүү гайхалтай байх болно. 

Ингээд бидний бяцхан зөвлөгөөг туршиж амралтын өдрийг гэр бүлээрэй ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Х.Нямбаатар: Нэг үеэ бодвол манай бүлгийн гишүүд эвлэх уур амьсгалтай болж байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.

 

-   Намрын чуулган өнөөдөр завсарлах гэж байна. УИХ намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудаа баталж чадсан уу?

-  Улс төрийн халуун уур амьсгал дунд намрын чуулган хуралдлаа.МАН анх удаагаа өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраа огцруулж шинэ Засгийн газрыг эмхэлэн байгууллааНэг үеэ бодвол манай намын бүлгийн гишүүд харьцангуй эвлэх уур амьсгалтай болж байгаа болохоор би дахин энэ асуудлаар яримааргүй байна. Намрын чуулганы хугацаанд гадны банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж эдийн засгаа өөд татахад чиглэсэн олон хууль тогтоомж, төсөл хөтөлбөрүүдийг батлан гаргалаа. Хамгийн сүүлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэлээ. Энэ бол олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас манай улсад тавьдаг шаардлагуудын нэг нь. Мөн олон улсын шаардлага гэхээс илүүтэй банк санхүүгийн байгууллагаа эрүүлжүүлэхэд ач холбогдолтой. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд чуулган завсарлаж байна. Намрын чуулганаар өөр олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байсан гэж хувь гишүүний хувьд үзэж байгаа. Тухайлбал, бид  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хойш тавих ёсгүйҮндсэн хуулийг өөрчлөх ажлыг зөвхөн парламент хийдэг харьцангуй ойлголтыг эргэж харах шаардлагатай. Үндсэн хууль бол Монгол улсын 1.5 сая км квадрат газар нутаг дээрх 3.2 сая иргэний хамтран амьдрах гэрээ. Тодруулбал, чи ийм эрх мэдэлнэ, би ийм үүрэг хүлээнэ гэдгээ нэг бүрчлэн тохирох суурь гэрээ. Тиймээс гэрээгээ өөрчлөх гэж байгаа бол гэрээнд оролцогч талуудаасаа асуух ёстой.

- Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Та нэн тэргүүнд яг ямар өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ёстой гэж үздэг вэ?

- Хамгийн эхэнд УИХ-аас ард нийтийн санал асуулга явуулах ёстой. 1945 оноос хойш ард нийтийн санал асуулга явуулаагүй. 1945 оны ард нийтийн санал асуулга бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг баталгаажуулсан түүхэн шийдвэр байсан. 1992 онд Үндсэн хуулийг баталснаас хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тоталитар дэглэмээс хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн Үндсэн хуулийнхаа үүргийг гүйцэтгэсэн. Хүн бүр хувийн өмчийн талаар ойлголттой болоо. НҮБ-ээс батлагдан гарсан хүний эрхийн түгээмэл тунхаглал болон дагаж гардаг иргэний болон улс төр, нийгэм эдийн засгийн фактад заагдсан суурь эрхийн талаар хүн бүр өөрийн гэсэн үнэлэмж, ойлголттой болсон. Энэ нь  уг Үндсэн хуулийн түүхэн үүрэг. Бид цаашид хөгжье гэвэл хөгжлийн Үндсэн хууль руу орох ёстой. Хөгжлийн Үндсэн хууль гэдэг нь парламентын засаглалаар явах уу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэдгийг ард нийтийн санал асуулгын үр дүнгээр шийдэх тухай юм. Үүнийг иргэнээс асуух замаар шийдэх ёстой. Энэ ажил намрын чуулганаар шийдэгдсэнгүй. Хаврын чуулганаар шийдэгдэх байх гэж найдаж байна. УИХ-ын хэсэг гишүүд энэ талаар судалгааны ажил хийгээд явж байна. Бидний ихэнх нь хабрид машин унаж байна. Хабрид гэдэг нь эрлийз гэсэн үг шүү дээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийг  төр, эрхийн онолын эрдэмтэд,Үндсэн хууль судлаачид хабрид засаглалтай хууль гэж үздэг. Парламентынх юм шиг мөртлөө ард түмнээсээ гардаг хоёр органик засаглалтай. Энэ нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хоорондоо толхилцсон. Цаашид ч толхилцох шинжтэй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь маш их зүйл ард түмэндээ амлаж сонгогддог. Эргээд амлалтаа хэрэгжүүлэх төсөв, аппарат, эрх мэдэл байдаггүй. Ийм л хабрид засаглалын тогтолцоонд амьдарч байна. Үүнийгээ бид нэг тийш цэгцлэх цаг болсон. Иргэдээсээ асуух замаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

- Эдийн засагт ач холбогдол өгөх томоохон төслүүдээ энэ намрын чуулганы хугацаанд хэлэлцэж чадсангүй. Томоохон төслүүдээ хөдөлгөх тал дээр та ямар байр, суурьтай байдаг вэ?

- Тийм. Эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ажлыг явуулж чадсангүй. 20 гаруй жил ярьсан олон том төсөл хөтөлбөр байдаг. Эгийн голын усан цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр, Хэрлэн говь, Аж үйлдвэрийн парк, Алт цэвэршүүлэх үйлдвэр гээд олон төсөл хөтөлбөрөө эхлүүлж чадахгүй байна. Бид одоо татвар төлдөг цөөхөн хэдэн байгууллагынхаа нурууг нь холготол татвараа авч байна. Гэтэл өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй төсвийнхөө эрэлт шаардлагад нийцсэн татварын бааз суурийг нэмэгдүүлж чадахгүй байна. Бид эх үүсвэр нь шийдэгдсэн тавдугаар цахилгаан станцын төслийг 14 жил ярилаа. Энэ мэт том төслүүдийнхээ асуудлыг цэглэх цаг нь болсон. Мөн сахилга хариуцлагатай холбоотой асуудал их чухал боллоо.

Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Засгийн газрын бүтцийн байгууллагууд шалгаад 1.3 их наядын зөрчлийг нь илрүүлчихсэн Хөгжлийн банкны асуудал, 3.5 их наядын зөрчилтэй Монгол банкны асуудал, Эрдэнэт үйлдвэрийн “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгсөн асуудал яагаад өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдэхгүй байна вэ. Монгол улсын Ерөнхий прокурор хуулийн дагуу УИХ-д жилд нэг удаа ажлаа тайлагнах ёстой. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар тайлан тавих ёстой. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсон хоёр жилийн хугацаанд Ерөнхий прокурор нэг ч удаа тайлангаа тавьсангүй. Энэ бол УИХ-ын өмнө хүлээсэн Ерөнхий прокрорын үүрэг. Саяын миний хэлсэн томоохон хэргүүд аль түвшиндээ явж байгааг иргэд олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ мэт ажлууд хийгдсэнгүй

 

П.Цэндмаа: Хог хаягдлаа дарж, булшлах аргыг манай улсад технологийн дагуу хийдэггүй

“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын  гүйцэтгэх захирал П.Цэндмаатай ярилцлаа.

-“Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаасаа онцолбол?

-Манай байгууллага өнгөрсөн 13 жилийн хугацаанд нэлээд олон ажил амжуулсан байна. Мөн хийхээр төлөвлөсөн ойрын болон урт хугацааны нэлээд олон ажил байна. Байгууллагдаад 13 жил болохдоо 20000 гишүүд, дэмжигчтэй, 206 хоёрдогт түүхий эдийн цэг, 45 гишүүн байгууллагуудтай, хог хаягдлыг дахин боловруулдаг 13 үйлдвэртэй хамтарч ажиллаж байна Манай гишүүд Монгол Улсийн 21 аймгийг хамруулан хог хаягдлыг эх үүсвэр дээрээс цуглуулах, ангилан ялгах, хадгалах,  тээвэрлэх, дахин боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож баялаг бүтээж байна.

Жишээлбэл: Манай холбоонд Хаягдал аккумлъятор дахин боловсруулж хар тугалган гулдмай хийж хятад руу экспортолдог, хөнгөн цагаан хайлшыг дахин боловсруулж усан онгоцны жин тэнцвэржүүлэгч хийж япон, солонгос, хятад руу экспортолдог.моторын ажилласан маслыг дахин боловсруулан , цэвэршүүлсэн моторын тос , мазут, евро 4 стандартын түлш үйлдвэрлэх,  Хогны уут,  улавч үйлдвэрлэн буцаагаад зах зээлд оруулах, хаягдал шил, хаягдал картон цаасыг боловсруулах зэрэг дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд гишүүнчлэлтэй байдаг.

-Хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд  булах уу, эсвэл, ангилж ялгаад дахин боловсруулах уу?

-Ер нь дэлхий нийтээрээ хог хаягдлыг булахаас аль болох татгалзаж байна. Улаанбаатар хотын хувьд ч гэсэн 2020 он гэхэд ландфиллын талбайгаас татгалзах зорилт тавьсан. Хог хаягдлаа дарж, булшлах аргыг манай улсад олон улсын технологийн дагуу хийдэггүй. Учир нь булсан хог хаягдлаас гарч буй хорт хийг хянах мэргэжилтэн ч байхгүй.  Улаан чулуутын төвлөрсөн хогийн цэгийн ландфиллын талбайг 2009 онд хааж, Нарангийн энгэрт Япон улсын буцалтгүй тусламжаар төвлөрсөн хогийн шинэ цэгийн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулан, ландфиллын булалтыг хийж эхэлсэн. Хотын хог хаягдлыг булах талбайн хэмжээ тогтоосон бүсээс давсан байдалтай байна. Хуванцар хог хаягдал, гялгар уут нь дунджаар 100-1000 жилийн дараа байгальд шингэдэг.

-Гялгар уутны буруу хэрэглээ нийгэмд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй хор хөнөөл талаар?

-ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛАХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ ТОГТООСОН БҮСЭЭС ДАВСАН БАЙДАЛТАЙ БАЙНА-

-Гялгар уутны буруу хэрэглээ нь хорт хавдрын өвчлөл, ургийн гажиг болон ходоодны өвчлөл үүсэхэд нөлөөлдөг бол байгальд хаягдсан гялгар уут нь хөрсийг бүрэн үхжүүлдэг сөрөг нөлөөтэй. Ингэхээр иргэдийн эрүүл мэндээс гадна, байгальд маш олон зуун жилийн турш усталгүй байдаг.

- “Эко парк” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ гэж дуулсан. Уг төслийн хүрээнд дахин боловсруулах хэчнээн үйлдвэр барих вэ?

-“Эко парк” төслийн хүрээнд Нарангийн энгэр болон Цагаан даваан дахь хоёр төвлөрсөн хогийн цэг дээр түүхий эдийг хагас боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байнаОдоогоор “Эко парк”-ийн барилгын зураг төслийн ажил дээр явж байна.

Уг төслөөр Нарангийн энгэрт нийт 81.47 га талбайд есөн дахин боловсруулах үйлдвэр, Цагаан даваанд 92.6 га талбайд нийт 10 үйлдвэрийг шинээр байгуулахаар зураг төслөө гаргасан. Энэ ажилд 28 аж ахуйн нэгж төслөөр оролцож байна. Үүнд 19 үйлдвэр баригдана.

Ингэснээр суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна гэсэн үг юм.

Мөн энэ төслөөр Монголд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй хог хаягдал ангилан ялгах, цахилгаан электрон хог хаягдлын, хаягдал шил дахин боловсруулах, барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, органик хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг таван чиглэлийн цоо шинэ үйлдвэрийг байгуулна.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн түүхий эдийн цэг ажиллаж байна вэ. Эдгээр цэгүүд хуванцар савыг иргэд болон аж ахуй нэгжүүдээс худалдан авдаг уу?

-Нийслэлийн хэмжээнд нийт 206 хоёрдогч түүхий эд авах цэг үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 10 гаруй нь томоохон бөөний цэг. Жижиг цэгүүд нь бөөний төв рүүгээ нийлүүлж, бөөний төвөөс дахин боловсруулах үйлдвэрлэл рүү нийлүүлэлтэд гардаг. Ийм урсгал системтэйгээр манай гишүүд нийслэл хотын хэмжээнд үүсдэг 1,4 сая тонн хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулж байна. Үлдсэн хувь нь боловсруулагддагүй гэсэн үг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Х.Баттулга: Угжирсан асуудалдаа багалзуурдуулах вий дээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар намрын чуулган хаалтаа хийж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. 

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд долоон аймаг, нийслэлийн дүүргийн иргэдтэй уулзлаа. Иргэдээс гаргаж байгаа санал санаачлагыг та бүхэн хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна. Нийтдээ 12 мянга гаруй иргэдтэй уулзсан. Иргэд цалингийн нэмэгдэл, татварыг бууруулах, орон сууцтай болох, орон гэргүй иргэд гэр хүслээ. Бас төрийн албан хаагчдын ёсзүйн асуудлыг хөндөж байна. Иргэд ажилгүйдэл, ядуурлыг цогцоор нь шийдэх, зээлийн хүүг бууруулах асуудлаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа юм. Иргэд төрийн удирдлагад шударга ёсыг сахиулахыг шаардаж байна. Манай нийгэмд тулгамдсан асуудал овоорч, иргэд бухимдлаа илэрхийллээ. Ард түмнээс итгэл аваад сонгогдсон бол хуулиа хэлэлцэж, шүүдэг баймаар байна гэдгийг хэллээ. Засгийн газрын барьсан бодлого “Эдийн засагт үүр цайсан” гэж хөөрцөглөж суухад ОУВС-гийн төлөөлөгч эдийн засагт эрсдэл хэвээр байгааг улаан нүүрэн дээр нь хэлж байна.

Та бүхэн ажил хийхгүй, сандал ширээнд илүү ач холбогдол өгч тансаглаж байна.  Төр ахмад настныхаа нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлж байгаа гэж хэлж болох уу. Тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй. Миний зүгээс энэ чиглэлд УИХ яаралтай шийдвэр өгч ажиллуулахыг хүсч байна. Нэг ч гэсэн айлыг орон сууцанд оруулж,  иргэдийг ажилтай болгох хэрэгтэй. Хариуцлага оногдуулдаггүй юм чинь юу ч шахсан яах вэ гэсэн хандлага байна. Төрийн албанд талцал туйлдаа хүрчээ. Сүхбаатар аймагт үндэсний эв нэгдэл алдагдаж, талцлыг дэвэргэж байна. Төрийн албаны ялзарлыг харсаар суух уу. Ядуурал Монголын тулгамдсан бүх асуудал, зовлонгийн үндэс. Мэдэмхийрэгчид, цэцэрхэгчид 28 жил Монголд юу ч хийх хэрэггүй гэж сурталчилж ирсэн. Одоо сургамж авбал авахаар хохирлыг бид амслаа. Монгол хүнийг ажилтай болгоход шаардлагатай бүх зүйлийг хиймээр байна. Иргэдээ бодож, ард түмнээ хайрлаач гэж та  бүхнээс хүсч байна. Иргэдийнхээ өвчнөөс хүртэл мөнгө олох гэдэг албан тушаалтан одоо хүртэл бидний дунд байна. Та бүхэн иргэдийнхээ сануулгыг үл ойшоовол хариу нь хатуу ирнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд та бүхнээс халамж хүсээгүй, хуулийн засаглал, шударга ёсыг шаардаж байна. Иргэдэд хуулийг зөвөөр ойлгуулах тал дээр ган хийхгүй, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэсэн аливаа үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Шүүхээр тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч буруутгах эрхгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гаднын банкны мэдэлд тавьсан асуудал олон жил яригдлаа. Ямар ч шийд алга. Асуудлыг шийдэх бус тойрох гэсээр байгааг угжирсан асуудалдаа багалзуурдуулах вий дээ. Энэ мэт тодорхой асуудлыг шийдэхгүй байгаа нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүйсгэж байна. Иргэд асуудлын шийдлийг биднээс шаардаж байгаа.  Бүтэн хоёр жил өнгөрч байхад төрийн хэвийн үйл ажиллагааг хангахгүй байна. Төрийн хэвийн үйл ажиллагааг хангахыг та бүхнээс хүсч байна.Цаашид ЕТГ иргэдээс ирүүлсэн санал, өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулж, өөрс дийн үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх болно.

Иргэд УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх батлах ажилд бүрэн дүүрэн оролцохгүй, ирц маш муу байгааг шүүмжлэн хэлж байна. Маш олон иргэд “Хэрвээ ард түмнээс итгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгдээрээ сууж байгаад хуулийнхаа зөв бурууг сайтар шүүн хэлэлцдэг баймаар байна” хэмээн шаардаж байна аа.

Уул уурхайн түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эдийн засгийн уналт, өсөлтийг улс төржүүлэн дан ганц өөрсдийн гавьяанаас хамаарсан үр дүн мэтээр сурталдсаар суутал тань ажилгүйдэл, ядуурал өдөр өдрөөр нэмэгдсээр байна. “Засгийн газрын барьсан бодлого эдийн засагт “үүр цайлгасан” гэж Сангийн сайд нь хөөрцөглөж дуусаагүй байхад хажууд нь суусан ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч “Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт юм. Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлт гэдэг нь цаашид ч эерэг хэвээр хадгалагдах баталгаа болж чадахгүй. Монголын эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа” хэмээн улаан үнэнийг хэлж байх жишээтэй. Энэ юу харуулж байна гэхээр ажил хийхээсээ хийсэн болж харагдах хүсэл чинь давамгайлаад байна аа.

Одоо тулгамдсан асуудлуудыг мөнгө бус, ухаантай царайлж улс төржих бус сэтгэл зүрх л шийднэ. Та бүхэн монголчуудынхаа төлөө, иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө сэтгэл гаргаж чадвал шийдэл олдоно. Мөнгө ч олдоно. Гол нь хүсэхгүй, хийхгүй байна. Сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зорчихыг зорилгоо болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гал тахиа жилийн шилдэг бөхчүүдийг Улсын харцага Б.Бат-Өлзий тэргүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Гал тахиа жилийн шилдэг найман бөх тодруулахад, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Улсын харцага Б.Бат-Өлзий шилдгүүдийг тэргүүлжээ.

Улсын харцага О.Хангай хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол Улсын гарьд Ө.Бат-Орших гуравт бичигджээ. Шилдэг найман бөхийн дөрөвт Улсын заан Н.Жаргалбаяр, тавд Улсын арслан Н.Батсуурь, зургаад Улсын заан Б.Пүрэвсайхан, долоод Улсын харцага Т.Баасанхүү, наймд Улсын харцага М.Бадарч нар тус тус шалгарсан байна.

Гал тахиа жилийн Цагаан сарын барилдаанаас эхлэн нийт 23 барилдааны дүнгээр шилдэг бөхчүүдийг ийнхүү тодруулжээ. Шилдэг найман бөхийн бай шагналыг Цагаан сарын барилдааны үеэр гардуулах юм

Цагаан сарын баярт зориулан захын дүүргүүдэд нэмэлтээр 42 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны бямба гаргууд, 2 дугаар сарын 04,11-ны ням гаргуудад автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ. Дээрх хязгаарлалт хийх өдрүүдэд Нийслэлийн тээврийн газраас Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх, яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  том оврын арван автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэнэ.  Мөн Нийслэлийн Засаг даргын А/112 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өдрүүд буюу 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилээнд үндсэн 74, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус ажиллуулахаар төлөвлөөд байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж төлөвлөж бэлтгэл ажлыг хангалаа. Баярын өдрүүдэд хотын захын хэсгүүдэд авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэдийн шуурхай зорчих эрэлтийг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг 2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас үдшийн 22:30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах юм байна. 

Цас шуурганд төөрсөн иргэдийг эсэн мэнд олов

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт автомашин цасанд суусан, цасан шуурганд иргэд төөрсөн дуудлагууд ирж, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Бор толгой гэдэг газар хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 13:08 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүнийг хүрэлцэн очиход Прусс 20 загварын автомашин цасанд суусан байсныг гаргаж, аюулгүй газар хүргэж өгөв.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Шар цэцэг гэдэг газар НЯТТ 103-аас хүнд өвчтэй хүн авч явсан автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар  нийслэлийн Аврах анги 105-ын ээлжийн бүрэлдэхүүн очиж гарган аюулгүй газарт хүргэсэн байна.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сум, 1 дүгээр баг Бөөгийн толгой гэдэг газар малдаа явсан иргэн  600 гаруй бог малтайгаа 11:00 цагийн үед төөрсөн, ар гэрийн хүмүүс нь хайгаад олохгүй байна гэсэн дуудлагыг 20:14 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрлийн ажиллагаа зохион байгуулан 22:05 цагт анх төөрсөн газраас 17 км орчим зайтай, Сэргэлэн сумын 1 дүгээр баг Үнэгтэй уулын энгэрээс иргэн 53 настай, эрэгтэй, 49 настай, эмэгтэй нарыг бээрсэн байдалтай олж аюулгүй газарт хүргэж, амь насыг нь авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АН: Монголын ЗГ-т хохирол учирсан нь нотлогдоод байна

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо мэдээлэл хийж байна. Тус бүлэг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудал болон намрын чуулганы үр дүнгийн талаар мэдээлж байгаа юм. 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Намрын чуулганы үйл ажиллагаанд улс төр, нийгэм, төсөв санхүүгийн  чиглэлээр дүгнэлтээ гаргаж байгаа. Төсвийн тухай, Тендэрийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Намрын ээлжит чуулганаар АН-ын бүлэг эхэнд тавьж байсан асуудлаараа ажилласан. Эрх баригчдыг сөрөхийн тулд сөрж ажилласангүй. АН-ын бүлэг ямар асуудал оруулах талаар бодлогын шинжтэй асуудал дээр түлхүү ажилласан. Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хууль хэлэлцүүлгийн асуудлаар төлөвлөсөн ажлаа амжилттай хийлээ. Мөнгө хүүлэлтийн эсрэг, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг зургаан хуулин дээр олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай хийсэн. АН-ын бүлгээс Ерөнхий сайдад гурван удаагийн шаардлага сануулгыг хүргүүлсэн. Намрын чуулганы хугацаан эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, ард иргэдийн амьдрал сайжирна гэсэн хүлээлт  талаар болсон. Эдийн засгийн өсөлтийн үр дүн эрх баригчдад хүрч байгаа, ард иргэдэд хүрээгүй. Эрх баригчид дэндүү тансаглаж байна. Намрын чуулганаар эдийн засгийн шинжтэй хуулиуд үнэндээ гараагүй" гэлээ.

Тахтийн цом: Э.Бэхбаяр, Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдана

Ираны Табриз хотноо болж буй 29 дэх удаагийн “Тахтийн цом” ОУТ-ий эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. Ираны дэвжээнд зодоглож буй манай дөрвөн бөх тун амжилттай барилдаж байна. 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Бэхээ гавьяат Армений Михран Жабурян, Ираны Хамид Халилиг, Т.Тулга Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус ялснаар маргааш эзэн орны бөхчүүдтэй аваргын төлөө хүч үзнэ. Түүнчлэн 92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болжээ. 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд эзэн орны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болов. Дагах болон медалийн төлөөх барилдаан маргааш монголын цагаар 16:00 цагт эхлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл