8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АИ 92, АИ 80 шатахууны үнэ дахин нэмэгдэж, хуурамч дугаар ашиглан хөдөлгөөнд оролцвол жолооны эрхийг хасахаар болсон өдөр

2018-02-12 18:40:00

Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ж.Гончигсүрэн: Ирж буй нохой жилд ихэр төрсөн хүүхэд өөр хувь заяатай гэж зурхайд буусан

Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа. 

-НЭГ ЖИЛТЭЙ ХҮН ЗААВАЛ ИЖИЛХЭН ЗАСАЛТАЙ БАЙНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ-

-Айлчлан ирж буй шороон нохой жилийн өнгө, ноён нуруу ямар байх нь монгол зурхайн зурлагад хэрхэн буусан байна вэ?

-Юуны өмнө монгол түмний амар мэндийг эрье. Тийн унжлагт хэмээх 17-р жарны шороон нохой жилийн өнгө, төлөв ерөнхийдөө их сайхан бууж байгаа. Жилийн эцэс улирлын сүүлүүдээр салхи шуургатай байх шинжтэй байгаа юм. Монголчууд бидний баримтлах гол зүйл бол цаг тооны бичиг буюу календар юм. Хуучин төвд хэлээр бичиж байсан “Лит” цаг тооны бичгийг нар сарны хиртэлт, өдрийн нарны ургах шингэх, өдрийн буртан буюу мэнгэ суудал, шүтэн барилдлагаанууд энэ бүгдийг тооцон гаргасан байдаг.  Нар сарны явдлаар 27 одыг судалж болдог. Зурхайн ухааныг үсэг төдий гаргах, курс дамжаагаар сурах боломжгүй байдаг. Үүнийг сурахад олон жил ном сударыг харьцуулж олон зүйлийг жишээлж, тооцоолж дээдэс мэргэдийн номыг судлаж байж жоохон юм авч үлддэг.  Монгол зурхайн шинжлэх ухаан ийм нарийн төвөгтэй байдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Өнөөгийн нийгэмд ном судар сурч, судлаж байгаа олон олон залуучууд байна. Эдгээр залуучууд энэ салбарт ухаанаа уралдуулна биз ээ.

-Энэ жил  онцгойлон засалтай жилтнүүд юуг анхаарвал зохих вэ? 

-Багш маань нэг зүйлийг надад онцгойлон заасан байдаг.

Тэр нь юу вэ гэхээр, ирэх нохой жилд ихэр төрсөн хүүхэд өөр хувь заяатай гэж. Яагаад гэвэл цагын зөрүүгээр төрдөг учраас өөр өөр хувь заяатай байдаг. Нэг жилтэй хүн заавал ижилхэн засалтай байна гэсэн ойлголт байхгүй. Хувь хүн болгон өөр дээрээ тусгаж авах шаардлаггүй. Яагаад гэвэл хүн болгоны заяа төөрөг өөр байдаг шүү дээ. Хүн болгоны засал өөр байдаг учраас тиймээс тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм.

Хүн бүр дор бүрээ засал номоо айлтгая, өргөл өргөх хэрэгтэй. Гэхдээ үхэр, хонь, луу болон бар жилтэй хүмүүс анхаарууштайТухайлбал үхэр жилтнүүдийн хувьд бага харш жил гарч байгаа. Тухайн жилтнүүд сүлд дорой, эв эеийг эрхэмлэвэл нэн сайн хэмээн зурхайд буусан байх жишээтэй. Харин бар жил нохойтой ивээл ч хийморь дорой, аливаа ажил үйлс саадтай байх тул засал хийлгэх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл дүнсэр буюу гариг эрхсийн нөлөөлөл, харш жил таарч байгаа хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай гэсэн үг.  Мөн хий,  огторгуй, уул, мод суудалд суусан хүмүүс алив үйл хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал уул суудалд суусан хүн гангар шаазан барьсан тул ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэнэ.

-Зурхайн зурлагад шинийн нэгний өглөө хүн болгон зүг, мөр гаргах тухай тухайлан бичиж буулгасан байдаг. Гэтэл зарим хүмүүс зөвхөн гэрийн эзэн зүг, мөрөө гаргасан байхад тэр гэр бүлийн гишүүдийн зүг, мөр гарсан гэж үзэх тохиолддол ажигллагддаг. Энэ нь зөв үү. Хүн бүр өөр өөрийн зүг мөрөө заавал гарах ёстой юу?

-Зурхайн зурлагад тухайн хүний нас жил,  суудал, махбодийн зохицол бүхий зүг, мөр гаргах тухай бичиж айлтгасан байсанТэгэхээр тухайн хүнд л зориулсан зүг, мөр гаргах үйл хэрэг юм. Хүн болгоных өөрийнхөө зүг мөрийг гаргахдаа буянхишгийн зүг рүү гарч, цог хийморийнхоо зүгээс орж ирдэг. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөө нас жил, суудалд тохирсон зүг, мөрөө гаргаж байх нь зүйтэй. Мөн гэрийн эзэн тухайн айл өрхийн хийморь гэж үзэж гаргаж болно. Үүнийг үгүйсгэх аргагүй. Болж л өгвөл хүн бүр өөр өөрийн зүг, мөрийг биечлэн гаргаж байвал нэн сайнДэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Загджав сайд та шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж худал хэлсэндээ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ

Шатахуун импортлогч компаниуд АИ 92, АИ 80 шатахуун, дезиль түлшний зохиомол хомсдол үүсгэж хэрэглэгчдийн уур, бухимдлыг барсан цаг саяхан. Тэд шатахууны онцгой албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Засгийн газрын эсрэг хоёр долоо хоногийн туршид бойкот хийсний эцэст ялалт байгуулсан. Тодруулбал, шатахууны хомсдолд өртөж үнэтэй бензин хүчээр авч байсан иргэдийн бухимдлыг намжаахын тулд Засгийн газраас АИ 80, АИ 92 шатахууны албан татварыг тэглэсэн. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууны үнийг нэмэхгүй байх тохиролцоонд Засгийн газар болон нефть импортлогч компаниуд хүрсэн. Гэтэл шатахуун импортлогчид уг тохиролцооноосоо буцаж өнгөрсөн баасан гаригт АИ 92, АИ 80 шатахууны үнийг нэмлээ.

Өнөөдрийн байдлаар

МТ

АИ 92-1660

Петровис

АИ 92-1750

ТЭС

АИ 92-1740

Сод Монгол

АИ 92-1660 төгрөгөөр худалдаж байна. Харин АИ 80 шатахууны үнийг үнийн самбар дээр тэглэсэн байна. Энэ нь удахгүй үнийг нь өөрчилж тавина гэсэн үг билээ. Ямартай ч олонх хэрэглэгчдийн хэрэглэдэг АИ 92 шатахууны үнэ 30-100 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иргэдийг Цагаан сарын бэлтгэл гэж мунгинах зуурт "даварсан" шатахууны импортлогчид аль хэдийн ард түмний хэрэглэдэг бензиний үнийг нэмж орхижээ. Тэд өмнө нь хэнээс ч асуухгүйгээр ямар ч зөвшөөрөлгүйгээр АИ 95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас тэдний уг шийдвэрийг дуугүй хүлээн зөвшөөрөөд нэмүүлсэн. Гэтэл гар бариад бугуй барьж дахин даврав.

Уул, уурхайн сайд, Үнийн зөвлөлийн тэргүүн Д.Загджав 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа  Нефть импортлогчдоос шатахууны онцгой албан татвар гэж 68 тэрбум төгрөгийг авахаар төлөвлөөд байсан юм. Үүнийг нь Засгийн газар тэглэсэн. Тэгэхээр АИ 92, АИ 80 шатахууны үнэ нэмэгдэхээргүй болж байна. Нефть импортлогч комданиудын захиралтай ярьсан. Тэд “Шатахуунаа хэвийн олгоно. Өнөөдрөөс эхлээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Н.Энхбаяр: У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ

Энэ сарын 9, 10-ны өдөр хуралдсан МАХН II Их чуулганаа зохион байгуулсан. Уг хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг улираан сонгож, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгожээ. 

Тус Их чуулганаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаар намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. МАХН, МАН хуваагдан 2011 онд МАХН Онц их хурлаа хийж, дарга, удирдлагаа сонгосноос хойш 7 жилийн дараа Их чуулганаа хийж буйг МАХН-ынхан онцолж байгаа юм. Энэ удаагийн Их чуулганд 1044 төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар Хяналт, Ёсзүйн хорооны ажлын тайлан, МАХН-ын дарга Н.Энхбаярын илтгэлийг тус тус хэлэлцлээ. Мөн МАХН-ын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, МАХН-ын дарга, Хяналт, Ёсзүйн хорооны 11 гишүүн болон Бага чуулганы 181 гишүүнийг сонгосон байна. Бага чуулганаас Гүйцэтгэх товчоог томилсон бөгөөд МАХН-ын дэд даргаар Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ЕНБД-аар Б.Тулга нарыг сонгожээ. 

МАХН-ын даргад нэр дэвшигчийн талаар анхан, дунд шатны байгууллагуудаас санал авахад Н.Энхбаярыг улираан сонгох саналыг 1020 төлөөлөгч 100 хувийн саналаар МАХН-ын даргаар улиран сонгогдсон юм. Мөн тус чуулганаар шинэчилсэн Мөрийн хөтөлбөр, Дүрмийг хэлэлцэж батлан, тогтоол гаргаж, шинэ Үндсэн хуулийн төслөөр тогтоол, уриалга гаргасан байна.

МАХН-ын Нарийн бичгийн дарга Н.Удвал "Энэ хурлаар МАХН Үндсэн хуулийн шинэ хувьсгалыг эхлүүлж, хариуцлага хяналтын шинэ тогтолцоог бий болгож, өнөөгийн хямралаас гарах уриа гаргалаа. Хурал маш амжилттай болж, төлөөлөгчид бүгд сэтгэл хангалуун байна"  гэж байв. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нэгдүгээрт энэ хурал итгэл төрүүлсэн хурал боллоо. МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөгийн нөхцөл байдлаас улс орноо гаргах боломж гарцыг харж, ярилцлаа. Ямар гарц байна гэвэл байгалийн баялгийг ард түмэндээ өгөх, хараат бус шүүх засаглалтай болох, хоёр танхимтай парламенттай болж, намын жагсаалтаар болон нам бус хүмүүсийн дундаас нэр дэвшиж сонгодог байх зэрэг өөрчлөлт хийж болно. Нам бус гишүүдээс бүрдсэн Үндэсний их хурлаа Улсын бага хурлаараа хянадаг, ёс суртахууны болон эрүүгийн хэрэгт холбогдвол хариуцлага тооцдог болох юм. Мөн дээд боловсрол, залуу гэр бүлийн орон сууцыг үнэ төлбөргүй болгох зэрэг асуудлыг тусгасан үнэхээр ирээдүйтэй, гарцтай Шинэ дээд Үндсэн хуулийг Их чуулганаараа хэлэлцэж, төлөөлөгчид ч дэмжин сайшааж тогтоол гаргалаа. Одоо ард иргэддээ өргөн барьж, гарын үсэг зуруулахад бэлэн болж байна.  Одоо төрийн үйл ажиллагааны гажуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үүнийг засахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй. Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Түүнээс биш МАН, АН, МАХН батлахгүй. Тийм учраас бид ард түмнийхээ гарын үсгийг цуглуулна. Бид байгалийн баялгаа зөв хуваарилж байж иргэдээ орон сууцжуулна. Залуучууддаа сайн боловсрол эзэмшүүлнэ. Тавантолгойгоос 100 тэрбум ам.доллар босгох боломжтой. Үүнээс 20 тэрбум ам.доллараар нь 450 мянган өрхийг орон сууцжуулна. 200 мянган оюутны төлбөрийг нэг жилдээ 200 сая ам.доллар л төлнө. Ийм боломж бидэнд байгаа. Энэ бүхэн Үндсэн хуулин дээр тусгаагүй учраас МАН ажлаа хийхгүй суугаад байна. У.Хүрэлсүхэд битгий найд, Х.Баттулгаас их зүйл битгий хүлээ. Үндсэн хуулиа л өөрчлөх ёстой. Энэ бүхнийг бид Их чуулганаараа хэлэлцсэн" гэсэн юм.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК: Нэг хүн сар шинийн баяраар дунджаар 3-5 кг нэмдэг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сар шинийн баяртай холбогдуулан хоол хүнсний судалгаа гаргажээ. Нэг хүн сар шинийн баяраар дунджаар 3-5 кг нэмдэг юм байна. Уг нь эрэгтэй хүн өдөрт 2500 ккал, эмэгтэй хүн 2100 ккал илчлэгийг хоол хүнснээсээ авах ёстой байдаг ч гурван айлаар ороход дунджаар 3000 гаруй ккал хэрэглэдэг ажээ.

Энэхүү сонирхолтой судалгааг энд дарж үзнэ үү. 

Шинийн 1-нд 5.40-7.40 цагт босохын учир

Монгол түмний төрт ёсны баяр цагаан сар болход цөөн хоног үлдлээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн үндэсний баяраа бид бэлэгшээж,  ёс төртэй гаргасаар ирсэн. Шинийн 1-ний өглөө сэвлэгийг нь үргээгээгүй хүүхэд, хэвтрийн хүнээс бусад гэр бүлийн гишүүд 05:40-07:40 цагт босох ёстой.

Энэ цагт босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй  аж. Хэрэв энэ цагт босвол шинийн нэгний нарыг харж тухайн хүний хийморь сэргэдэг гэж үздэг юм байна. Мөн билэгшээж иржээ.

Д.Сумъяабазар: "Оюу толгой " компанид татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан

Уул уурхайн яамнаас яг одоо цаг үеийн асуудлаар мэдэээлэл хийж байна. Энэ сарын 5-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны нөөцтэй байна. УУХҮЯ өнгөрсөн онд  45.1 сая тонн нүүрс, 1.3 сая зэсийн баяжмал олборлосон байна. Уул уурхайн салбар аж үйлдвэр дотроо 86 хувийг эзэлж байгаа юм. Нүүрсний олборлолт өсссөн байна. Харин он гарсаар улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Зарим хуулиудын давхардалтыг арилгаснаар гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх эерэг нөхцөл үүснэ гэж үзэж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс мэдээлж байна.  

Сэтгүүлчдийн асуусан асуултад ийн хариуллаа.

АМГТГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Л.РАДНААСҮРЭН: КОМПАНИУД ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМНЭ ГЭДГЭЭ БИДЭНД МЭДЭГДСЭН 

-Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн байхад  АИ-92, А-80 автобензины үнэ нэмэгдсэн байна. Үүнд тайлбар өгнө үү? 

-Огцом үнийн савлагаа үүсэхээс сэргийлж шатахуун импортлогчид шатахууны үнээ 20-30 төгрөгөөр нэмсэн. Компаниуд тухайн үедээ энэ талаар мэдэгдсэн. Шатахууны татварыг тэглэснээр төсвөөс 60 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэтгэвэр нэмэхэд Засгийн газраас энэ хэмжээний мөнгө төсвөөс гаргасан. Өнгөрсөн оноос хойш газрын тосны үнэ тасралтгүй өсөж ирлээ. Одоо аажмаар буурч байна. Мөн ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байна. Цаашид жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина. 

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: РОСНЕФТЬ КОМПАНИТАЙ УУЛЗАХАД БИДЭНД ЭЕРЭГ ХАНДЛАГА ГАРАХ БАЙХ 

-Роснефть компанитай уулзаж шатахууны үнийн асуудлуудаа ярьсан уу?

-Роснефть компанитай уулзахад бидэнд эерэг хандлага гарах байх. Шийдвэр гаргах түвшний уулзалтууд явагдсаны дараа тоо баримт хэлэх хэрэгтэй байх. 

-"Оюу толгой" компани ногдол ашиг хуваарилж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

"Оюу толгой" компани 66 хувь дээр ногдол ашиг хуваарилж байгаа гэж ойлгосон. Үлдсэн 34 хувь хэзээ ногдол ашигаа авах вэ. Ногдол ашигаа авахын тулд бид өгөөжөө нэмэгдүүлэх, хүүгийн зардлыг бууруулах тал дээр санал солилцоод, бодлогын түвшинд ойлголцоод явж байгаа. 

-"Оюу толгой" компанид татварын акт тавьсан асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? 

-"Оюу толгой " компанид татварын акт тавигдах нөхцлүүд оны өмнө яригдаад явж байсан. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бол татвараа төлөх л ёстой.  

Хуурамч дугаар ашиглан хөдөлгөөнд оролцвол жолооны эрхийг хасна

Сар шинийн баярыг угтан автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Гэвч зарим иргэд хуурамч улсын дугаар ашиглан хөдөлгөөнд оролцсон зөрчил гарах болжээ. Хуурамч дугаар ашигласан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ЗЦА-наас анхааруулав.

Уг заалтад "Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, хүнийг тавин нэгж (50 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгж (500 мянга)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байна.

Таны маргаашийн ажилд тань амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
benzin butsaad nimegdsen bn le temtsyaa mongolchuudaa
2018/02/13 103.10.21.100