8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: ОХУ-аас “Ми-8”-ын хар хайрцагны хариу ирж, Малчдын зээлийн хүүг 10 хувь болгосон өдөр

2016-01-27 19:00:00

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. Дашрамд сонирхуулахад, дэлхийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт энэ өдөр мэндэлж байжээ. Ингээд шинэлэг, сонирхолтой мэдээлэлээр дүүрэн тойм мэдээлэлээ хүлээн авч үзнэ үү.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Иргэдийн итгэл дээр дөрөөлсөн “Юнивишн”-ны хууралт

Шилэн кабелын холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурван үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно сүржин рекламдсаар “Юнител” группийн охин компани “Юнивишн” хэдэн жилийн өмнө нээлтээ хийж байв. Ингэснээрээ энэ төрлийн үйлчилгээгээрээ монголд анхдагч болж, хэрэглэгчдийг хуйлруулж чадсан юм. Гэвч энэ хугацаанд итгэл хүлээлгэж, сонгосон хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүртэл үйлчилж чадсан билүү. “Хэрэглэгчдээсээ илүү их мөнгө авдаг”,“Хэрэглэгчид нь ШӨХТГ-т гомдол гаргасан байна”, “IPTV гацалтын гайхамшгийг харуулж байна”, “Зурагт интернэт нь гацчихлаа”, “Интернэтийн хурд нь зохих хэмжээндээ хүрэхгүй байна” гээд л тоочвол тоймгүй. Хамгийн сүүлд гэхэд л Юнивишн-ы төхөөрөмж дэлбэрсэн. Азаар тэр айлд хүн байгаагүй. Гэвч эзгүй хойгуур нь дэлбэрэлт аль нэг газар оч үсэргэж, галын аюул учруулсан бол яах вэ? Үнэндээ энэ компанийн төхөөрөмж нь найдваргүй. Радиатор нь зүгээр нэг утасны цэнэглэгч аятай.  

Гэвч “Юнивишн” компани ирэх сарын эхний өдрөөс эхлэн интернэтийн хэрэглээг нь хязгаарлаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал өмнө нь 29 900 төгрөгийн багцын интернэтийн хурд нэг мб, хэрэглээ хязгааргүй байсан. Тэгвэл шинэчлэлтээр гурван мб хурдаар 100 гб интернэт ашиглах, 39 900 төгрөг-200 гб интернэт,  54 900 төгрөг – 300 гб интернэт,  89 900 төгрөг – 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож хэрэглээг хязгаарлажээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж уншина уу.

Б.Түвдэндорж: Энэ асуудал бол янаглан хорлох үйл ажиллагаа болсон

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж тав хоногийн завсарлага авсан. Тав хоногийн завсарлага энэ долоо хоногт дуусаж энэ асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн үед  улс төрийн хүрээнд хамгийн яригдаж байгаа Нийслэлд мандатын тоог нэмэх, болон Ерөнхий сайдыг огцруулах асуудалд намууд ямар саналтай байгаа талаар  УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Б.Түвдэндорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудал янаглан хорлох үйл ажиллагаа болсон

- Засагт хамтарч байгаа Шударга ёс эвсэлээс эсрэг саналтай хүмүүс байгаа шдээ. Ирцээ сайн бүрдүүлэхгүй бол Засгийн Газар огцорч магадгүй харагдаж байна?

Манай намын бүлгийн шийдвэр гарчихсан байгаа огцруулахгүй гэдэг дээр 100 хувь санал нийлсэн. Ганц нэг гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Гэхдээ энэ асуудалд ирж оролцоно гэсэн. Ирцээ 100 хувь бүрдүүлнэ.

- МАН мандатын тоотой холбоотой шантааж хийж байгаа. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

- Энэ хоёр асуудал бол хоорондоо холбоогүй асуудал. Засгийн Газрыг огцруулах асуудлыг тавихдаа  Г.Уянга гишүүний албан бичиг дээр тавигдсан боловч гол цаана нь байсан хүч нь бол МАН байсан нь тодорхой болсон. Энэ нь улс орны хэмжээнд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед гадаад хөрөнгө оруулалт татах чухал үед улс төрийн асуудал босгож ирсэнээрээ манай улсын эдийн засагт хохиролтой. 

Энэ асуудал бол янаглан хорлох үйл ажиллагаа болсон. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж  уншаарай

Малчдын зээлийн хүүг 10 хувь болгоно

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулахаар болсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өнөөдрийн байдлаар малчны зээлийн хүү сард 2.5 хувь байгаа нь маш өндөр үзүүлэлт. Малчны зээлийн хүү жилд 30 хувь байгааг 10 хувь хүртэл бууруулах боломж бий. Хоёр долоо хоногийн өмнө Малчны зээлийн хүүг бууруулах ямар гарц байгааг судлах үүрэг холбогдох хүмүүст өгсөн” хэмээв. Манай улсын нийт малчдын 60 ба түүнээс дээш хувь нь малаа барьцаалан арилжааны банкнаас зээл авсан үзүүлэлт гарсан байна. Малчдын төлдөг зээлийн хүү сарын 2.6-2.8 буюу жилдээ 31-35 хувь байна.

Х.Болорчулуун: М.Зоригт мэтийн шоучид намайг шүүдэггүй л байхгүй юу

Зам тээврийн сайд М.Зоригт өчигдөр цахим хуудсаараа дамжуулан Дорнод аймагт нэр дэвших хүмүүсийн нэрийг постлоод “Дорнод аймгаар тоглуулахгүйн тулд би нэр дэвшинэ” хэмээсэн. Тэгвэл Х.Болорчулуун “УИХ-ын гишүүн М.Зоригт миний өмнөөс хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр баахан юм ярьж, бичсэн байхыг харлаа.Төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаад УИХ-д сонгогдсоны хувьд, миний хэн болох тухай нутгийнхан маань М.Зоригтоос илүү сайн мэднэ гэж боддог. Тиймдээ ч ажил хэргийг маань шүүн тунгаах эрх мэдэл нь Дорнодчуудад байгаа. Түүнээс биш М.Зоригт мэтийн шоучид намайг шүүдэггүй л байхгүй юу.
М.Зоригт гэдэг хүнд миний нутгийнхан итгэл хүлээлгээд сонгож байсан үе бий. Дөрвөн жилийн дараа эргээд очиход нь тохирох дүнгээ тавиад, за больё доо гэж хэлээд буцааж байсан үе ч бас бий” гэжээ.

Өршөөлөөр суллагдсан иргэдэд 1 сая төгрөг олгоно

Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, эдгээр иргэнд зориулсан “Сайхан амьдрал таны гарт” сарын аяныг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан байна. Аяны хугацаанд Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд сургалтад хамрагдаж, бизнес хийх төсөл бичих зэрэг олон зүйл сурсан аж. Сургалтад хамрагдсан иргэдийн бичсэн төслөөс 50-ийг нь шалгаруулан бизнесээ эхлүүлэх боломжийг ханган сая, сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ.

63 настай эмээгийн чихийг нь сэт татаж, ээмгийг нь авч зугтаажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн  63 настай эмэгтэй Б-г гэртээ ганцаараа байх үед гэрт нь орж дээрэмдсэн ноцтой хэрэг гарчээ. Хохирогчийн гэрт 160 орчим см өндөртэй эрэгтэй хүн орж ирэн зодож, чихэнд нь зүүсэн байсан хос ээмгийг чихийг нь сэт татан авчээ. Тус этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан баривчилсан байна.

Өнгө,өнгийн бууз хийж баярын ширээгээ чимээрэй

Та сар шинийн баяраар олон өнгийн бууз хийхийг хүсч байна уу. Тэгвэл та хүнсний ногоо ашиглан олон өнгийн бууз хийж болох аж.  Орц:  мах,сонгино, давс, амтлагч, гурил,ус, хүрэн манжин,лууван, спинач буюу буудай. Эхлээд мах, сонгино,давс,амтлагчаа жижиглэн хэрчээд хольж бэлтгэнэ. Үүний дараа хүрэн манжин-хүрэн,лууван-улбар шар, спинач ногоон өнгийг гаргадаг аж.Ногоогоо тус тусад нь миксердэж, шүүсийг нь гаргаад гурил зуурах усандаа хийнэ. Ингээд өнгийн гурилаараа буузаа хүссэн хэлбэр гарган чимхэж болох юм байна.

ОХУ-аас “Ми-8”-ын хар хайрцгийг уншсан хариу иржээ

ОХУ-ын Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох хорооноос Налайхад осолдсон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын МИ-8 нисдэг тэрэгний хайр хайрцагийг уншсанаа мэдэгдсэн байна. “Хар хайрцагны бичлэг 10 гаруй хуудас материал болсоныг УМБГ өгсөн байна.  Энэ материалд үндэслэн шинжээчид дүгнэлт хийх юм байна.

Өнөөдрийн зарим үйл явдлыг цөөн үгээр

-ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа.

- НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "School police" төслийн үр дүнг танилцуулах, идэвх санаачилгатай ажилласан эцэг эхчүүдийг урамшуулах ёслолын ажиллагаа болов.

- Чингис бондын хөрөнгөөс хятад компаниудад өгсөн талаар "Өргүй Монгол" ТББ-аас мэдээлэл хийлээ.

- УИХ-ын Сонгуулийн мандатыг багасгах гэж байгааг эсэргүүцэж "Завхан Эв Нэгдэл" залуучуудын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэдийгээр нийслэлийн хүн амд цөөнгүй тооны гишүүн шаардлагатай гэж үзэж байгаач хараа хяналт төрийн үйлчилгээнээс алс байдаг аймаг, сумдад нэрмээс болно гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.
- МАХН-ын “Онц Их Хурал”-ын 5 жилийн ойд зориулсан "Хөгжлийн хувьсгал" арга хэмжээ МҮЭСТО-д  боллоо. Арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс МАХН-ын гишүүд дэмжигчид ирж оролцов.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл