8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын багийн түрүүч БИШКЕКИЙГ зорьж, бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон өдөр

2018-02-27 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Х.Нямбаатар: Стандарт банкнаас зээлсэн мөнгө Эрдэнэтийн дансаар орсон байна

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая ам долларыг зээлсэн байдаг. Энэхүү хөрөнгийг "Жаст"-ын Ш.Батхүү зээлсэн бөгөөд 51 сая долларыг төлж чадаагүйгээс үүдэн уг асуудал Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж Монгол улсын Засгийн газраас үндсэн зээл болон 51 сая доллар хүү алданги болон бусад төлбөрийн хамтаар нийт 103 сая доллар нэхэгдэж байгаа юм. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь Авлигатай тэмцэх лобби бүлгийн гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нарын гишүүд мэдээлэл хийлээ. 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ҮЕИЙН УДИРДЛАГУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Мөн Ерөнхийлөгчид хандан тодруулга мэдээ өгөхийг хүссэн албан хүсэлтийг хүргүүлсэн. Энэ дагуу тэднээс хариулт ирсэн. Эрдэнэт үйлдвэрийг битүүжлэх, эд хөрөнгийг хураах шийдвэрийг Английн Арбитрын шүүхээс гарсан. Тэгэхээр уг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бий боллоо. Уг асуудлыг АТГ шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг Засгийн газраас өгсөн. Гэхдээ нэгдүгээрт,  Эрдэнэт үйлдвэр Жаст групп-т баталгаа гаргаж өгсөн нь тодорхой болоод байна.  Эрдэнэт үйлдвэрийн баталгаатайгаар Стандарт банкнаас мөнгө зээлсэн нь тодорхой боллоо. Хоёрдугаарт, Стандарт банкнаас зээлсэн Жаст групп бус Эрдэнэт үйлдвэрийн данс руу орсон байна. Тэгээд Эрдэнэтийн данснаас нэгэн компани руу янз бүрийн нэрээр гүйлгээ хийгдэж гарсан байна. Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд уг зээлийг авахад Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргаж өгөн гарын үсгээ зурсан байнаУг нь гүйцэтгэх удирдлагууд 10 сая доллартай тэнцэх хэмжээний хэлцэлд гүйцэтгэх гарын үсэг зурах ёстой. Түүнээс дээш мөнгөний хэлэлцээрт ТУЗ-аас зөвшөөрөл авч гарын үсэг ёстой байтал тэгээгүй байгааг нь Засгийн газраас ирүүлсэн хариултаас тодорхой байна" гэлээ. 

Үүнээс үүдэн Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд төлөх ёстой 103 сая доллар дээрээ нэмээд өдрийн 900 долларын хүүгийн төлбөрт унаж байгаа аж. Өдөрт л 900 долларын хүүгийн төлбөр гарч буй учраас уг асуудлыг яаралтай шийдвэрлэх ажлыг Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос хийх шаардлагатай байгааг тус гишүүд сануулав.

Хамгийн ноцтой нь уг хэргийг үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээлгэх тэдэнд хэрэг үүсгэн шалгах хөөн хэлэлцэх хугацаа дуусах нөхцөл байдалд оржээ. Уг хэрэгт 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэж 2015 онд АТГ- руу шилжүүлсэн. Гэтэл аль аль нь уг хэргийг нуун дарагдуулсан олон нийтэд мэдэгдээгүй өнгөрүүлжээ. Ямар санаатай уг хэргийг нуун дарагдуулсаныг бид хууль хяналтын байгууллагаас асуух ёстой, аль таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна хэмээн Х.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

ХОМ-оо мэдүүлээгүй Б.Билэгт тэргүүтэй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх хугацаа энэ сарын 15-ны өдөр дууссан. Энэ удаад улсын хэмжээнд нийт 40,073 төрийн албан хаагчаас хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авах ёстой байсан ба хуулийн хугацаанд 40.067 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүрэн гаргаж бүртгүүлсэн байна.

Түүнчлэн төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан бүртгүүлэх ёстойгоос 271 хүн мэдүүлж нэг албан тушаалтан буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт тодорхой шалтгаангүйгээр мэдүүлгээ гаргаж өгөөгүй учир АТГ-аас хуульд заасан үүргийг нь сануулж Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдсэн боловч Б.Билэгт хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Бригадын генерал Б.Билэгт нь сүүлд ШШГЕГ-ын даргаар ажиллаж байгаад СЕХ-ны гишүүн болсон билээ. 

Түүнчлэн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай Аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшинтөр нар мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.

Харин Төрийн банкны бүтээгдэхүүн хөгжил судлагааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХ-ын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захиралд Я.Батсайхан нар хуульд заасан хугацааг хожимдуулж хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлжээ.

Тиймээс дээр нэр дурдсан 6 албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ажээ.

Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол ямар хариуцлага хүлээлгэх вэ.

13.8.1. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

13.8.2. Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3. Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.4. Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

13.9. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

С.Амарсайхан: АН-ынхан хувийн асуудлаа тулгаад үүд сахиад суудаг

НИТХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр НИТХ-ын АН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдсэн юм. Тэд уг үндэслэлээ албан бичгээр өргөн барьсан. Тэгвэл уг асуудлаар сөрөг хүчний дарга болоод НИТХ-ын дарга С.Амарсайхан нар ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе. 


НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын дарга нь НИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулж чадахгүй байгаагийн улмаас нийслэлийн захиргааны байгууллагууд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг дэмжихгүй, үл хүндэтгэсэн байдлаар асуудалд хандаж байна.  Нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй, албан бичгийн дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлдэггүй асуудал удаа дараа гарсаар байна. Иймд цаашид НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс  НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьж байна. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бид өнөөдөр Нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш. Би энэ албыг авсан шиг аваад, өгсөн шиг өгч чадна. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суучих, та нарын зарим нь хувийн асуудал яриад ороод ирдэг. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор элдвээр мушгиад эхэлдэг. Шийдэгдэх боломжгүй асуудлууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломжгүй гэдэг. Хувийн асуудлаа тулгаад үүд сахиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруулах асуудлыг хөндөж байгаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Монголын багийн түрүүч БИШКЕКИЙГ зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд маань өнөөдөр эх орноосоо мордов. Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гаригт Кыргызстаны нийслэлийг зорино. Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах (Алдар), 61 кг-д Ц.Чинзориг (Мэргэд хангай), 65 кг-д Э.Ням-Очир (Хилчин), 70 кг-д Б.Бямбадорж, 74 кг-д Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д Г.Төрболд (Женко), 86 кг-д О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д Б.Одсүрэн (Мэргэд хангай), 125 кг-д Н.Золбоо (Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д Э.Сумъяа, 55 кг-д Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор (хоёул Хасу-Мегастарс), 62 кг-д П.Орхон, 65 кг-д Э.Цэвэгмид (хоёул Алдар), 68 кг-д Ш.Түмэнцэцэг (Хилчин), 72 кг-д О.Насанбурмаа (Женко), 76 кг-д А.Чанцалнямаа (Хүч) нар хүч үзнэ. Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, Т.Энхтуяа, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.

Бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо

БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус  өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус үйл ажиллагааны гол зорилго нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.

Ирэх сард цаг агаар ямар байх вэ

ЦУОШГ-аас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ. Урьдчилсан мэдээгээр ирэх сард ихэнх нутгаар  агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Бaруун зүгийн нутаг

Агaaрын дундаж температур нь нутгийн хойд хэсгээр 12-17градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс голын хөндийгөөр  шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Гуравдугаар сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн хойд,  Увсын баруун, Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун өмнөд, Баян-Өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулс, Олон нууруудын хөндийгөөр 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе  ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 Төвийн нутаг

Агаарын дундаж температур нь Дархадын хотгороор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн ба Хөвсгөлийн хойд, Архангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 3-8 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр бүх нутгаар дулаарч Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хойд, Булганы ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. 

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн төв хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр Хөвсгөлийн уулсаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг

Агаарын дундаж температур  ихэнх нутгаар 5-10 градус хүйтэн байх ба Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч суларч шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зүүн өмнөд хэсгээр, сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас, гуравдугаар арав хоногийн  дунд үеэр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг

Агаарын дундаж температур нь Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-4 градус хүйтэн байдаг ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар  арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногт нийт нутгаар дулаарч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

Өмнөговийн өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй .

Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр, сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18м/с, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 16-18 м/с,  зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартыг хангасан дэлхийн хоёрдох орон боллоо

Эрдсийн баялаг ихтэй дэлхийн 51 улс нэгдэн орсон ОҮИТБС-ын стандартын шаардлагыг хангасан анхны орноор 2017 оны 10 дугаар сард Филиппин улс хүлээн зөвшөөрөгдсөн бол манай улс 2018 оны 2 дугаар сард хоёрдох орон боллоо. Мөн Тимор Лесте улс стандартыг хангасан гуравдахь орноор хүлээн зөвшөөрөгдсөн нь Ази, Номхон далайн бүс нутаг ОҮИТБС-ын тэргүүлэх орнууд болж, эрдсийн баялгийн салбараа хариуцлагатай, нээлттэй болгохын төлөө амжилт олж байгаагийн илэрхийлэл гэж Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан хэллээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) нь эрдсийн баялгийн удирдлага, засаглалыг сайжруулахын тулд татварын төлбөр, орлого, тусгай зөвшөөрлийн олголт, хайгуул, олборлолт, борлуулалт, эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн оролцоо, орон нутгийн төлбөр, хандив, дэмжлэг, үр нөлөө,  гэрээ, ашиг хүртэгч эцсийн эзэд гээд 20 гаруй багц мэдээллийг стандартын дагуу ил тод болгохын төлөө төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн эрх тэгш хамтран ажиллагааны түншлэл юм.

Монгол улс эрдсийн баялгийн нөөцөө зөв удирдан засаглах, хариуцлагатай байхын ач холбогдлыг ухамсарлан 2006 онд ОҮИТБС-д нэгдэж, одоо Дэлхийн 50 гаруй орнуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллагын гишүүн болсон байна.

ОҮИТБС-ын стандартын гол шаардлага бол 3-5 жил тутам хэрэгжүүлэгч орнууддаа “Баталгаажуулалт” хэмээх чанарын хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулдаг явдал юм.

Монгол Улсын ОҮИТБС-ын “Баталгаажуулалт”- ыг 2016-2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаан дээр зохион байгуулж, засч сайжруулах хэд хэдэн үйл ажиллагаанд үнэлгээ өгсний үндсэн дээр 2018 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болсон хуралдаан дээрээ ОҮИТБС-ын Удирдах хороо Монгол улсыг ОҮИТБС-ын стандарт, шаардлагуудыг хангасан орноор хүлээн зөвшөөрсөн байна. ОҮИТБС-ын дарга ноён Фрэдрик Рэйнфилд:

“Монгол улс 18 сарын өмнө хийгдсэн анхны баталгаажуулалтаас хойш олборлох салбарт ил тод байдлыг хангах чиглэлээр, түүний дотор уг салбар дахь төрийн оролцоог олон нийтэд ил тод болгох асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан байна. Бүх шаардлагуудыг хангана гэдэг бол онцгой үйл явдал, нэр хүнд бөгөөд стандартын дагуу ил тод байдлын өндөр түвшинд хүрсэн нь бүх оролцогч талууд чухал хувь нэмрээ оруулсныг илтгэж байна. Монгол улс энэ ололт, амжилтаа цаашид бататган, эрдэс баялгийн салбарт иргэний хяналтыг идэвхжүүлэхэд төр, компанийн системд нь ил тод үйл ажиллагааг эргэлт буцалтгүй нэвтрүүлж өгөхийг уриалж байна” гэжээ.

Хэвлэлийн бага хуралд Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, “Төлсөн авснаа нийтэл” ТББ-ын эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэг, КейПиЭмЖи ХХК- ийн аудит, зөвлөх үйлчилгээний захирал М.Эберст, ерөнхий захирал Г.Соёлмаа, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар уг хуралд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment