Энэ сарын 1-ны өдөр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан УБТЗ-ын Удирдах газар болон “ТМХС Монгол” компанийн байранд нэгжлэг хийж, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон орлогч дарга Г.Ганболд нарын өрөөг битүүмжилж, хяналт шалгалт хийсэн гэх мэдээлэл гарсан. Харин УБТЗ-ын зүгээс ийм үйлдэл гараагүй гэх албаны мэдэгдлийг өчигдөр өгсөн билээ.
Тэгвэл АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж ийм үйл явдал болсон гэж хэлэв. Тодруулбал, олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан "Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Жил хоёр сар болж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдээд АТГ-аас нийслэлийн прокурорт хүргэгдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна. УБТЗ дээр байгаа ноцтой хэрэг бол тухайн газраас гарсан мөнгөн гүйлгээ нь офшор дансанд орсон байгаа. Засварын машин, 977 вагоны асуудал гэх мэтээр Д.Жигжиднямаа нь төрийн өмчит компанийн мөнгийг хууль бусаар ашигласан, албан ёсны хянагдах ёстой гарын үсэггүйгээр эдгээр асуудлууд шийдэгдсэн зэрэгт холбогдож байгаа" гэв.
Өмнө нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Авлигатай тэмцэх газар албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнийг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машиныг өндөр үнээр худалдан авсан, өнөөдөр үйлчилж буй хууль дүрмийг зөрчин 1000 ширхэг актлагдсан ачааны вагон оруулж ирсэн гэх зэрэг мэдээлэл гарч байсан. Тодруулбал, Хэрэглээнээс гарсан хуучин вагоныг оруулж ирэхдээ их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэж буй.
2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхийлөгчид УБТЗ ХНН-ийн дүрмийн санг 250 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү тохиролцооны хүрээнд Монголын тал 125 сая ам.долларыг 2012 онд УБТЗ-ын дансанд шилжүүлсэн бол, Оросын тал “ВТБ” гэгч банкнаас зээл авч зээлдсэн мөнгөөрөө 2ТЭ-116УМ серийн гол замын зүтгүүр 30 ширхэгийг, ТЭМ-18 ДМ серийн сэлгээний зүтгүүрийг худалдан авч УБТЗ-д нийлүүлжээ. Хачирхалтай нь Оросын талын хувь нийлүүлэгч буюу “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс өөрийн хүлээсэн үүргийн дагуу зээлдсэн хөрөнгийн хүүг УБТЗ тодорхой хугацаанд төлж ирсэн байдаг. Зарим шинэ зүтгүүрүүдийн оронд их засвар хийгдсэн зүтгүүрүүдийг ч нийлүүлсэн гэх мэдээлэл бий.
ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шалгалтын үеэр УБТЗ-д нийлүүлж байгаа вагон, тоног төхөөрөмж зэргийн үнийн тариф, УБТЗ-аас шилжүүлсэн мөнгө хэний данс руу орсон бэ гэдгийг шалгаж тогтоохоор холбогдох бичиг баримтыг хураан авсан байна гэх мэдээлэл байгаа юм.
Т.Энхэлээ