8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Алга болсон 13 настай охиныг олж, Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ байцаасан өдөр

2018-03-14 18:40:00

Хаврын урин дулаан улирал эхэллээ. Хаврын тэнгэр ааштай гэдэг хуйсгана янз янзын ааш гаргана, бас хуурайшдаг. Өчигдөрхөн дулаан байсан цаг агаар өнөөдөр цас орж, хүйтэн шуурга шуурч байна. Харин маргаашнаас цаг агаар ямар байх талаар мэдээлэл хүргэе. Та бүхэн цаг агаарын байдалтай зохицуулж, хувцаслахыг сануулж байна. 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд  Алтай, Хангайн уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,   18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.  Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19  градус, өдөртөө 0-5  градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан  байна.  Ингээд үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Өнөөдрийн онцлох ярилцлага  

Ц.Мөнхцэцэг: 28 жилийн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадаагүй байна

Улс төрийн намын хөгжил сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг Тусгаар тогтнолын ордонд өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр улс төр судлаач, доктор, дэд проффессор Ц.Мөнхцэцэгтэй Монголын улс төрийн намуудын хөгжлийн талаар ярилцлаа.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ОЛОН ЗҮЙЛ ДОГОЛДОЛТОЙ БАЙНА 

- Монголын улс төрийн намын тухай хуульд тодорхой ямар шинэчлэлийг хийх шаардлагатай байна вэ?

- Ардчилалд шилжсэн 28 жилийн хугацаанд манай улс төрийн намууд төлөвшөөгүйгээс гадна санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт, иргэдтэй харилцах үйл ажиллагаа нь доголдолтой байна. Тиймээс энэ хаврын чуулганаар улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хэлэлцүүлгийг хийнэ. Хуулийн шинэчлэлийн хүрээнд судлаачдын зүгээс дэлхийн улс орнуудын намын төлөвшил, чиг хандлага, Монголын нөхцөлд тохирох эрх зүйн орчин, санхүүжилт зэрэг асуудлаар бодлогын судалгаа, зөвлөмжүүдийг хийж өгч байна. Намыг хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын хэрэгсэл гэж иргэд ойлгодог болжээ. Мөн аливаа намд элсэхэд бодлого, үнэт зүйлийг нь харахаасаа илүүтэйгээр ашиг хонжоо, албан тушаалын наймаа хардаг болсон байна. Үүнийг арилгах ёстой юм. Дэлхийн улс орны намууд бодлого барьж ажилладаг болж байна. Бодлогын нам болсон гэсэн үг. Нам нь хөгжлийн бодлого боловсруулагч, үйл ажиллагаа нь нээлттэй, санхүүжилт нь ил тод, хариуцлага хүлээдэг тогтолцоо руу явж байна. Манайх ч мөн ийм тогтолцоо руу орох ёстой.

- Намын тухай ойлголтыг ямар хүрээнд авч үзэх ёстой юм бэ? Бодлогын нам гэх ойлголтын талаар мэдээлэл өгнө үү?

- Тухайн нам үнэт зүйл, үзэл баримтлал, суурь бодлогын баримт бичиг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй бодлогыг дэвшүүлэх ёстой. Монголын өнгөрсөн жилүүдийн сонгуулийн үйл явцыг харахад намын суурь бодлогоос зөрсөн бодлогыг хэрэглэж ирсэн байна. Тухайлбал, либериал намууд зүүний чиглэлийн буюу нийгмийн халамжийн бодлого дэвшүүлэх,  ялахын тулд популист маягийн алсын хараагүй бодлого дэвшүүлэх зүйл түгээмэл бий. Тиймээс  намын үзэл баримтлал, суурь мөрийн хөтөлбөр нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэйгээ уялдах ёстой гэж шинэ хуулинд тусгах юм. Хэрвээ энэ заалтыг дагаагүй бол тухайн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүртгэхгүй байх гэх мэт зохицуулалтыг хийх ёстой юм. Нам нь бодлогын институт гэдэг утгаараа төрийн бодлогод тодорхой хэмжээний хяналт тавина. Гэхдээ энэ нь сөрөг хүчний тухайд яригдана. Эрх барьж буй намын тухайд бодлогын хөтөлбөрөө боловсруулахдаа судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний үндэслэлтэйгээр бодлогоо хийх ёстой. Түүнээс биш сонгуулийн дөрвөн жилийн ашиг харсан, өнөө маргаашдаа ард иргэдийн дэмжлэгийг хүлээх популист бодлого барьж болохгүй юм. Энэ байдал л Монголын хөгжилд дөнг болж ирлээ. Үүнийг арилгах ёстой.

- Намын гишүүнчлэлийн хувьд ямар хэлбэртэй байвал зөв бэ? Бусад улс орнуудын нийтлэг чиг, хандлага яаж өөрчлөгдөж байна вэ?

- Европын намууд харьцангуй сул гишүүнчлэлийн бүтэц рүү шилжиж байгаа. Ер нь дэлхий нийтэд улс төрийн намд үл итгэх байдал газар авч байгаатай холбоотой учраас сул гишүүнчлэлийн бүтэц рүү шилжиж байна. Манай улсад ихэнх намууд хуучны коммунист маягийн массын бүтэцтэй. Шинэ хуулиар массын намын бүтцийг тодорхой хэмжээнд сулруулах, бүтэц зохион байгуулалтын нэгжүүдийг орон нутгийн бүх түвшиндээ бус тухайн нам өөрийн үзэмжээр зохицуулахаар буюу нээлттэй зааж оруулж байна. Тэгэхгүй бол тухайн орон нутгийн сонгуульд өрсөлдөх нам бүх нэгж, сум, багт үүртэй байхыг шаардсан хууль өнөөдөр үйлчилж байна шүү дээ. Энэ нь сонгуулийн хууль болон бусад хуулиар массын намын бүтцийг баталгаажуулсан эрх зүйн орчныг бий болгоод байна. Цаашид улс төрийн нам харьцангуй сул бүтэцтэй байхыг шинэ хуулиар нээлттэй болгосон. Монголын 70 жилийн түүхэн дэхь коммунист дэглэмийн онцлог, иргэдийн улстөрийн намын тухай ойлголт, хандлагадаар шууд гишүүнчлэлгүй болгон заах боломжгүй байна. Тиймээс алсдаа сул гишүүнчлэлтэй болох зохицуулалтыг хийнэ. 

- Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн зарим намуудын үзэл баримтлал нь тодорхойгүй байдаг. Ямар үзэл баримтлалаар ажиллахаа тодорхойлж чадахгүй байгаа нөхцөлд бодлогын нам руу шилжих боломж бий гэж үү?

- Нам нь бодлого, үнэт зүйл, эдийн засгийн болоод нийгмийн бодлого, хүний эрхийн чиглэлээр баримтлах бодлогоо тодорхойлсон байх ёстой.

Дэлхийн улс төрийн ихэнх намууд харьцангуй төвийг сахисан байр, суурьтай болсон байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хүртэл тухайн намынхаа суурь бодлоготой нийцсэн байх ёстой. Өнөөдрийн хувьд тухайн сонгуульд зориулан олны анхаарал татах гэсэн популист амлалтуудыг өгдөг учраас суурь баримтлах бодлоготойгоо зөрчилөөд байгаа юм. Үүнийг алсдаа цэгцлэх ёстой.  Иргэн хүн тухайн намд элсэхдээ суурь үнэт зүйл, үзэл баримтлалыг харах ёстой юм. Монголын нөхцөлд албан тушаалтай эсвэл ажилтай болохын тулд намд элсэж байна. Энэ уламжлалт хандлагыг өөрчлөх ёстой. 28 жилийн хугацаанд намын төлөвшлийг төдийлөн амжилттай болгож чадаагүй байна.  

Монгол улсын насанд хүрсэн хүмүүсийн 20 орчим хувь нь улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад их өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, монголчууд их намжсан, намд элсэх сонирхолтой байна. Мөн хэд, хэдэн намд бүртгэлтэй хүмүүс ч байна. Энэ бол өнөөдрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гишүүнчлэлийг эргэн бүртгэлжүүлэх, орчин үеийн намын гишүүнчлэлийн талаар баримтлах бодлого, хувилбаруудыг хэрэглэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй  ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

Д.Уранбилэг: Монголд анхны “ОРД” хүүхдийн уран бүтээлийн арт галерейг нээгээд байна

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дарга Д.Уранбилэгтэй ярилцлаа. 

-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд өнгөрөгч 2017 он уран бүтээл арвин, ажил ундарсан жил болж өнгөрлөө. Өнгөрсөн жил хийсэн ажлуудаасаа хуваалцана уу? 

-Баярлалаа. Юуны өмнө хаврын урь орсон энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Монголдоо цорын ганц үнэ төлбөргүй сургалт явуулдаг Хүүхдийн урлан бүтээх төв өнгөрсөн жил чамгүй олон ажил хийж, тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүллээ. Манай төвийн хамт олон “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвөөс санаачлан олон улсын болон улс нийслэлийн хэмжээнд олон арга хэмжээг анхлан зохион байгууллаа.

Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэгтэй хамтран "Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадам", “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн анхдугаар наадам, Монголд суугаа Элчин сайдын яамдуудтай хамтарсан олон талт соёлын арга хэмжээ, мөн гадаадын болон дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтарсан хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн, уралдаан, өдөрлөгүүдийг зохион байгууллаа. Түүнчлэн манай төвийн хамт олон хүүхдийн уран бүтээлийн “Орд” арт галерейг өөрсдийн хүч хөдөлмөрөөр засварлаж нээлээ. Бидний хийж бүтээсэн үйлс бүр өргөн хүрээг хамарсан хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжсэн ажил болсонд баяртай байгаа. 

-Өөрсдийн гараар арт галерейг нээжээ. Энэ галерейд өнөөдөр танай төвийн хүүхдүүд “Монгол гоо” хэмээх үзэсгэлэнгээ дэлгэсэн нь харагдаж байна?  

-Тиймээ. Монголын хүүхдийн урлан бүтээх төвд жил бүр олон мянган авьяаслаг хүүхдүүд суралцдаг. Хүүхдүүд маань өдөр бүр урлан бүтээх өрнүүн их хүслээр суралцаж байна. Бид хүүхдүүдэд хөдөлмөр, гоо зүйн мэдлэг олгож, амьдрах арга ухаанд сурган, Монгол улсдаа бүтээлч иргэнийг төлөвшүүлэн бий болгохын төлөө хичээн ажилладаг. Хүүхэд бүхэн өөрийн хийж бүтээсэн зүйлээ бусдад харуулах, таниулах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Харин төдийлөн хүүхдийн авьяасыг дэмжээд үнэ төлбөргүй үзэсгэлэнг нь гаргадаг галерей ховор.Тиймээс бид өөрсдөө санаачлан хийсэн. Өнөөдөр "Орд" арт галлерейд маань өдөр бүр хүүхдийн уран бүтээл дүүрэн дэлгэгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Одоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан ЕБС-иудын ахлах ангийн эмэгтэй сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдийн хамтарсан “МОНГОЛ ГОО” үзэсгэлэн гарсан байгаа. 

Энэ үзэсгэлэнд Монгол түмний хэл бичиг, хувцас эдлэлийн соёл, хүний сэтгэлд орших төгөлдөр гоо ертөнцийг тодотгон харуулах, бүсгүй хүний, эх хүний дотоод гоо үзэсгэлэнг дүрслэх урлагийн олон төрлөөр илэрхийлэн гаргасанаар хүүхэд багачууд, залуучуудад эмэгтэй хүнийг хайрлах, хүндэтгэх, дээдлэх чанарыг төлөвшүүлэхэд хувь нэмэр болох  зорилготой. Нийт 90 гаруй бүтээл тавигдсан баялаг сайхан үзэсгэлэн боллоо.

-Энэ галерейд зөвхөн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэх үү. Өөр үзэсгэлэнгээ дэлгэх хүсэлтэй хүүхэд багачууд, уран бүтээлчид хандаж болох уу? 

-Мэдээж бололгүй яахав. Энд зөвхөн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхдүүд  үзэсгэлэн гаргана гэсэн ойлголт байхгүй.Бид авьяаслаг хүүхэд бүрийг, уран бүтээлчдийг дэмжиж ажиллана.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Ойгоо угтаж ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 

-Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв анх 1988 онд Монгол Улсын Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж 30 дахь жилтэйгээ золгож байна. Ойгоо угтаж олон шинэ ажил санаачлан хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ хавартаа багтаж Нийслэлийн ЕБС-иудын Дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын анхдугаар наадам, төвийн нэрэмжит хүүхдийн дүрслэх урлагийн олимпиад зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн олон улсын болон улс нийслэлийн хүрээний арга хэмжээгээ уламжлал болгон хийж хэрэгжүүлнэ. Цаашилбал төвийнхөө түүхэн замналыг харуулсан анхны баримтад кино, нэвтрүүлэг, ном товхимол, хүүхдүүддээ дуу хүртэл зориулан хийхээр төлөвлөж байгаа. Бидний өмнө олон сайхан ажил хүлээж байна даа. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 


АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ

 

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа.

Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай ажлын хэсэг НЗДТГ түүний харьяа газруудад хоёр сарын хугацаанд ажиллана. Ажлын хэсэгт 20 хүн багтсан байгаа. Тус бүр өөрийн үндсэн чиглэлийн дагуу хяналт шалгалтаа хийнэ. Ирэх долоо хоногоос хяналт шалгалтын ажлыг эхлүүлнэ. Та бүхнийг бидний ажилд туслахыг хүсч байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Бид Авлигатай тэмцэх газарт болсон хяналт шалгалтын арга хэмжээний нээлтэд оролцож удирдамж авсан. Өнгөрсөн жил АТГ-ын ажлын хэсэг нийслэлд ажиллаж зөвлөмж хүргүүлсний дагуу бид ажилласан. Энэ жил мөн хоёр сарын хугацаанд ажиллах ажлын хэсэг ирж байгаа юм байна. Та бүхний ажилд шаардлагатай бүхий л боломж бололцоогоо дайчлан хамтарч ажиллах болно” гэв.

Ажлын хэсэг нь Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулах юм байна.

Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочийн өөрийгөө зөв удирдах чадвар нь эрс бууран, өөрийн үйлдэлдээ тавих хяналт нь суларч, замын нөхцөл байдлыг үнэлэх чадваргүй болсноос аливаа хөдөлгөөнийг удааширсан мэтээр тусгаж, хүний тархины үйл ажиллагаа бүхий л талаараа доголдож зам тээврийн осол гарах аюул руу бүрэн шилждэг байна.

Иймээс оюун ухаант хүн мөн бол та согтуурсан болон мансуурсан үедээ жолооны ард суухаас эрс татгалзах хэрэгтэй.Хэрвээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Дэлхий дээр 48 секунд тутам 1 хүн согтуу жолоочийн хохирогч болж байна.

Газраа өмчлөхийн тулд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй гэж Газар өмчлүүлэх тухай хуульд заасан байдаг. Энэхүү хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын нэгэнд дуусах тул нийслэлийн Газрын албанаас иргэдэд газраа үнэгүй өмчлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр нэг сарын хугацаатай аяныг санаачилжээ. Иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой аж. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж буй бол шинээр газар олгохгүй.

Үүнээс гадна орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой юм. Ингэхдээ орон нутагт газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэд Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос “Улаанбаатар хотод газар өмчлөөгүй” гэсэн тодорхойлолтыг авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Ингэснээр орон нутагт 5000 хүртэлх м2 газрыг өмчлөх эрхтэй болно гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн нэгдүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

Алга болсон 13 настай охиныг олжээ

"13 настай охин хичээлдээ явна гэж гараад гэртээ ирээгүй" тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан.Тэгвэл Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, охиныг олсон талаар ЦЕГ-аас мэдээллээ. Охины биед ямар ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул олдсон бөгөөд найзындаа байсан аж.

АТГ: Г.Алтанг саатуулаагүй

"Алтжин" группын захирал Г.Алтанг өнгөрсөн долоо хоногт хилээр гарах гэж байхад нь саатуулж, ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид хорьсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Уг мэдээллийг АТГ-аас тодруулахад "Г.Алтанг цагдан хорьж саатуулаагүй" гэлээ. 

Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авсан асуудлаар "Жаст"-ын Ш.Батхүү болон "ТЭЦ-4"-ийн захирал С.Анхбаяр нарыг АТГ-аас нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа юм. Тэгвэл яг энэ хэрэгтэй холбогдуулан Г.Алтанг саатуулсан гэдэг нь худал боллоо. Харин түүнийг хуулийн байгууллагаас шалгаж буй бололтой.  

Эх дэлхийн цаг ес дэхь жилдээ болно

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.

Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2017 онд дэлхийн 187 орны 5251 хотын 3 тэрбум 500 сая хүнийг хамруулж чаджээ. Дэлхийн алдартай газрууд болох Сан Франциско дахь  Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв. “Эх дэлхийн цаг-2018” гуравдугаар сарын 24-ний бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.

2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил ес дэх удаагаа албан ёсоор оролцоно. Энэ сарын 24-нд Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо,  Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл  Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ.  Түүнчлэн энэ өдөр  Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж  “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.

Манай эмэгтэй бөхчүүд өнөөдөр Наран улсыг зорино

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан. Тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр  Наран улсыг зорино. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргууд дээр 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал нар нэмэгдэн Дэлхийн цомд зодоглох юм. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд 2009 оноос хойш тасралтгүй оролцсон бөгөөд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж байв.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл, Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа, Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Пүрэвдоржийн Орхон
65 кг: Соронзонболдын Батцэцэг
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг
72 кг: Очирбатын Насанбурмаа
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа

Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ арав гаруй цаг байцаажээ

“Жаст”-ын Ш.Батхүүг АТГ шалгаж цагдан хориод байгаа. Түүний хэрэгт холбогдуулан  мөн Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Ерөнхий сайд асан Санжийн Баярыг  АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаажээ. Мөн үүнээс гадна оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
идэж ууж хулгай хийсэн мөнгийг нь хураа л даа улсын төсөв хэцүү бна ш дээ новш гэж
2018/03/14 59.153.115.92