8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн үзвэр үйлчилгээний мэдээлэл

2018-03-18 11:30:00

Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эрчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа бол гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ээж, аавтайгаа хамтдаа тоглолт үзэж бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.  

“МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ” ЦЭНГҮҮН

“Хундагаа өргөе”, “Би монгол хүн”, “Нэг л уучилъя”, “Монгол тандаа зүтгэе” зэрэг үзэгч, сонсогчдын зүрх сэтгэлд хоногшсон олон арван дууны үгийг “шагласан” хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат.

Монгол цэргийн баярт зориулж “UB Palace”-ын концертын их танхимд 18.00 цагт “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүнээ хийх юм.

Энэ удаагийнх нь цэнгүүн хоёр дахь нь бөгөөд анхны бие даасан уран бүтээл нь арваад жилийн өмнө болж байжээ.

“Монгол тандаа зүтгэе” цэнгүүнд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Камертон” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Д.Болд, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

Цэнгүүнээс олсон орлогыг сурлагаараа бусдыгаа манлайлж байгаа 100 оюутанд сургалтын тэтгэлэгт нь зарцуулах юм.

“БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ЖҮЖИГ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн ээлжит бүтээл “Би эндээс явахгүй” уянгын драм маргааш 13.00, 18.00 цагуудад тоглогдоно.

Нээлтээ хийсэн өдрөөс үзэгчдийг театрт уях болсон эл жүжгийг зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулан шинэчлэн найруулан тавьсан юм.

Гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон уг бүтээлээр дамжуулж үзэгчид хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс чанар гээд олон зүйлийг мэдрэх болно.

Жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулсан бол гол дүрд нь жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг, Ц.Аззаяа, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нарын жүжигчид тоглосон юм.

“ДОН КИХОТ” БАЛЕТ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ өдөр 17.00 цагт Л.Минкусын “Дон Кихот” балет тоглогдоно.

“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ.

Харин Монголын тайзнаа 1971 оны гуравдугаар сарын 14-нд анх тавигдаж, тэр цагаас хойш тоглогдсоор иржээ.

Балетыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэсэн байна.

Энэ удаагийн балетын дүрүүдийг Соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн, Х.Ганбаатар, С.Ганбат, Б.Саруул, Т.Хан-Очир, Ц.Төмөрсүх нарын уран бүтээлчид дэглэжээ.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment