8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гангаамаа марканд мөнхөрлөө

2018-03-19 15:37:00

Өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд “Дэлхийн 7  тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт блок марк гаргасны нээлтийн ёслол боллоо. Монгол маркийн түүхэнд уулын спортын “Монгол уулчид Гималайд” сэдэвтэй шуудангийн маркийг Монголын уулчдын холбооны 50 жилийг тохиолдуулан 2001 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйлгээнд гаргасан бөгөөд энэ удаа 17 жилийн дараа уг маркийг гаргаж байна.

Энэхүү марканд Антарктидын Винсон массив /4897 м/, Европ тивийн Эльбрус /5642 м/, Африк тивийн Килиманжаро /5895/, Хойд Америкийн Денали /6194 м/, Өмнөд Америкийн Аконкагуа /6962 м/, Австрали ба Далайн Карстенз пирамид /4884 м/, Австралийн Косиюско /2228 м/, Ази тивийн Эверест /8848 м/, ноён оргилууд болон мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана Төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамааг дүрсэлсэн байна.

Маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг ажиллаж, БТСГ-аас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран бүтээжээ. “Дэлхийн 7  тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа” сэдэвт марк нь нэг блок бөгөөд гүйлгээнд гарсан анхны өдөр 2018 оны гуравдугаар 19, хэвлэгдсэн тоо 15 мянган ширхэг юм. Харин анхны өдрийн дугтуй нь 600 ширхэг, анхны үнэ 6000 төгрөг, маркийн хэмжээ 58х35 мм, хэлхээний хэмжээ 120х88 мм бөгөөд офсет хэвлэлийн 4 өнгөөр хэвлэжээ.

Дэлхийн 7 тивийн 8 оргилд Монгол Улсын Төрийн далбааг мандуулсан гавьяат тамирчин, ОУХМ Бадамгаравын Гангаамаа энэ амжилтаараа Монголын анхны “Seven Summiteer” болсон юм. Түүний энэ амжилтанд 2016 оны байдлаар дэлхийн 61 орны 416 уулчин хүрсэн бөгөөд тэдний дотор дэлхийн 18 эмэгтэй уулчин байгаа билээ.

Б.Гангаамаа нь 1989 онд Отгонтэнгэр уулаар анх энэ спортод хөл тавьсан бөгөөд 2019 онд 30 жилийн ой тохиох юм. Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэн ууланд 1998 онд анх авирсан, энэ жил 20 жилийн ой нь тохиож байна. Тэрбээр эх орныхоо ноён оргилд хамгийн олон гарсан, Дэлхийн ноён оргил Эверестэд гарсан 2 дахь Монгол хүн буюу анхны эмэгтэй уулчин гээд олон содон амжилтын эзэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хийсэн юмгүй тэнэг цагаан толгойт Э.Батүүлд Монгол улсийн баатар цол өгөөд мангартдаг төрийн толгойд байгаа мангарууд Гангаамаад ядаж Хөдөлмөрийн баатар цол өгөөсэй . . .
2018/03/23 202.21.113.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment