8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амийг аварч, Монголын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр эхэллээ

2018-03-28 18:40:00

Салхивчаар салхи сэвэлзээд

Сэм сэмхэн сэтгэл хөвөлзөөд

Хөөрхөн үр минь гадаа тоглоод

Хавар болжээ хонгор минь” гэж дуу аялмаар сэтгэл цаанаа л нэг хөнгөн. Хаврын  ариухан сайхан өдрүүд бидний амьдралд аз жаргал аврах нь лавтай. Хаварт дөрвөн улирлын бүх өнгө багтдаг байх гэж үе үехэн бодогдоно. “Хаврын хавсарга хавирга нэвт” гэдэг болохоор хэт тайвширч  хөнгөн нимгэн хувцаслахгүй байхыг анхаараарай. Ойрын хэдэн өдрүүдэд нийт нутгаар шороон шуурга шуурч, хүйтэн байх тул дулаан хувцаслахыг анхааруулж байна. Дашрамд нэг мэдээлэл дуулгахад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна. Энэ иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм. Энэ талаар мэдээллийг энд дарж үзнэ үү. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

VS: Шүүгчдийн авлигал авдгийг хэн нотлох вэ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөл хоорондын ширүүн маргаан үргэлжилсээр. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Шүүх засаглал ялзраад байна. Шүүгчид авлигал авдаг. Хүүхдийн дансанд 500 сая өөрийнхөө дансанд нэг тэрбум төгрөгтэй шүүгч байна. Гурван сая төгрөгийн цалинтай шүүгч яаж ийм их мөнгө хураах вэ” гэж мэдэгдсэн. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хариуд нь ярьсан зүйлээ нотол, нотлохгүй бол уучлалт гуйхыг шаардсан. Гэвч Х.Нямбаатар гишүүн уучлалт гуйх нь бүү хэл 22 шүүгчийг шалгуулах хүсэлтийг АТГ, Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Хэдий Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөл хоорондын хэрүүл мэт харагдавч энэ нь өргөн утгаараа маш ноцтой асуудал билээ. Хэрвээ шүүгчид авлигал авдаг нь нотлогдвол хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл сулрахаас гадна мөнгө авч аливаа хэргийг шийддэг гэх олон нийтийн хардлага батлагдах юм. Үүнээс үүдэн маш олон мөнгөгүй энгийн иргэд өөрийнх нь зөв байсан ч шүүхийн өмнө буруудаж хэлмэгдсэн байх магадлалтай болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэж байна.

 

Х.Нямбаатар: Ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгчийг шалгуулна

-Ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой. Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийн нэр ус, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой. Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна. Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь “Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж,  ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай.  Түүнчлэн Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй  1921 дугаартай шийдвэр гаргасан шүүгч болон бусад холбогдох албан тушаалтнуудтай холбогдох хэрэг бүртгэл нээж, шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Төрийн гурван өндөрлөгийн хэн нь хэдэн төгрөгийн орлоготой вэ

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өнөөдөр олон нийтэд ил боллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд төрийн албаныханы хэн нь хэдэн төгрөгийн орлоготой, хөрөнгөтэй талаарх мэдээлэл үүгээр ил болдог билээ. 

 Ингээд төрийн гурван өндөрлөгүүдийн хэн, ямар орлоготой талаарх мэдээллийг хүргэе. 

Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн 160 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 31 сая, 912 сая төгрөгийн нэг орон сууцтай, 282 сая төгрөгийн Lexus 570 машинтай. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд У.Хүрэлсүх жилийн 134 сая төгрөгийн орлоготой, 162 сая төгрөгийн 2 орон сууцтай, Harley Davidson, Harley Davidson- 1, Lexus,570- 1, Mercedes Benz, ML320- 1 машинууд нь 284 саяынх, дансандаа нэг тэрбум, 756 сая төгрөгтэй.

УИХ-ын дарга М.Энхболд  нэг жилийн орлого 118 сая төгрөг, нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууцтай, үйлдвэр үйлчилгээ 1, 120 сая төгрөгөөр үнэлэгдэх Тoyoto land cruiser 200 машин нэг ширхэг, 900 сая төгрөгөөр үнэлэгдэх 300 адуутай, хурдан удмын 60 адуутай. Долоон компанид хувьцаа эзэмшдэг. 

С.Батчулуун: Монголын төр Их хуралтай байх уу үгүй юу гэдгийг шийдэх цаг болсон

АТОЗ-ын Ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай ярилцлаа.

-МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД ИХ ХУРАЛ НЬ ТАРАХ АСУУДАЛ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Оффшор данстай улстөрчдийг халз мэтгэлцээнд дуудаж байгаа АТОЗ мэдэгдлээ. Яагаад халз мэтгэлцээнд дуудах шийдлийг сонгов?

-Баярлалаа. Юуны өмнө оффшор гэдэг бол ярвигтай, төвөгтэй, ээдрээтэй, асуудал. Энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн хамтарсан хамтын ажиллагаагаар шийдэж болно. Шийдэж чадна. Ингэхийн тулд АТОЗ энэ сарын 29-ний өдөр буюу маргааш Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон Оффшор данстай улстөрчидтэй халз мэтгэлцээн хийхээ албан ёсоор мэдэгдэж байна

Мэтгэлцээний гол шалтгаан, учир нь оффшор бүсийн данстай хамааралтай зарим улс төрчдийн хууль бус хөрөнгө, мөнгө нь ардчилсан тогтолцоо, ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөө, тэгш хуваарилалт, хуулиа дээдлэх, шударга ёс, монголын ард иргэдийн эв нэгдлийг сулруулж, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй, монголын баялгаас хууль бусаар олж авсан орлогоо оффшор болон гадаадын банкинд байршуулж, энэ нь монголын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулсантай холбоотой.

Үүнийг таслан зогсоох, оффшорт байгаа хөрөнгийг оруулж ирэхэд дөхөм болох болов уу гэсэн үүднээс ийнхүү мэтгэлцээн зохион байгуулж байна. Мэтгэлцээнд орох хүмүүстээ зарлан, дуудах хуудас болон, урилга хүргүүлсэн. Ирэх үгүй нь тэр хүмүүсийн хэрэг.  Гол зорилго нь оффшор данстай улс төрчдийг төрийн байгууллагаар шалгуулах талаар асуулга тавих, харилцан мэтгэлцэх, шийдвэр гаргах юм. Мөн оффшор данстай хамааралтай улстөрчдийн нуун дарагдуулсан хууль бус орлогыг эх орондоо авчрах талаархи хэлэлцүүлэг, оффшор данстай хамааралтай улстөрчдөд хариуцлага тооцох, монголын төрөөс оффшорчдыг цэвэрлэх юм. АТОЗ байгуулагдаад жил тойрч байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээний ажил хийсэн. Үүнийг ард түмэн надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа. Халз мэтгэлцээнд дуудаж байгааг энэ ажил ч манай АТОЗ-ын дараагийн ажил. Өөрөөр хэлбэл оффшорчидтой тэмцэх, тэдний үйл ажиллагаа зогсоох ажил юм. 

-Мэтгэлцээнд орох хүмүүстээ зарлан, дуудах хуудас, урилга хүргүүлсэн гэж байна. Тухайлбал ямар ямар хүмүүст зарлан дуудах хуудас, урилга хүргүүлээд байна вэ?

-М.Энхболд, С.Баярцогт, С.Батболд Л.Энх-Амгалан. Л.Элдэв-Очир, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг дуудсан. Нөгөө талаасаа АТОЗ оролцоно. Бид энэ мэтгэлцээнийг гэнэт гарч ирээд хийх гэж байгаа юм биш. Нэлээд удаан хугацаанд бэлтгэж ирсэн.  Мөн иргэни нийгмийн байгууллага, хуульчдын төлөөлөлд урилга хүргүүлсэн. Зарим нь ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. 

- АТОЗ мэтгэлцээний үеэр оффшорчдын талаар шинэ баримт дэлгэх үү?

-Мэтгэлцээнд ирээд гэмгүй нь гэмгүй гэдгээ батална. Гэмтэй нь бидний мэтгэлцээнд ялагдана. Мэтгэлцээнд ард түмэнд нээлттэй эфирээр үзэх боломжтой. Мөн өөрийн биеэр ирж зөвхөн оффшортой холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, оролцогчдоос хүссэн асуултаа асууж мэдээлэл авах эрхтэй. 

-Мэтгэлцээнд олон нийт оролцож үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм байна. Мэдээж олны анхаарлын төвд байгаа сэдвээр мэтгэлцээн зохион байгуулахад эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал ямар арга хэмжээ авч байна вэ?

-Олон нийт цугласан газар эмх замбараагүй байдал үүсдэг. Үүнийг үгүйсгэхгүй. Магадгүй мэтгэлцээний өдөр хэн нэгэн санаатайгаар олны үймүүлэх, өдөөн турхирах зүйл гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс АТОЗ энэ тал дээр арга хэмжээ авч ажиллахаар бэлдэж байна. Бид тийм зүйл болгохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхийлөгч бригадын генерал Х.Жекейн цолыг хураах зарлиг гаргав

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын гишүүн асан Х.Жекейгийн бригадын генерал цолыг хураах зарлиг гаргажээ. Уг зарлигтаа "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн зарлиг олгох нь: Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын бригадын генерал цолыг хураан авсугай” гэжээ.

УИХ-ын гишүүн асан Х.Жекей гадаадын тагнуул болсон тухай мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Харин Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанаар тэрээр Монгол Улсын иргэн байхаа больжээ. 

Хориглосон бүсээс малаа гаргах талаар мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл хүргүүлэх, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлуулсан байна. 

Согтуу залуус маргалдаж нэгийнхээ биед гэмтэл учруулжээ

Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарсан бөгөөд тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсний зүйлээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна. 

Н.Баяртсайхан: Манай улсын гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн

Монголын Эдийн Засгийн Чуулган өнөөдөр "Хүчээ нэгтгэе" уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн чуулганаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” “Хувьчлал, шинэчлэл” зэрэг сэдвээр хөгжлийн бодлого, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж, иргэд болон бизнес эрхлэгчдийн саналыг сонсох юм. Ингээд Монголын Эдийн Засгийн Чуулганаар хэн юу хэлсэнийг онцлон хүргэж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гадаад валютын нөөцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Монгол Улс жилийн өмнө нэг тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байсан бол өнөөдөр гурван тэрбум ам.долларт хүрээд байна. Ингэж гурав дахин өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Монголбанк өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн. Мөн Засгийн газар хоёр ч удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж хугацаа нь тулаад байсан зээлүүдээ төлөх, хугацааг нь сунгах алхам хийсэн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөллөө. Ер нь ойрын 2-3 жилд Монгол Улсын гадаад валютын нөөцийг 5-7 тэрбум ам.долларт хүргэх зорилттой байгаа. Манай улсын төр, хувийн хэвшлийн нийт гадаад өрийн хэмжээ 26 тэрбум ам.долларт хүрсэн. Үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахад цаашдаа бидэнд 20-30 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц шаардлагатай хэмээн хэллээ. 

У.ХҮРЭЛСҮХ: ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ САЙЖИРЧ, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ РУУ ШИЛЖИЖ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор хуран цугласан Та бүхэнд ирж байгаа хавар цагийн энэ сайхан өглөөний  мэндийг хүргэе.

Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.

Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулъя.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.

Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.

Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд:

· Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө.

· Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.

Цаашид бидний өмнө хийж хэрэгжүүлэх ёстой зорилтууд, хийвэл зохих ажил олон байна. Үүнийг бид хамтдаа, хамтын хүчээр хэрэгжүүлэх ёстой.

Засгийн газар - Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар - Ард олонтойгоо, Засгийн газар - Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой.

Эдийн засаг, татварын шинэчлэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэлд хүрсэн үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн хэллээ. 

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: УИХ-ЫН ЗҮГЭЭС ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРАХ БОЛНО

УИХ-ын дарга М.Энхболд "энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар дунд хугацаанд гадаад зах зээлээс хамааралгүй, өөрөө өөрийгөө тэтгэдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг явуулах нь чухал.Ирээдүйн тэтгэвэр авагчийн амьдралын баталгаа, тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно хэмээн хэллээ. 

Ч.ХҮРЭЛБААТАР:  ҮНДЭСЛЭЛГҮЙ АКТ ТАВЬСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ НАРЫГ ТӨРИЙН АЛБАНД 10 ЖИЛ АЖИЛЛУУЛАХГҮЙ

Татварын хуулийн шинэчлэл сэдвээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэл тавьлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  "Татварын хуулийг шинэчилснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ.Аж ахуй нэгжүүдийг дотоод гадаад гэж ялгахгүй.  Татварын хуулийг амжилттай хэрэгжүүлж чадвал татварын орлого буурахгүй. Аж ахуй нэгжүүдийн хувьд 50 сая хүртэлх орлоготой бол жилд нэг удаа тайлан гаргана. Татварын тайлангийн алдааг нэг жилийн хугацаанд залруулж болох боломжийг олгоно. Татварын өр төлөх хугацааг 2 сар байсныг хоёр жил болгож, уян хатан шийдвэрлэхээр болсон.  Татварын байцаагчийн буруугаас хохирол учирвал хариуцлага тооцох талаар хуульд тусгасан. Татварын байцаагч нар үндэслэлгүй өндөр дүнтэй акт тавьдаг. Үүнээс болж татвар төлөгчид хохирдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч нарыг Төрийн албанд 10 жил ажиллуулахгүй байх заалтыг хуульд оруулсан" гэдгийг онцоллоо.

Ховд аймагт 10 айлын хашаа, 3 айлын гэр нуржээ

Орон нутагт салхи шуурга ихтэй байгаагийн улмаас ой хээрийн түймэр гарсан, салхинд байшингийн дээвэр хууларсан, хашаа унасан зэрэг дуудлага харьяа Онцгой байдлын байгууллагуудад иржээ.

Сэлэнгэ, Ховд, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал, 

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.26-ны өдрийн 09:00 цагт цурамд оруулж, 09:45 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагч, Засаг даргын тамгын газрын дарга нарт хүлээлгэн өгсөн байна. Түймэрт нийт 2,400 орчим га талбай шатжээ.

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ зэгс шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, нийт 46 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.26-ны өдрийн 06:40 цагт цурамд оруулж, 07:10 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэнд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 5.2 га талбай шатсан байна.

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 10 алба хаагч, “Пейтро-чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайгаас 11 ажилчин, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Салхи шуурга:

Ховд аймгийн Дуут сумын төвд 03.24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болсон талаар тус сумын Засаг дарга 03.26-ны өдрийн 12:50  цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийт нутгаар 03.26-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өлгий суманд 6 байшингийн дээвэр, 1 хашаа, 1 сурталчилгааны самбар салхинд хийссэн, 1 блокон хашаа нурсан, Дэлүүн суманд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан, Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр, Толбо суманд 1 байшингийн дээвэр, Засаг даргын Тамгын газрын төмөр хашаа, Сагсай суманд 1 байшингийн дээвэр, сумын Монгол ардын намын байр, Эрүүл мэндийн төвийн хашааны төмөр, Буянт суманд 1 гэр, сургууль, соёлын төв, эмнэлгийн дээвэр салхинд хийссэн, Толбо сумаас Дэлүүн сумын чиглэлийн цахилгааны  дамжуулах шугамын 2 ширхэг багана нуржээ.

Увс аймгийн Тариалан сумын Тариалан багт /аймгийн төвөөс баруун зүгт 34 км-т/ 03.26-ны өдөр 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас иргэн З-гийн байшингийн дээвэр, иргэн Б-гийн гэр салхинд хийссэн тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

Ховд аймгийн нийт нутгаар 03.26-ны өдрөөс 03.27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Ховд сумын 18 байшингийн дээвэр, 7 айлын гэр, 10 айлын хашаа унасан. 8 машины шил хагарсан, Соёлын төвийн 2 цонхны шил хагарсан. Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, 1 машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, 3 айлын гэр, 3 айлын хашаа унасан. Дарви сумын Булган багийн 3 айлын гэр, 4 айлын байшингийн дээвэр унасан. Дарви сумын Бүрэн дунд сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан байна. Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт 1 айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.

Пневмококкийн эсрэг вакцины эхний тунг 2 сартай 2000 гаруй хүүхдэд хийжээ

Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил өдгөө үргэлжилж байна.

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн билээ.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.Тэгвэл энэ сарын 25-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд 02 сартай 2000 гаруй хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байна.

Монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амийг аварчээ

Р.Жаргалмаа гэх Монгол бүсгүй сая гаруй хүүхдийн амь аварсан тухай сайхан мэдээлэл “AsiaRussia” цахим хуудаст гарсан байна. Раднаабазарын Жаргалмаа гэх энэ бүсгүй 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгссөн бөгөөд түүнээс хойш Афганистанд ажиллаж байгаа аж.Тэрээр Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх, мэргэжилтэн юм. Р.Жаргалмаа нь хүүхдийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх, орон нутгийн хүн амыг ундны цэвэр усаар хангах теслуудийг хэрэгжуулж, эдгээр орны хуухэд, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг хөдөлмөрч бүсгүй. Бангладеш нь Ази тивийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хөдөлмөрийн насны хүн амын 63% нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. 2015 оны байдлаар 168 сая хүн амтай гэж тоологджээ. Р.Жаргалмаа бүсгүй өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.c

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
Д.Жүгдэрбарам
Р.Жаргалмаад баяр хүргэе. Мундаг юмаа,
2018/03/29 103.57.94.97
Zaas
Vaktsiniig uuriinhuu munguur tarisiimuu !! Soliorchihiimaa neeree !!!
2018/03/28 64.119.22.76