16o
Улаанбаатар хот
mobile menu

М.Цэрэнтогтох: “Гоо марал” дуугаар нэрлэсэн шинэ содон, гэнэтийн бэлэгтэй тоглолт болно

2018-04-02 09:23:00

Яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохтой ярилцлаа.

-Өнгөрсөн жил таны хувьд “Миний ээж хамгийн хөөрхөн” гээд  анхны бие даасан тоглолтоо хийж байсан. Энэ жил хоёр дахь бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ жилийн тоглолт болон тоглолтын онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард “Миний ээж хамгийн хөөрхөн” гээд анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийж байсан. Энэ жил хоёр дахь бие даасан “Гоо марал” тоглолтоо энэ сарын 11-нд хийх гэж байна. Өнгөрсөн жилийн тоглолтоос хойш 40 гаруй дуу шинээр мэндэллээ. Үүнээс  МУСТА жүжигчин Л.Сөрөлтийн дуулсан “Гоо марал” дуу өнгөрсөн жилээс хойш үзэгч сонсогчдын талархлыг хүлээсэн уран бүтээл болсон учраас энэ дуугаараа нэрлэсэн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон. Миний анхны тоглолтод дуулагдсан ихэнхи дуу ээжийн тухай байсан. Энэ жилийн тоглолтод дуулагдах  уран бүтээлүүд ихэнхи нь  хайрын дуу давамгайлсан байна. Хавар бол хайрын улирал учраас энэ дуугаараа нэрлэх нь зөв юм байна гэж бодсон. Тоглолтын бэлтгэл сайхан жигдрээд явж байна. Өөрийн гэсэн онцлогтой, үзэгчдийн сэтгэлийн баясгах сайхан тоглолт хийхийн төлөө өдөр шөнөгүй хичээж ажиллаж байна.

-“Гоо марал” дуу хэрхэн бүтсэн бэ. Энэ дууныхаа түүхээс хуваалцаач?

-“Гоо марал” дууны шүлгийг 2013 онд бичиж байсан. 2013 онд манай найз охинтой болоод охиндоо Гоо-Марал гээд нэр өгсөн юм. Тэгээд манай найз миний охинд зориулж “Гоо-Марал” гээд шүлэг бичиж өгөөч гэж надад хандсан. Тэгээд ярилцлаж байгаад “Гоо-Марал” гээд хүүхэд магтахаар онц биш юм байна. Ер нь эмэгтэй хүнийг магтсан хайрын тухай тухай шүлэг бичье гэж бодсон. 2014 оны нэгдүгээр сард хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ахтай танилцаад анх энэ шүлэгт аялгуу бичүүлж байсан. Тэгээд дуулагдахгүй гурван жил болоод дуучин МУСТА жүжигчин Л.Сөрөлт дуулж олны түмний хүртээлд хүргэсэн.

- Өнгөрсөн жилийн тоглолтоос хойш жил гаруй хугацаанд 40 гаруй дуу шинээр мэндэлсэн гэж та түрүүн хэллээ. Тоглолтод хичнээн уран бүтээл дуулагдах вэ. Ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-2008 оноос хойш анагаахын оюутан байхаас хойш дууны шүлэг бичиж эхэлсэн. 10 жилийн хугацаанд 200 гаруй шүлэг зохиосон байна. 200 гаруй дуунаас түүвэрлээд 30 гаруй дуу сонгож авсан. Тоглолт болгоноо өөрийн гэсэн онцлогтой байлгах гэж зорьж байгаа. Өнгөрсөн жилийн уран бүтээлийн тоглолтоо ээжүүддээ зориулсан бол энэ жилийн тоглолтоо бүсгүйчүүд, хосууддаа зориулж байгаа. Шинэ сонин гэнэтийн бэлэгтэй тоглолт болно. Тоглолтод МУГЖ Бүрнээбаяр, МУСТА Н.Баасандорж, СТА Төрмандах, О.Гансувд, МУСТА жүжигчин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ гэх мэтчилэн олон уран бүтээлчид оролцоно. Мөн Өвөрмонголын өөртөө засах орноос 3 дуучин урилгаар ирж оролцоно.

-Таны зохиосон дуунуудаас онцолж нэг дууг асуумаар байна. “Миний ээж хөөрхөн” гээд дуу нэг хэсэг сонсогчдыг байлдан дагуулсан. Энэ дууны түүхээс хуваалцаач?

-“Миний ээж хөөрхөн” дууны шүлгийг 2012 онд бичиж байсан. Бас сонин түүхтэй дуу. 2012 онд би зуны амралтаараа аав ээж дээрээ очиж 3 сар болсон юм. Тэгээд амралтаа дуусгачихаад аав ээж хоёроороо аймгийн төв хүргүүлж, автобусаар Улаабаатар руу ажилд орохоор явж байсан юм. Замдаа явж байгаад жолооч түр зогсож зорчигчид амарсан л даа. Тэгээд автобуснаас гараад ирсэн чинь мэлийсэн их цас орчихсон, тэнгэрт ямар ч үйл байхгүй, алтан нар дээрээс ээгээд л маш гоё сэтгэгдэл төрүүлсэн. Тэр цас, нар нэх гоё зөн совин хэлээд байгаа юм шиг санагдсан. Тухайн үед энэ дэлхийг нар гийгүүлдэг юм бол хүнийг юу гийгүүлэх вэ гэхээр ээжийн хайр л гийгүүлнэ гэж бодогдоод “энэ дэлхийд нар ганцхан энэхэн биед ээж ганцхан" гэдэг санаа олсон юм.

Тэгээд л “Мэлмий дүүрэн мандсан нар шиг миний ээж наддаа ганцхан

Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг миний ээж хамгийн хөөрхөн” гэдэг мөр тэр дороо ороод ирсэн. Тэгээд хадгалж авчихаад наашаа хот руу ороод ирсэн. Гэртээ ирчихээд орой нөгөө бичсэн мөрөө харсан чинь гоё санагдаад мөр нэмээд эхний бадгийг нь бичээд л орхичихсон. 2012 онд Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ахад “Миний ээж хамгийн хөөрхөн” дууны эхний бадагаа үзүүлж ая зохиосон юм. Аяыг нь сонсоод л 2,3 дугаар бадгийг нь зохиочихсон.

-Таны уран бүтээлээс хамгийн хурдан төрсөн ямар уран бүтээл байдаг вэ. Эсвэл сонин содон түүхтэй дуу бий юу?

-Уран бүтээл өөрөө хувь тавилантай гэж би ойлгодог. Яг зориод л хийе гэхээр бас нэх болж өгдөггүй. Миний “Жаргалын наран чамдаа” гээд дууг эхнэрийнхээ төрсөн өдрөөр зохиож байсан сайхан дуу бий. Эхнэрийнхээ төрсөн өдрөөр нэгэнтээ уран бүтээлч хүн учраас чаддаг юмаараа бэлэг баръя гэж бодсон. Тэгээд л бодолтой цуг л орж ирсэн.

Наран мандсан сэтгэлийнх нь

Нандин хайранд өлгийдүүлж

Насны ганцхан амьдралдаа

Найраг дуутай л явна даа гээд урсаад л ороод ирсэн. Маш сайхан дуу бий.

-Таны хувд эмч мэргэжилтэй гэсэн. Яагаад дууны урлаг руу орчихов?

-Этүгэн Их сургуулийг төгсөж цагаан халад өмсөж явсан сайхан дурсамж бий. Сургуулиа төгсөлтийн баяр дээр манай сургуулийн захиарал сургуульдаа багшаар үлдэх урилга өгч байсан. Этүгэн их сургууль бол миний хувьд маш онцлогтой. Анх оюутан болж ажлынхаа гарааг эхэлсэн ийм сайхан газар. Этүгэн их сургуульд багагүй хугацаанд ажиллаад одоо уран бүтээлээ хийгээд явж байна.

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Уран бүтээлийн мөрөөдлүүд маш их байна. Мөрөөдөж, хичээж зүтгэж явахад болно гэж боддог. Тоглолтоо амжилттай зохион байгуулахын төлөө маш их хичээж зүтгэж байна. Мөн тоглолтын дараа Гоо марал цомог гаргана. Ирэх наадмаар Баянхонгор аймаг болон төрсөн нутаг Жинст сумандаа очиж тоглолтоо хийх зорилготой байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zohin
Yun gar garaad irew
2018/04/02 66.181.161.116
  • Recent
  • Most Read
  • Most Comment