8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 4 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар болж, ХХОАТ-ын буцаан олголтыг 50,916 иргэнд өгсөн өдөр

2018-05-02 18:45:00

Р.Нямдорж: Л.Чинбатыг гурван шатны шүүхээс МҮБХ-ны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг нь худлаа

МҮБХ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар МҮБХ-ы тэргүүн асан  Р.Нямдорж, Д.Данзан болон Улсын заан Д.Мягмар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МҮБХ-г үүсгэн байгуулагч Р.Нямдорж "1990 оны хоёрдугаар сард Улсын заан Давааням МҮБХ-г байгуулах санаачилга гаргаад миний бие болон Д.Данзан, Д.Мягмар, Даваасамбуу, Давааням нарын таван хүн зуу, зуун төгрөг нийлүүлж тус  байгууллагын анхны санхүүжилтийг гаргаад тамга тэмдгээ захиалж хийлгүүлсэн. Энэ утгаараа биднийг МҮБХ-г үүсгэн байгуулагчид гэж үздэг. Би тус холбоог 28 жил тэргүүлэн ажиллахдаа Монгол бөхийн түүхэнд байгаагүй 60 шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсэн. Гэтэл сүүлийн саруудад МҮБХ-ны нэр хүндэд халдсан зохион байгуулалттай нэвтрүүлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс удаад дараа гаргаж байна. Үүнээс болж иргэдийн дунд буруу ойлголт төрөөд байна. Үнэн зөв мэдээлэл өгөх  үүднээс энэ хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм. Бөхийн өргөө бол Монголын Үндэсний бөхийн өмч гэж дүрмэндээ заасан. Улсад бүртгэлтэй Бөхийн өргөөний татварыг 2004 оноос эхлэн төлж явсан байна. Та бүхэн баримтыг нь харж болно. Мөн улсын бүртгэлтэй гэрчилгээг давхардуулж олгох нь хууль бус байдаг. Гэтэл Үндэсний бөхийн холбооны гэрчилгээ, тамгыг давхардуулаад авчихсан байна. Энэ бол одоогийн будлианыг үүсгэж байна. Үүнийг хийхийн тулд одоогийн Хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн. Л.Чинбатыг гурван шатны шүүхээс МҮБХ-ны тэргүүнээр баталгаажуулсан гэдэг нь худлаа. Бүрэлдэхүүний шаардлага хангаагүй хурал зохион байгуулж, Л. Чинбатыг тэргүүнээр сонгосон. Энэ хууль бус үйл ажиллагааны талаар би Ерөнхийлөгчид захидал бичсэн.

Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Би энэ асуудалд мөн тайлбар өгье.  Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.

Улсын бүртгэлийн газраас Л.Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.

Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой байдаг.  Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон байгаа. Үүсгэн байгуулагч нар мөн  эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон хууль бус үйлдэл гарсан. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа. Мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт, "Эрдэнэс-Монгол"-ын захирал асан Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Ингээд Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын хорих хугацааг 15 хоногоор сунгаж, Б.Ариунсанг суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон. Мөн Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг гаргасан юм. 

Тэгвэл Оюутолгойн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийг гадны банкинд барьцаалсан хэргээр хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг, "Жаст"-ын Ш.Батхүү нарыг хэрхэн тухай мэдээллийг хүргэе.               

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

Тэднийг хориод 22 хоног өнгөрчээ. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг ирэх долоо хоногт шийдвэрлэх юм. Тодруулбал, Тэднийг шүүх хурал дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг 30 хоногоор саатуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ хугацааг сунгах уу эсвэл тэднийг суллах уу гэдгийг ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэх юм. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон. Монгол улсад ашигтай заалтуудыг гэрээнд тусгаагүй үүнийхээ хариуда их хэмжээний авлигал авсан байх магадлалтай хэмээн АТГ-аас шалгаж буй.  Мөн тус  гэрээ батлагдах үед Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүх, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нарыг хорих уу гэсэн асуулт олон нийтийн дунд байгаа. Тэгвэл АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээнүүдэд тусгагдсан байгаль орчны болон эрчим хүчний чиглэлээрх асуудал нь мөн хуульд нийцсэн эсэх, одоо хохирол учирсан, учрах боломжтой эсэх гэх мэт асуудлыг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Л.Гансүх болон Д.Зоригт нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Шалгалтаар дээрх нөхцөл тогтоогдвол чиглэл хариуцсан албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж болно.

Ш.Батхүүгийн биеийн байдал хүндэрчээ

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас их хэмжээний мөнгө зээлж улсыг хохироогоод байгаа “Жаст” группийн эзэн Ш.Батхүүг цагдан хориод нэг сар 16 хонож байна. Хоригдсон цагаас эхлэн хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, сахарын өвчин нь хүндэрч, хоол ч идэхгүй байгаа талаар мэдээлэл гарч байсан.  

Хууль бус үйлдлээрээ гаршсан гэх Р.Нямдорж, Д.Данзан нарын залгамж халаа Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар болох уу

МҮБХ одоо л нэг гольдролдоо орж урагшлах нь гэтэл үгүй бололтой. 20 гаруй жил холбоог хууль бусаар удирдаж, хамаг муу муухай бүхнийг хийж явсан Р.Нямдорж, Д.Данзан нар залгамж халаагаа үлдээгээд явах нь. МУ-ын Ерөнхийлөгчөөс ирсэн чиг үүргийн таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдан, Цэцдийн зөвлөлийг хуралдуулан, МҮБХ-ны тэргүүнийг сонгон, шинэчлэл хийхээр болсон чБ.Сайнбаяр, Ц.Магалжав тэргүүтэй хэсэг нөхдийн амбицаас болж, эв эеэ ололцож, Бөхийн холбоонд шинэчлэл авчрах гэж байсан бүхэн талаар өнгөрөх нь.

Учир нь С.Сайнбаяр нь МҮБХ-ны тэргүүн, Ц.Магалжав нь Гүйцэтгэх захирал болох гэж амбицлан, Р.Нямдорж, Д.Данзан ах нараасаа зөвлөгөө авсан сурагтай. Тэгэхдээ бүр "Яавал та хоёр шиг энэ холбоог он удаан жил удирдаж явах вэ. Яавал холбоог өөрсдийн болгох вэ" гэж асуусан гэх. Харин ах нар нь хариуд нь 2002 оны Цэцдийн зөвлөлийг л хуралдуулах зааварчилгаа өгсөн гэнэ. Улмаар Б.Одхүү тэргүүтэй нөхдийг төлөөлөгчдийн хуралд суулган бөхчүүдийг харцаараа хөдөлгөж байгаа сурагтай. Б.Одхүүгээс бөхчүүд айдаг. Түүнийг байгаа цагт хэн ч өөдөөс нь юм хэлж, ямар нэгэн эсэргүүцэл гаргаж чаддаггүй. Үүнийг нь Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар тооцоолон, төлөөлөгчдийн хуралд Б.Одхүүг суулган, улмаар асуудлаа шийдвэрлүүлж яваа бололтой. 

Албан ёсны тэргүүнээр сонгогдоод байсан Л.Чинбат, хууль бус хурлаар томилогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар хүртэл Бөхийн холбооны шинэчлэл, бөхчүүдийн эвлэрлийн төлөө тэргүүний суудлаасаа татгалзаж, шинэчлэлийн салхи сэвэлзүүлэхийг уриалж байхад амных нь салиа нь арилаагүй шинэ залуу бөхчүүд дахин 20 жилийн хагарлыг эхлүүлэхээр гүйж явна.

Шинээр байгуулагдсан комисс энэ сарын эхээр Цэцдийн зөвлөлийг хуралдуулан тэргүүнээ сонгохоор товлосон. Мэдээж, Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар Р.Нямдорж ахынхаа хууль бусаар хуралдуулж, хууль бусаар сонгосон 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэж улайрсан байх юм. 2002 онд хуралдсан Цэцдийн зөвлөл, түүнээс гаргасан шийдвэрийг гурван шатны шүүхийн зургаан удаагийн шийдвэрээр хууль бус гэж нотолчихоод байхад заавал2002 оны Цэцдийн зөвлөлийн хуралдуулахаар ханцуй шамлан зүтгэнэ вэ. Ямар эрх ашиг байна вэ. Ямар их амбиц вэ. 

Амбиц гэхээсээ илүүтэй ямар эрх ашигийн төлөө, ямар хууль бус үйлдлийг нуун дарагдуулж, ямар хууль бус үйлдэл хийхээр зүтгэнэ вэ.

БӨХИЙН ӨРГӨӨНИЙ 5000 МК ГАЗАР 2500 МК БОЛЧИХООД БАЙНА 

Монгол Бөхийн өргөө МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл одоогоор хэний өмчид байгааг нь тодорхойгүй, Бөхийн өргөөний 5000 мк газар 2500 мк болчихоод байна. Тал нь хаачив гэдэг асуултад одоо ч иргэд хариулт нэхсээр. Энэ бүхэнд Р.Нямдорж гуай хариулт өгч чадахгүй бүлтэлзэж байгааг та хоёр сайн дүүгийн хувиар нуун дарагдуулах гэж байна уу. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" сургуулийнхан допингийн шинжилгээг авдаг. Ах дүү садан төрлөөрөө Допингийн Үндэсний төвд  "Аваргынхан" шургалчихаад допингийн бизнесийг цэцэглүүлж яваа гэх. Тодруулбал, шинжилгээний хариунаас шалтгаалж, нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна. Энгийн иргэд 500 мянга, 1 сая төгрөг олох гэж ажлын боол мэт амьдарч байхад допинг гэх асуудлын дор хэн нэгэн бусдын хөдөлмөрийг шулж, хэдэн зуун тэрбумаар нь халаасалж байна. Энэ бизнесээс нь хувь хүртээд хөөрхөөн мөнгө олчихно гэж санаагүй биздээ. 

Хэрэв тийм л биш бол барилдахаас өөр ид шидгүй та хоёр юунд Бөхийн холбоог авахаар зүтгээд байна вэ. Бөхийн холбоог удирдана гэдэг чинь барилдахаас тэс ондоо. Менежмент, туршлага гээд асар их чадвар хэрэгтэй. Харин та хоёрт ямар нэгэн байгууллага удирдаж явсан туршлага бий юу. Долоо даваагүй заан болсон гэж бөхчүүд чинь жиг жуг гэлцдэг юм билээ. Түүнээс өөр гийгүүлсэн гавьяагүй байж юунд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх гэж байгаа Бөхийн холбооны "хагарлын цэг" болохоор улайраад байгаа юм бэ. 

Хууль бусаар холбоог удирдаж байсан Р.Нямдорж хүчин төгөлдөр бус тамга тэмдэгээр Б.Сайнбаяр таныг МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар томилсон, харин хууль бус хурлаар сонгогдсон УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ц.Магалжав таныг холбооны дэд тэргүүнээр томилсон. Энэ утгагүй, хууль бус томилгооных нь хариуг нэр төр, бөхийн жудаг, хүн чанар бүх зүйлээ гээн барин барихаар шийдээ юу. Залуу хүмүүс байж ичих хэрэгтэй. Идээ бээрэндээ баригдсан Бөхийн холбоогоо шинэчлэх ажилд гар бие оролцохын оронд хэн нэгний улыг долоож, хууль бус үйлдлийг нь хаацайлах "бай" болж яваа чинь гутамшигтай харагдаж байна. 

Долоо даваагүй заан болсон гэх ярианд өртөж байгаа ч нэгэнт авчихсан "Заан" цолныхоо нэр хүндийг бодоод ч болов ичих нүүртэй байх хэрэгтэй. 

Хэн нэгний өгсөн "бэлэг"-ний хариуг барих гэж өөрсдийгөө худалдаж чадаж байгаа бол тэр өндөрлөг чинь "амттай" байж чадах болов уу. Хүн амбицтай байж болно. Гол нь тэр амбиц зөв амбиц байх ёстой. Та хоёрын гаргаад байгаа амбиц бөхдөө хайртай түмний сэтгэлийг сэмрүүлж хэдэн арван жилийн турш үргэлжилсэн хууль бус маргааныг дахин эхлүүлэх амбиц болж хувираад байна. 

Р.Нямдорж, Д.Данзан нар ашгүй нэг МҮБХ-г өгч одоо л допинггүй, найраагүй, шударга, шинэчлэлтэй Бөхийн холбоо болох нь гэтэл та хоёр үргэлжлүүлэхээр улайрч байгаа чинь арай л ёс зүйгүй харагдаж байна. 

Нүдэнд чинь зөвхөн МҮБХ-ны тэргүүн, Гүйцэтгэх захирлын суудал л харагдаад байна уу. Тэгвэл нүдээ нээ. Арай жаахан томоор харж, томоор сэтгэ. Бусдын гар хөл болж бөхчүүд рүүгээ нулимж, хууль шүүхээ дорд үзэх хэрэггүй. Залуу хүмүүсийн замын хүзүү урт шүү Б.Сайнбаяраа, Ц.Магалжаваа. 

Анх удаа дөрвөн настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах гэж байна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвийн эмч нар энэ сарын 4, 5-нд элэг шилжүүлэн суулгах 48, 49 дахь удаагийн хагалгааг хийх гэж байна. Хагалгааны эхний өдөр монголд анх удаа 4 нас хоёр сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах аж. Харин хоёр дахь өдөр нь хүндрэлтэй өндөр настанд хийх юм. Тус хагалгаанд БНСУ-ын "Асан" эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж оролцох юм аж. Тус хамт олон элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр төлөвлөж байгаа юм.

Дорнод аймагт "даам" гарсан хятад иргэний газрыг хурааж авахаар боллоо

Дорнод аймгийн даварсан Хятадын газрыг хурааж авахаар боллоо болжээ. Тодруулбал, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн ноосны үйлдвэр барих чиглэлээр иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, газрыг чөлөөлөх арга хэмжээг авч, хариу ирүүлэхийг Хэрлэн сумын Засаг даргад даалгасан байна.

Ноосны үйлдвэр барих зориулалтаар Хэрлэн сумын 3 дугаар бүсэд газар эзэмшсэн гэх иргэн Ж.Насанбуян нь тус газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлж хууль зөрчсөн аж.

Иргэн Ж.Насанбуян нь үнээс өмнө буюу 2015 онд аймгийн төвийн 1 дүгээр бүсэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байхдаа хууль зөрчин барилга угсралтын ажил явуулж байсан байна. Улмаар тус барилгын ажлыг зогсоож, аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалж байжээ. Гэвч хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан энэ асуудлыг таслан зогсоож газар эзэмших эрхийг нь цуцалсан шийдвэрийг маань Дээд шүүх хүчингүй болгосон. Цаашид хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад даалгажээ. 

Энэмэтчилэн Дорнод аймагт хятад иргэн дураараа авирлаж, хууль зөрчсөн үйлдэл гаргах нь элбэг байдаг аж. Тухайлбал, Монгол улсын хуулийг удаа дараа зөрчиж, хил гаалиар дуртай үедээ хориотой бараа зөөдөг хоёр даварсан хужаа бол Ман жаян, Мяо гэдэг хоёр нөхөр юм. 

Өнгөрөгч 2016 оноос хойш Хавиргын боомтоор хоёр том автобусаар чоно, мах, эрэвгэр, жирэвгэр, өвс гаргах гэж байгаад баригджээ тэд. Энэ нь анх удаагийн хэрэг үйлдэл биш. Өмнө нь ийм үйлдэл олон гаргаж байсан гэнэ. Хүнтэй хүнгүй байнга л явна.

Хоёрын хоёр том автобусны талаар Дорнодынхон янз бүрээр л ярьж, Замын- Үүдийн гаалиар "гаальтай” машин гэж ногоон гэрлээр гардаг машин байдаг, тэрэн шиг Дорнодын гаальтай холбож "Гаалийн даргын автобус” гэж нэрийдэх болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Интернэт троллоос хэрхэн сэргийлэх вэ 

Троллинг буюу интернэт тролл нь цахим сүлжээний харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж буй үйлдлийг хэлнэ.

Троллинг бүр өөрийн онцлог шинж чанартай, үйлдэх зорилго, шалтгаан нь ялгаатай байдаг бөгөөд хувь хүн, олон нийт, хэсэг бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ онцлогтой. Троллингийг дурын хэн нэгэн ихэвчлэн “youtube”, блог, форум, и-мэйл, фэйсбүүк, твиттер, мэдээний сайт зэрэг олон нийтийн сүлжээгээр коммент бичих хэлбэрээр хийдэг байна.

Сүүлийн үед троллингийг улс төрийн хүрээнд ихээр хэрэглэж байна. Интернэт орчинд нийтлэл, хэлэлцүүлэгтэй холбоогүй зүйлийг бичих, санаатайгаар хэн нэгнийг өдөөн хатгах зэргээр улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Түүнчлэн улс орнуудын засгийн газар, бүлэглэл болон байгууллагууд өөрийн ашиг сонирхлын хүрээнд олон нийтийн санааг эргүүлэх, мэтгэлцүүлэх зорилгоор ашиглах болоод байна.   

Харвардын Их Сургуульд хийсэн судалгаагаар БНХАУ-ын “wumao dang” буюу “50 центнам” гэх нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын Коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилд дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг гэжээ. Тэд захиалгаар бүх нийтийн амралтын үеэр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс үндэсний уламжлал болон уур амьсгалыг зөөлрүүлэхэд чиглэсэн утга агуулга бүхий постуудыг нийтийн сүлжээнд бичдэг байна. Хятадын эрх баригчид “Глобал таймс” төрийн сэтгүүлд энэхүү үйл ажиллагааг болон цахим орчинд явуулж буй цензурийг өмгөөлж хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байдаг.

Вьетнам Улсад мөн ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүлэг хүмүүс байдаг бөгөөд Коммунист намын бодлогыг дэмжсэн яриа өгүүллийг цахимаар тарааж, комментууд нийтэлдэг байна. Вьетнамын Коммунист нам “олон нийтийн санаа бодлыг” чиглүүлэх зорилгоор 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сүлжээг  ажиллуулдаг аж. Боловсрол, Үзэл суртлын газраас эрх баригчид хэдэн зуун хүн хөлсөлж “цахимаар дайсагнах хүчний” эсрэг арга хэмжээ авдаг тухай мэдээлжээ.

Израйль Улсын “Jewish Internet Defense Force” бүлэглэл нь олон нийтийн сүлжээ ашиглаж антисемитизм болон исламын терроризмыг дэмжиж сурталчилдаг фэйсбүүк групп, цахим хуудсуудын эсрэг кампанит ажиллагаа явуулдаг байна.Тус бүлэглэл нь “бие даасан, хүчирхийллээс ангид, тэмцэгч байгууллага” хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ.

 Турк Улсад Ерөнхийлөгч Т.Эрдоганы суртал ухуулгыг түгээх, түүнийг шүүмжилсэн хүмүүс рүү дайралт хийх зорилгоор 6000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “AK Trolls” нэртэй бүлэглэлийг олон нийтийн хэрэгслээр коммент бичих чиглэлээр ажиллуулдаг байна. “AK Trolls”-ыг “Шударга ёс ба Хөгжлийн нам”-аас санхүүжүүлдэг бөгөөд тус бүлэглэл нь хуурамч мэдээ, мэдээлэл цахимаар тараах, олон нийтийн сүлжээнд хуурамч аккаунт нээх зэргээр ажилладаг аж.

ОХУ-ын “Агентство интернет-исследований” байгууллага нь 400 гаруй ажилтантай бөгөөд төв оффис нь Санкт-Петербург хотод байрладаг байна. Тус байгууллагын ажилтнуудад цахим хуудас, фэйсбүүк, твиттер зэрэг платформуудад бичих комментын болон байнгын ажиллуулж байх хуурамч аккаунтын тоог зааж өгсөн байдаг аж. Тус байгууллага нь В.Путиныг дэмжиж, түүний өрсөлдөгч нарын нэр хүндийг унагах, ОХУ-ын зүгээс Украин болон Ойрх Дорнодод явуулж буй гадаад бодлогыг дэмжсэн суртал ухуулгыг түгээх, үнэн худал мэдээлэл тараах замаар олон нийтийн сүлжээгээр мэтгэлцээн үүсгэдэг байна. Түүнчлэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон хэмээн тус байгууллага буруутгагдаад байгаа.

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр троллингийг ашиглажээ. Д.Трампын багийн зүгээс сошиал сүлжээг сурталчилгаанд идэвхтэй ашиглаж Х.Клинтоны нэр хүндийг унагах, Америкийн нийгэм дэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэврээх, цагаачдыг үзэн ядах, Б.Обамагийн засаг захиргааны бодлого явуургүй байсныг харуулсан зохиомол, эсвэл бодит баримтыг гуйвуулан тайлбарласан мэдээ мэдээллийг интернэтийн сайтууд болон фэйсбүүк, твиттерээр олноор тарааж, ард иргэдийг талцуулж байв. 2018 оны 2 дугаар сард АНУ-ын шүүхээс Оросын 13 иргэн, 3 байгууллагыг тэр дундаа “Агентство интернет-исследований”-г АНУ-ын улс төр, сонгуулийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг оролдсон хэргээр буруутгаж яллагдагчаар татсан байна. АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерийн хэлснээр, ОХУ-ын зүгээс явуулж буй цахим суртал ухуулга нь зөвхөн фэйсбүүкээр л гэхэд нийт 126 сая хэрэглэгчдэд хүрсэн байна. Оросын троллууд АНУ-д идэвхтэй болж фэйсбүүкээр 2015-2017 оны хооронд нийт 129 арга хэмжээ /event/үүсгэн, зохион байгуулсан байна.

Фэйсбүүк компанийн удирдлагаас АНУ-ын Сенатын Тагнуулын хороонд танилцуулсан мэдээлэлд, Оросын троллуудын үүсгэсэн нэг арга хэмжээг 300 мянга гаруй хэрэглэгч үзэж, 62500 хэрэглэгч оролцоно, 25800 хүн оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэжээ. Тэд АНУ-д халуун сэдэв болж буй сэдвүүдээр кампанит ажиллагаа өрнүүлж улмаар иргэдийг төр засгийн эсрэг турхирах, талцуулах зорилго агуулдаг хэмээн буруутгагдаж байна.

Монгол Улсад “троллинг” илэрч буй байдал:

Дээр дурдсан улс орнуудын жишээнээс харахад троллингийг аливаа эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн санаа бодлыг тайвшруулах, террорист бүлэглэлийн эсрэг суртал ухуулга хийх гэх мэт эерэг зорилгоор ашиглахаас гадна улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг худал мэдээлэл тараах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор мөн  ашиглаж байна.   

 Манай улсын хувьд  олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, нийгмийн уур амьсгалыг удирдан залах нөхцөл бүрэлдсэн болох нь холбогдох судалгаанаас харагдаж байна.

Тухайлбал, 2017 оны байдлаар манай улсын цахим орчны хэрэглээ 2,6 саяд хүрсэн байхад “Натхауз Крейтив” сошиал медиа маркетинг агентлагийн гаргасан судалгааны дагуу фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2017 онд 1,7 сая байсан бол 2018 оны 2 дугаар сарын байдлаар 2,1 саяд хүрчээ. Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан байна. Мөн 2018 оны 2 дугаар сарын байдлаар нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувийг эмэгтэй, 48 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс харахад цахим орчноор түүн дотроо фэйсбүүкээр дамжуулан нийгмийн гол хөдөлгөгч хүч болох залуучуудад чиглэсэн аливаа нөлөөллийн ажлыг хийж болох боломж бүрдсэн болох нь харагдаж байгаа бөгөөд энэ ч сүүлийн үед гарсан хэд хэдэн тохиолдлоор батлагдаж байна.

Жишээлбэл, Фэйсбүүкийн “оффшор!!!” групп 294000, “Утааны эсрэг ээж аавууд” групп 158000 гишүүнтэй бол “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны групп” 7 хоногийн дотор 414000 гишүүнтэй болжээ. Эдгээр группэд нэгдэгсдийн дийлэнх нь 18-34 насныхан байгаа юм. Цахим хуудсанд зураг оруулах, пост бичихэд хэдэн зуугаас хэдэн мянга, хэдэн арван мянган лайк цуглардаг байна. “Дахин тэвчихгүй хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал”-д оролцсон иргэдийн гарын үсгийн тоо 15590-д хүрсэн нь нийгэмд хөндөгдөж буй халуун сэдвээр олон нийтийн сүлжээгээр бүх нийгтийг хамарсан аливаа арга хэмжээнд уриалахад ихээхэн үр дүнтэй болохыг харуулж байна. Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

Фэйсбүүк, Твиттер зэрэг томоохон олон нийтийн сүлжээний цахим хуудсууд Арабын хавар, Украины хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үзсэн байдаг. Эдгээр хувьсгалын үед ардчилал, шударга ёсыг шаардсан уриа, үзэл санаа, бухимдал болон жагсаалын талаар мэдээллүүд цахим сүлжээгээр хурдтайгаар тархаж байсан. 2010 оны 12 дугаар сард Тунист эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан 2011 оны 1 дүгээр сар гэхэд Египет, Ливи зэрэг зэргэлдээ орнууд руу тархсан. Украин Улсад болсон 2004 оны улбар шар хувьсгальд интернетийг түлхүү ашиглах болсон гол шалтгаан нь оролцогчдын дийлэнхи 30 ба түүнээс доош насныхан байсантай холбоотой байдаг. 2014 оны Украйнд болсон жагсаал цуглааны үеэр украинчуудын 49 хувь нь фэйсбүүк, 35 хувь нь ВКонтакте, 51 хувь нь цахим мэдээний сайтаар жагсаал, цуглааны талаар мэдээ мэдээлэл авч байсан хэмээжээ.

Далд санаа зорилго агуулсан аливаа этгээдүүд нь ард иргэдийн эх орон, үр хүүхэд, гэр бүлээ гэсэн сэтгэл, амьжиргааны тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл  гэх мэт нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад  дөрөөлөн бухимдсан ард иргэдийг талцуулах, улмаар улс төрийн тогтворгүй байдал үүсгэн өөрсдийн хувийн ашиг сонирхолдоо нийцсэн нөхцөл байдал үүсгэхийг зорьдог.

Энэ нь цаашлаад нийгэмд хавтгайрсан үл итгэлцлийг бий болгож, үнэн худлын ялгаа арилж, бодит мэдлэг, мэдээлэлгүй, хаашаа нь ч жолоодож болох их массыг бий болгох эрсдэлтэй байна.

Иймд цаашид улам бүр нэмэгдэх цахим хэрэглээ, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэгэнт бодит зүйл болсныг харгалзан, ард иргэдийн зүгээс энэхүү аюулын хор хөнөөлөөс ангид, өртөхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.    

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох, хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх, дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, мөн төслийн 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. 

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулж “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав. 

Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  мэдээлэл хийлээ

Хуралдааны төгсгөлд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт туссан аялал жуулчлалын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж хамтран ажиллах тухай 10/1988 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ онцоллоо.

Мөн дахин 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлийг гаргуулж нийслэлийн Засаг даргатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоолын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хэрэгжүүлэн хүлээн авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ дурдав.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий компаниудын хууль бус ажиллагааг таслах зогсоох ажлын явц, цаашид салбарын яамны зүгээс баримталж байгаа бодлогын талаар тодруулав.  

Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор  таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа хэмээн хариулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Нэгдүгээр хорооллын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан байна. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бусад холбоос замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

ШУУД: “Богд-Ар” хорооллын маргааны талаар талууд байр сууриа илэрхийллээ

Оршин суугчдын зүгээс үргэлж гомдол дагуулж, чанаргүй орон сууц барьсан гэдгээрээ алдартай “Богд-Ар” хорооллын маргаан өнөөдрийг хүртэл намжаагүй байна. Энэ талаар тус байрны оршин суугч өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн үргэлжүүлэн энэ асуудлаар  Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга мөн тайлбар өглөө. Мэдээллийг энд дарж үзнэ үү  

29.7 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг 50,916 иргэнд өгчээ

Иргэд анх удаа орон сууц худалдан авсан орлогын чөлөөлөлт, үр хүүхдийнхээ их, дээд сургуульд суралцсаны төлбөрийн хөнгөлөлтийг Хувь Хүний Орлогын Албан Татварын Хууль (ХХОАТХ)-ийн дагуу эдэлдэг.

2017 оны тайлангаар улсын хэмжээнд энэхүү шаардлага хангасан 69,550 иргэнд 41.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгоно. 2018 оны гуравдугаар сарын 1-нээс буцаан олголт эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 50,916 иргэнд ногдох 29.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment