8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинээр гаргах хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, арилжаанд байгаа хувьцааг хуваалаа

2018-05-07 10:17:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа. Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийн 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.

Орон сууцны санхүүжилтийн “МИК ОССК” ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу шинээр байгуулагдсан “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгон, тус компаний гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,364,896 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгээ, тогтоол гаргалаа. Тогтоолоор, баталгаат үнэт цаасаар баталгаажсан зээлийн багцад буй зээлдэгчдийг “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу ипотекийн даатгалд бүрэн хамруулах, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийх, бүртгэх тухай журам”-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлж, эргэн мэдэгдэх, анх бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны урт хугацаатай өглөгийн дүн, үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг сар бүр тогтмол Хороонд ирүүлж байхыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид үүрэг болгов. Мөн, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтын тайлан, мэдээг Хороонд ирүүлж байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг Монголбанк болон Сангийн яаманд зөвлөлөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 113,286 ширхэг хувьцааг нэг бүр нь 1,000 төгрөг болгон өөрчилж, улмаар уг хувьцааг 100 хувааж 11,328,600 ширхэг энгийн хувьцаа болголоо. Ингэснээр уг хувьцааны хөрвөх чадвар сайжирч, хоёрдогч зах зээлийн арилжааны эргэлт нэмэгдэх юм. Хувьцааны үнэд өөрчлөлт орууллах болон хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэхийг Хорооны Үнэт цаасны газар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгов.

“Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 563.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг өөрчиллөө. Ингэснээр тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 5.1 тэрбум төгрөг болж буй бөгөөд Хорооноос тогтоосон доод хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэж нэмэгдүүлсэн ердийн даатгалын тав дахь компани болж байна.

Хадгаламж зээлийн хоёр хоршоо, банк бус санхүүгийн дөрвөн байгууллагад тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэг аж ахуйн нэгжийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв. Түүнчлэн найман ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг зохих журмын дагуу гурван жилээр сунгав.

Мөн, “Тэгш сонголт эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Зэргэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны дилерийн “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл