8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хорт хавдартай 10 сувилагчид сая төгрөг хандивлаж, Д.Дамба-Очирын оронд Д.Тэрбишдагвыг томиллоо

2018-05-11 18:40:00

Завгүй ажлын өдрүүд дуусч, амралтын өдрүүд ийн  эхлэж байна. Энэ амралтын өдрүүдэд хайртай гэр бүлтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөсөн үү. Хэрэв төлөвлөж амжаагүй бол танд цагийн үр бүтээлтэй өнгөрөөх таатай мэдээлэл дуулгах гэж байна. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан бөгөөд энэ өдөр маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр тохиож байна.

Дээрх зарлиг гарснаас хойш буюу 2010-2017 оны хооронд 16 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд нийт 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10.5 сая мод тарьсан байна. Тарьсан моддоос 7.8 сая нь ургаж, амьдралын хувь нь 75 хувьд хүрчээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлигт дурдсанчлан бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт уриалж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Ч.Хүрэлбаатар: 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа. 

-    2019 оны төсвийн төсөөлөлд зарлагыг 10 их наяд гэж төлөвлөсөн байна. Харин орлогыг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 

- 2019 оны төсвийн орлогыг 2018 оны одоо батлагдсан тоогоос 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсонЭнэ орлогыг эдийн засгийн өсөлтөөрөө төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Мэдээж, эрдэс баялгийн үнэ өндөр байгаа нь орлогыг төвлөрүүлэхэд нөлөөлнө. Эрдэс баялагийн үнийн өсөлтөөс нийт 370 тэрбум төгрөг орж ирнэ гэж үзэж байна. Харин 1.5 их наяд төгрөгийн орлогыг эдийн засгийн өсөлтөөс орж ирнэ гэж төлөвлөж байгаа. 2019 оноос эдийн засгийн бүхий л салбарт өсөлт гарна гэж үзэж байна. Орлогоо нэлээн дайчилж биелүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, орлогыг бүрдүүлэхийн төлөө Засгийн газрын зүгээс чармайж ажиллана. Үүнээс гадна эдийн засгийн өсөлтийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаас нь ажиллах болно. 

-    Орлогын төсөөллүүд нь хэр бодитой болсон бэ. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогоо бодитой бус төсөөлснөөс болж төсвийн алдагдалд ордог гэх шүүмжлэлийг мэргэжилтнүүд хэлдэг. Үүнд та ямар тайлбарыг хэлэх вэ? 

-    Энэ бол өмнө нь гарч байсан алдаа юм. Орлогоо төсөөлөхдөө нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд тооцчихдог. Гэтэл эргээд гүйцэтгэлийг нь харахаар яг л нэг их наяд төгрөгөөр орлого тасардаг. Тавьсан зардлууд нь л санхүүжсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм алдаа их гарч байсан. 2014 оноос төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч ирсэн. Тэр үеэс Монгол улсын өр нэмэгдээд ирсэн. Одоо төсвийн орлогоо нэлээн бодитой тооцох бодлого баримталж байна. Эдийн засагтаа зөв бодлого явуулахын тулд нөхцөл байдлаа бодитоор дүгнэх, үндэслэх түүндээ тохирсон бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр авч үзвэл бодлого бурууддаг. Мөн нөхцөл байдлаасаа дор авч үзвэл мөн л эдийн засаг бодлого буруу эргэдэг. Тиймээс аль болох бодит нөхцөл байдалдаа тулгуурлан ажиллахаар төлөвлөж байна. 

-    2020-2021 оны төсвийн хүрээний төсөөллөөр зэсийн үнийг хэдэн төгрөг байхаар тооцолж байгаа вэ? 

-    Алт зэсийн үнийг хэдэн төгрөгөөр тооцох талаар Монгол улсын төсвийн тухай хуульд маш тодорхой заагаад өгсөн. Үнэлгээг олон байгууллага хийдэг. Энэ жил зэс ийм үнэтэй байгаа учраас ирэх жил тийм үнэтэй байна гэх мэтээр үнэлгээ тооцоог хийж явдаг. Манай хуулиар ОУВС-ийн аргачлалаар тооцоо хийж явдаг юм. Тэр аргачлалаар зэсийн үнийг 7228 доллар байна гэж тооцоолж байна. Алтны үнийг нэг унци нь 1375 доллар байна гэж тооцоолсон.      

-Жил бүр төсөвт гадаад өрийн зээлийн хүүнд ихээхэн мөнгө төсөвлөгдөж, энэ нь төсвийн зарлага ихэсэхэд голлох нөлөө үзүүлдэг. Ирэх онуудад төлөх гадаадын өрийн зээлийн хүүгийн төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Гадаадаа авсан зээлийн хүүгийн төлбөрт 2018 онд нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төлж байгаа.Бид өндөр хүүтэй зээл гаргалтаа зогсоож, зарим зээлүүдээ буцааж авах зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг шат дараатай авч байгаа.Ингэснээр 2019 онд гадаад зээлийн хүүгийн төлбөрт 860 тэрбум төгрөгийг төлөхөөр болгож буулгасан. Энэ нь 2018 оноос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Х.Нямбаатар: С.Зориг агсныг хороосон хэргийг шийдэх дотоодын эрх зүйн бүхий л тогтолцоо дууссан

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Та С.Зориг агсны хэрэгтэй танилцах, шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн үү?

-Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад бичиг ирүүлсэн. Та бүхэн тэрхүү бичгийг үзсэн байх. Хууль зүйн байнгын хороон дээр Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн бичгийг судалж хариу өгөх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар багтсан. Ажлын хэсэг байгуулагдаад Олон улсын парламентын зөвлөлөөс ирүүлсэн бичигт өгөх хариугаа олсон.

Өөрөөр хэлбэл, Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичиг нь “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдож буй этгээдүүдийг шүүн таслах ажиллагааг олон улсын шинжээчдийн хяналтанд ажиглагчдын бүрэлдэхүүнтэйгээр ил, тод нээлттэй явуулна уу. Монгол улсад шүүн таслах ажиллагаа хүний эрх зөрчиж хаалттай гэх нэрийн дор учир битүүлгээр тулган тасалдаг жишиг үүсээд байна. Цаашид парламентын дэргэд мөрдөн шалгах хороо байгуулах ёстой” гэсэн утга бүхий агуулгатай байсан. Л.Мөнхбаатар, Л.Ганболд гишүүн бид нар ярилцаж байгаад энэ албан бичигт хариу өгөх боломжгүй гэж үзсэн. С.Зориг агсныг хороосон хэргийг шийдэх дотоодын эрх зүйн бүхий л тогтолцоо дууссан. Тиймээс олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн хэлсний дагуу олон улсын ажиглагчдыг байлцуулаад шүүхийг дахиж шинээр хуралдуулах, шүүн таслах ажиллагааг дахин эхлүүлэх боломжгүй. Мөн мөрдөн шалгах хороо байгуулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тиймээс энэ ажлын хэсэгт ийм эрх мэдэл алга. Ажлын хэсгийн хүрээнд шийдэх боломжгүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж УИХ-аас эсвэл УИХ-ын тухай хуульд заасны дагуу түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн хариуг бид хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ингээд өнгөрсөн мягмар гаригт хуралдсан хууль зүйн байнгын хорооны хуралдаанд үүнийг танилцуулсан. Гэвч хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг дахиж заавал хуралдах ёстой. Хуралдахдаа хүний эрхийн зөрчил дутагдал явсан уу, үгүй юу хэрэг дээр ажилласан өмгөөлөгч нарыг сонсож байж мэдэх ёстой” гэдэг шийдвэрийг гаргасан.

Өчигдөр бид уг хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгчөөс хүний эрхийн зөрчил, дутагдал байгаа юу гэдгийг нь сонссон. Хэрэг дээр улсын яллагдагчдын багийг ахалж ажилласан Г.Эрдэнэбат прокурорыг хүрч ирээд бидэнд мэдээлэл өгөөчээ гэж хүсч байгаа. Бид шүүхийг шүүх боломжгүй. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан учраас хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хууль зөрчсөн үү, байцаан шийтгэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үү гэдгийг бид эргэн шүүж дахин шинээр илэрсэн нөхцөл байдлыг үүсгэх эрхгүй юм. Гагцхүү бид улсын дээд шүүх, улсын ерөнхий прокурорт хандах боломжтой. Гэхдээ тэр хүрээнд асуудлыг яриагүй. Зөвхөн өмгөөлөгч нарыг мөрдөж мөшгиж, дарамталж байна уу илэрхий хууль тогтоомж зөрчсөн зүйл бий юу гэдгийг сонссон.

"ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАХ 77 ХУУДАС МАТЕРИАЛЫГ ШАЛГАХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ"

-Хохирогчийн талын өмгөөлөгч та бүхэнтэй уулзахдаа мөрдөж мөшгиж, дарамталж буй талаар ямар мэдээлэл өгсөн бэ?

-Шүүхээр шийтгэгдсэн ялтнуудын өмгөөлөгчдөөс нэг нь ч ирээгүй. Уг нь Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Нэг нь шалтаг тоочсон. Нөгөө хэд нь ирээгүй. Зөвхөн С.Оюуны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Н.Энхсайхан ирж бидэнд тодорхой мэдээлэл өгсөн. Төрийн нууцад хамаарах зүйлийг ярихгүй гэдгээ тэр хүн хэлсэн. Бид “Таныг мөрдөж мөшгиж байна уу. Янз бүрийн дарамт ирж байна уу” гэж асуусан. Н.Энхсайхан хариулахдаа “Миний утсаар ярьж байхад байнга тасалддаг. Утас чагнаж байна гэж би дүгнэж байна. Ер нь шүүн таслах ажиллагаанд өмгөөлөгчдийг мэтгэлцээнд эрх, тэгш оролцох боломжийг хангаагүй. Процессын ажиллагаанд бидний нэг ч хүсэлтийг хангаагүй.Хуульч хүний хувьд дүгнэж хэлэхэд эргэлзээ төрүүлэхүйц байдлаар энэ асуудал шийдэгдсэн” гэх товч зүйлийг ярьсан. Өчигдөр ажлын хэсэг дээр байсан хүмүүс нөгөө өмгөөлөгчдийн сонсмоор байгаагаа илэрхийлсэн. Үнэхээр нууцад хамаарсан асуудал байвал асуудлыг бид үзэх эрхгүй гэж би ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Хэрвээ нууцад хамаарсан асуудал байвал Тусгай хяналтын дэд хороонд хандах ёстой. Төрийн нууцад хамаарах 77 хуудас материалыг шалгах эрх бидэнд байхгүй. Тусгай хяналтын дэд хороо үзэх ёстой. Мөн цаашлаад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж түр хороо байгуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Улсын ерөнхий прокуророос зөвшөөрөл авалгүйгээр та бүхэнд мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгсөн. Уг нь телевизийн нэвтрүүлэгт ярьсан юм чинь энд ирээд тэр хүрээнд татгалзах шаардлагагүй баймаар юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Крипто аюул заналаас сэргийлэхийн тулд дараахь зүйлсийг мөрдөнө

Криптологи нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд криптографи, криптоанализ гэсэн хэсгүүдэд хуваагдана. Мэдээллийг нууцлах арга ухааныг математик, компьютер, физикийн талаас авч үзэх нь криптографитай холбогддог. Харин криптоанализ нь мэдээллийн нууцлалыг тайлах, эвдэх арга ухааныг судална. Криптографи гэж эртний грекээр нууц (крипто-ςryπτο) бичиг гэсэн утгатай бөгөөд эртнээс нааш цифр ашиглаж (математик талаас) хувиргалт хийдэг байснаас үүдэн шифр гэх хэллэгээр ашиглах нь түгээмэл. Харин орчин цагт криптологи, криптографи гэсэн шинжлэх ухааны нэршлээр нь нэрлэдэг болсон.

Мэдээллийн агуулгыг нууцлах, өөрчлөлт оруулах, зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх зорилгоор өгөгдөлд математик хувиргалт хийж нууцлалыг хангах нь шифр, криптографийн үндсэн зарчим. Энэ зарчимд тулгуурласан стандарт шифр алгоритмууд дэлхий дээр Цезарийн шифрээс эхлээд AES-256 (Advanced Encryption Standard) хүртэл маш олон төрөлтэй.

Шифр ашиглах хэрэгцээ шаардлага цэрэг, тагнуул, засгийн газрын хүрээнээс хальж бизнес эрхлэгчид болон хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалах чиглэлээр салбарлан хөгжиж байна. Шифр алгоритмыг энгийн хэрэглээнд ашигладаг болсноор хэрэглэгчид суурилсан цахим үйлчилгээ бүх талаараа хөгжсөн гэхэд болно. Харилцаа холбоо, төлбөр тооцооны систем, төрийн байгууллагуудын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа цахим хэлбэрээр чөлөөтэй хийгдэж байгаа нь криптографитай холбоотой юм.

Крипто аюул занал гэж юу вэ?

Аливаа зүйлд эерэг, сөрөг тал байдгийн нэгэн адил криптографийн хэрэглээнд ч цаг хугацааны явцад сөрөг талууд бий болж ирсэн. Гэхдээ эдгээрийг сөрөг тал гэж харахаас илүүтэй технологийг буруугаар ашигласнаас үүдэн бий болох аюул занал гэж ойлгож болно. Кибер аюул занал буюу cyberthreat гэдэг ойлголт бий болж, түүнээс урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулах арга хэмжээг хүмүүс харьцангуй мэддэг болсон гэхэд болно. Тэгвэл аюулгүй байдлыг хангах зориулалттай шифр алгоритм бүхий програм хангамж сөргөөр ашиглагдах цаг ирнэ гэж хэний санаанд багтах билээ. Гэмт сэдлийг өдөөх хүчин зүйл хэзээнээс мөнгө байдаг тул цахим ертөнцөд криптографийг ашиглан бий болсон крипто мөнгө гэмт этгээдүүдэд өөрсдийгөө илчлэх санхүүгийн ул мөр үлдээхгүйгээр хэрэг үйлдэх боломж олгож байна. Жишээ нь, барьцаалах гэмт хэрэг бодит амьдрал дээрх ойлголтоор хэмжигдэхгүй болж цахим үнэт зүйл болох бүх төрлийн мэдээллийг барьцаалах чадамжтай болсон нь энэхүү цахим мөнгөтэй холбоотой.

Д.Дамба-Очирын оронд Д.Тэрбишдагвыг томилов

УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томилжээ.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байна.

Хогийн цэгээс их бууны сум олжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Дарь-Эх”-ийн хогийн цэгтээс их бууны сум олджээ. Сум олсон иргэн энэ тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 19:20 цагт Онцгой байдлын албанд ирүүлснээр Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж 100 мм-ийн Пушекын сургалтын сумыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай чиг үүргийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгчээ.

Мессэж зараар эмэгтэйчүүдтэй танилцан дээрэмддэг этгээдүүд баригджээ

Энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр иргэн М, О нар нь мессэж зараар үл таних залуучуудтай танилцаж уулзсанаар тэднийг 5-6 залуу бүлэглэн хүчирхийлж, зодож дээрэмдсэн хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж өмнө нь 14 удаагийн үйлдэлтэй 20-26 насны бүлэг этгээд үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдлоо.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иргэн та олон нийтийн хэрэгсэл, цахим сүлжээг зөв зохистой хэрэглэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэм цуцлагдлаа

2018 оны 5 дугаар сарын 7-ны байдлаар Архангай аймгийн Хотонтын сум дамнасан голомт /Хотонт, Өгийнуур/, Ихтамир сум, Өвөрхангай аймгийн Өлзийт, Зүүнбаян-Улаан сум, Төв аймгийн Жаргалант сум гэсэн нийт гурван аймгийн зургаан суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байсан. Тэгвэл үүнээс 3 дугаар сарын 24-нөөс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа. Ийнхүү шүлхий өвчний тархалт хумигдсаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хорио цээр бүхий сумдад өвчлөл нэмэгдээгүй, одоогоор гурван аймгийн таван суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 

Энэ сарын 9-нд ирүүлсэн мэдээгээр бол шүлхий өвчнөөс сэргийлэх 2018 оны хаврын вакцинжуулалт улсын хэмжээнд дунджаар 45 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, нийт 1,7 сая гаруй толгой малыг вакцинжуулаад байгаа бөгөөд вакцинжуулалтын явц Төв аймагт хамгийн өндөр буюу 86 хувь, Архангай аймагт 76 хувь, нийслэлд 74 хувь, Дундговь аймагт 68 хувьтай тус тус явагдаж байна. 

“АПУ” ХК Богд хааны ордон музейн хажуу талд баар цэнгээний газар барьж байна

Монголын түүх соёлын хосгүй үнэт үзмэрүүдийг хадгалж байдаг, уламжлалт уран барилгын дурсгалын нэг нь Богд хааны ордон музей устах аюулд орлоо. 2008 оноос эхлэн “АПУ” ХК Богд хааны ордон музейн тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр газрыг ухаж эхэлсэн. Анх тус газарт Богдын ногоон ордны хойд талд 1998 онд үндэсний хөгжмийн засварын газар байгуулахаар "Ван трейд" компани зөвшөөрөл авсан байдаг. Улмаар худалдаа үйлчилгээний төв нээхээр "Ван трейд" компани барилга барьж байгаад дуусгалгүй газраа “АПУ” ХК-д зарсан байдаг.  Түүнээс хойш тус компани барилгыг тойруулан хашаа барьж, тус газрын тусгай хамгаалалтын бүсэд асар барих нэрийдлээр баар цэнгээн, шоуны газар нээхээр төлөвлөн ажилаа эхлээд байгаа аж. Ийнхүү олон жилийн турш тус газарт барилга бариулахгүй хэмээн тэмцэж байгаа Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан салбарын сайддаа хандаж аврал хүсчээ.  Өмнө нь Богд хааны ордон музей захирал О.Мэндсайхан “Бид хэчнээн тэмцээд ч “АПУ”-г дийлдэггүй” хэмээн  хэвлэлд ярилцлага өгч байсан билээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейн газрыг 5.7 га байхаар баталсан байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар музейн нийт газрынх нь дийлэнх хувийг “АПУ” компани өөрийн эзэмшлийнх болгож авсан аж.  Тодруулбал, өдгөө уг музейд нийт газрынх нь нэг хүрэхгүй хувь ногдож байгаа аж. 

Энэ онд 706 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Ипотекийн зээлийн санхүүжилтэд энэ сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Тус санхүүжилтэд нийт  657 иргэн хамрагдах боломжтой юм байна.

Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.

 ТЕГ-ын нэр барих замаар бусдыг залилсан байж болзошгүй этгээдийг шалгаж байна

Байгууллагын нэр барьж иргэдээс их хэмжээний мөнгө залилж авдаг бүлэг этгээдүүд байгааг холбогдох байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй гэмт хэрэг гарсан байна. ТЕГ-ын нэр барих замаар бусдаас их хэмжээний мөнгө, эд зүйл залилан мэхэлсэн байж болзошгүй этгээд СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа юм байна.

Тагнуулын байгууллагын алба хаагчийн нэр барьж бусдыг залилан мэхлэх, дарамт шахалт үзүүлэх, эрхэлж буй ажилд нь саад учруулах зэрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүднээс иргэд, хуулийн этгээд  дээрх төрлийн сэжигтэй үйлдэл илэрсэн даруйд  ТЕГ-ын 51263017, 51264017 утсанд холбогдож мэдээлэл өгөхийг тус газраас анхааруулж байна. 

Зөрчлийн тухай хууль: 15.21 дүгээр зүйл. Улсын цол, одон, медаль, төрийн албан хаагчийн  дүрэмт хувцас, таних тэмдгийг хууль бусаар ашиглах

3.Төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм байна. 

Хорт хавдартай 10 сувилагчийн эмчилгээнд зориулж тус бүр 1 сая төгрөг хандивлалаа

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн хандивын арга хэмжээ зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагааны үеэр хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг сувилагч нарын дунд хорт хавдартай 10 сувилагчид хандив өргөжээ. Аюултай өвчинтэй тэмцэж байгаа эдгээр сувилагчдад Эрүүл Мэндийн яамнаас эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлсэн байна. Мөн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны хүндэт жуух бичиг, Нийслэлийн ЭМГ-ын тэргүүний ажилтнаар мэргэжлээрээ манлайлсан,  олон жил ажилласан зарим сувилагчдыг шагнаж, урамшууллаа. Мөн МУ-ын гавьяат сувилагч Өлзийсайханы Тунгалагийг Алтан Гарт сувилагчааршагналаа. Түүний хувьд 45 жил тасралтгүй ажиллаж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл