Зүрх судасны өвчнөөр 2012 онд гэхэд 5939 хүн нас барсан тоо баримт байдаг. Энэ төрлийн өвчинд артерийн даралт ихсэх, зүрхний архаг дутмагшил, зүрхний шигдээс буюу миокардын инфаркт зэрэг өвчнүүд хамаарч байна. Дэлхийд энэ төрлийн өвчнөөр нас барах хүний тоо хавдрын дараа ордог бол Монгол улсад хавдрын өмнө орж байгаа аж. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяартай цөөн хором ярилцлаа.
-Зүрх судасны өвчний гол шалтгаан нь юу байна вэ. Иргэд энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
-Зүрх судасны өвчин нас баралтаараа монгол улсдаа сүүлийн 10, 20 жилд эхний байранд явж байна. Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай байна. Тархины харвалтаар бол хамгийн залуу 19 настай, зүрхний шигдээсээр 23 настай хүн өвчилсөн. Тэгэхээр хөдөлмөрийн насны хүмүүс өвчлөөд байвал ирээдүйд бид нар яах вэ. Манай улсын хувьд хүн амын бүтэц нь 15-24 насны залуучууд зонхилж байна. Гэтэл зүрх судасны өвчин нь 40 наснаас дээш насны хүмүүс өвчлөх магадлалтай гэж үздэг. Эрсдэлгүй үед нас баралт нь зүрх судасны өвчний нас баралт давамгайлж байгаа нь 2030 оны ирээдүйн тооцооллоор 40 насныхан, 2050 оноос эхлээд 50 насныхан зонхилж эхэлнэ гэсэн судалгаа байгаа. Тэр үед яах вэ. Зүрх судасны өвчин гэхээр зүрх, судас гэсэн хоёр үг байгаа. Зүрх зогсохоор мэдээж хүн амьдарч чадахгүй. Энэ нь эрхтэнийг тэжээдэг гол эрхтэн байгаа. Үүнийг хайрлахын тулд хөдөлгөөний идэвхтэй байх хэрэгтэй, биеийн жингээ барих, давсны хэрэглээгээ багасгах, тамхи, архинаас татгалзах хэрэгтэй гэсэн эмч нарын ярьдаг зүйлийг нь би давтана. Энэ бүгд зүрх судасны өвчнийг өдөөж байдаг хүчин зүйлсүүд . Тийм учраас эрсдэлт хүчин зүйлс гэж нэрлээд байгаа юм.
-Эдгээр эрсдэлт хүчин зүйлсийг бууруулбал зүрх судасны өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юу?
-Эдгээр хүчин зүйлсийг буруулаад эхлэхээр тархалт буурч эхэлнэ. Мөн зүрх судасны өвчинд нэгдүгээрт ордог юм нь цусны даралт ихсэлт байдаг. Энэ өвчин өөрөө тархины харвалтын 62%, зүрхний титэм судасны 49%-ийг эзэлдэг. Өнөөдөр даралт ихсэлтгүй хүнгүй гэр бүл гэж байхгүй болсон. Шинж тэмдэггүй байдаг учраас хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй. Тийм учраас хүмүүс өөрсдийнхөө даралтыг сайн хянаж байх хэрэгтэй. Даралтын эрүүл төвшин нь 120x80 –д бариад байвал сэргийлж чадна.
Манай ард түмэн дэлхийд байхгүй заншилтай хүмүүс. Цайгаа давстай хэрэглэнэ. Мөн дээрээс баншаа хүртэл давстай хэрэглэдэг. Давс өөртөө ус их татдаг . Ус их татахаар судас дотор эзлэхүүн нь нэмэгдээд даралт ихсээд байдаг. Тийм учраас давсны хэрэглээгээ зохистой хэрэглэх ёстой. Ер нь бол хүний хэрэглэж байгаа давсны хэмжээ хоногийн 5 гр байх ёстой. Хоол ундандаа хэрэглэж байгаа давсаа хүртэл тооцох хэрэгтэй.
Хөдөлгөөний хомстолын улмаас нас баралтаараа дөрөвдүгээр байранд орж байна. Хөдөлгөөн хомстол нь зүрх судасны өвчний үндэс болдог. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр болгон тогтмол 30 минут алхах хэрэгтэй.
Мөн тамхины бүрэн татгалзах хэрэгтэй. Тамхи өөрөө судасны ханыг гэмтээж, хатууруулж байдаг. Харин архи бол ямар ч тэжээллэг байхгүй, калори ихтэй учраас таашаах зүйл биш. Нэгэнт даралт ихтэй болсон бол нарийн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Зарим хүмүүс хүний ууж байгаа эмийг сургаар их уудаг. Тэр эм нь танд таарахгүй ч байж болно. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь зөв.
Халдварт бус өвчлөл дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан аль хэдийн болсон. Дэлхийн нийт хүн амын нас баралтын 70 %, хөгжиж буй орнуудын 87%-ийг, монгол улсын хүн амын нас баралтын 85,4%-ийг халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт эзэлж байгаа юм. Халдварт бус өвчин гэдэгт нь таван төрлийн өвчин ордог. Үүнд дотроос тэргүүлж байгаа дөрвийг нь аваад үзэхээр зүрх судасны өвчин 17,4%-иар тэргүүлж байна. Дэлхийд 100 мянган хүн амд зүрх судасны өвчний нас баралтаараа өндөр тоотой орны тоонд манай улс бүртгэгдсэн. 2017 оны хамгийн сүүлийн дэлхийн өвчлөлийн үзүүлэлтээс харахад МУ зүрх судасны өвчний өндөрт тархалттай орны тоонд мөн багтсан. Тархины харвалтын цус харвах хэлбэрээрээ топ 10 орны нэгдүгээрт манай орон явж байна. Ийм учраас манай улс дэлхийд зүй ёсоор анхаарлыг татаад байгаа юм.
-Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай байна гэж түрүүн хэллээ. Ер нь насны хувьд аль насны хүмүүс даралт өндөртэй байна вэ?
-Бид нарын хийсэн судалгаагаар 45-аас дээш насны эрэгтэй хоёр хүн тутмын нэг нь даралт ихтэй байна. Мөн 25-аас дээш насны гурван хүн тутмын нэг нь даралт ихтэй байна.