3o
Улаанбаатар хот
mobile menu

БАЙР СУУРЬ: Эдийн засгийн чуулганд улс төрчдийн яруу найргийг сонсох гэж ирээгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-21 12:44:00

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: ӨДӨР ИРЭХ БҮРТ БОЛОМЖОО АЛДАЖ БАЙНА

Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хөрөнгө оруулалтыг дэмжсэн, тодорхой асуудал шийдэхийн төлөө чуулж байна. Энэ хүрээнд гарын үсэг зурна. Өнөөдөр гэхэд “Монголын хөгжлийн алтан гурвалжин” баримт бичигт манай таван яам, нийслэл гарын үсэг зурна. Мөн Монгол Улсыг, хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн. Мэдээлэл технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурна. Зөвхөн ярьж, санал солилцох бус үр дүнд чиглэсэн уулзалтууд хийхийг зорьж байна. Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх бүрт боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий. Алдагдсан боломжийн өртөг нь 10 жилийн хугацаанд алаатай гэрээнээсээ илүү боллоо. Нөгөө талдаа том төслүүд хөдөлөхөөр ард түмэнд өгөөж нь хүртэхгүй улс төр, бизнесийн цөөхөн бүлэглэлүүд үр ашгийг нь шимээд авчихдаг засаглалын гажуудлыг засахаар гурван тулгуурт хөгжлийн бодлого боловсруулсан.

Эдийн засагч Д.Жаргалсайхан: Яриад өнгөрөх бус ажил хэрэг болгоход анхаарах ёстой

Цахим оролцоо гэх сэдвийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй нь маш шинэлэг бас давуу тал юм. Уг оролцоог идэвхжүүлснээр төр засгийн бодлого, шийдвэр иргэдэд маш түргэн хүрнэ гэсэн үг. Хууль гаргахаасаа өмнө иргэдийнхээ саналыг авна гэж сая ярьсан. Энэ бол өмнө нь яригдаж байгаагүй зүйл юм. Технологийн болон агуулгын, ажил үүргийн хувьд цоо шинэ сэдэв боллоо. Үүний цаана блокчейн технологийн тухай асуудлыг ярих ёстой юм. Блокчейн бол дараагийн интернэт юм. Энэ интернэт нэвтэрснээр аюулгүйгээр мөнгө шилжүүлэх цахим гарын үсгийг бий болгох юм. Тэгэхээр янз бүрийн лавлагаа болон бусад зүйлийг авах гэж бөөн ажил болох шаардлагагүй болж байна. Цахим гарын үсгээр та байгаа газраасаа хуралд оролцож, гарын үсэг зурж болно.  Чиний гэрээг хүлээн зөвшөөрнө. Ийм ажлууд бий болж буйг зарлачихлаа. Гэхдээ манай форумын онцлог нь яриад л өнгөрөх юм. Ярьсан зүйлээ ажил хэрэг болгоход ажиллах ёстой.Бас Монголын эдийн засагт тушаа болж буй зүйл бол НӨАТ. Компанийн орлогоос татвар авах нь хөл рүү нь буудаж буйтай ижил. Ийм учраас манай хувийн хэвшил хөл дээрээ босч чадахгүй байна. Үүнээс болж иргэд мянга, мянгаараа Солонгос руу зугатаад байгаа юм. Үүнийг засахгүйгээр Монгол улсын эдийн засаг хөгжихгүй.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат: Чухал шийдвэр гаргасан хүмүүсээ ингээд хориод байх юм уу

Банк санхүүгийн салбар ямар ч асуудалгүй, хэвийн үйл ажиллагаатай байгаа. Бид ОУВС-гийн активын чанарын үнэлгээг амжилттай даван туулсан. Одоо өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх ажлыг энэ ондоо багтаагаад хийх төлөвлөгөө гарган, ажиллаж байна. Бид энэ удаагийн эдийн засгийн чуулганаас өмнө нь гарсан бодлогын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хүлээж байгаа. Үндсэндээ Монгол Улс бодлого, хөтөлбөрүүдийг цаасан дээр гаргасан байдлаар дутаагүй. Гол нь эдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй байгаа энэ үед бидний нэрийн хуудас болсон Оюутолгойг төсөл дээр улс төрийн шийдвэр гаргасан хүмүүсээ шалгаад эхэлчихлээ. Мега төслүүд нь явж эхлэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид шинэ бодлого, хөтөлбөр яриад байх нь тохиромжгүй. Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг зорьж байгаа бол өмнө нь энэ чиглэлд чухал шийдвэр гаргасан хүмүүсээ ингээд хориод байх юм уу. Эсвэл асуудлаа томоор нь харах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй л гэж хэлмээр байна.

“Эрдэнэс Монгол” компанийн бизнес хөгжлтийн асуудлыг хариуцсан дэд захирал О.Одбаяр: Эндээс гарах үр дүн 3 сая иргэний амьдралд ямар нэгэн байдлаар нялзах хэрэгтэй

 Эдийн засгийн форум “Хүчээ нэгтгье” уриан дор зохион байгуулагдаж байна. Хүчээ нэгтгье гэхээр хэдэн дарга, захирлууд хүчээ нэгтгэх асуудал биш юм. Энэ форумын өгөөж нь Монгол Улсын 3 сая иргэнд хэрхэн нөлөөлүүлэх вэ гэдгийг хөндөх ярих учиртай. Давосын чуулга уулзалтад дэлхийн бүхий л улсууд очдог. Тэдний очдог гол зорилго нь ерөөсөө эрэлхийлэл. Дэлхийн цаашдын хөгжлийн чиг хандлага юун дээр байна. Юун дээр суурилж, цаашаа явахаар байна гэдгийг тандаж, мэдээлэл авахыг хүсдэг. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид, улстөрчид энд цуглачихаад, богино болон дунд хугацааны стратеги хөгжил нь ямар байх юм гэдгээ ярилцаж байна. Эндээс гарах үр дүн 3 сая иргэний амьдралд ямар нэгэн байдлаар нялзах хэрэгтэй. Манай улс цаашдаа ийм байдлаар хөгжих юм байна. Тиймээс хувь хүний хөгжилдөө ингэж анхааръя гэсэн ерөнхий ойлголтыг өгөх хэрэгтэй. Жишээ нь, том төслүүдээ хөдөлгөхтэй холбогдуулан, ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүд энэ чиглэлд мэргэжлийн боловсон хүчин болоход анхаардаг юм ч уу. Ийм байдлаар бодит төсөөлөл өгөх хэрэгтэй. Бидэнд эх орон, баялаг байна. Яагаад хөгжихгүй байна гэхээр хүний хөгжил дутмаг байна. Тиймээс өнөөдөр энэ чуулганаар уул уурхай ярихаасаа илүүтэй хувь хүний хөгжлийг илүү хөндөн ярих учиртай гэж би харж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Улс төрчдийн яруу найргийг сонсох нь чухал биш

Төр, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны хэлбэрээр энэ форум найм дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр үдээс өмнө хоёр цагийн турш дарга нарын үгийг сонслоо. Одоо хувийн хэвшил үгээ хэлнэ. Сонсох байх гэж найдаж байна. Ер нь эдийн засгийг жаахан өсгөж, өндийлгөж байгаа хүмүүс чинь энэ хэдэн бизнес эрхлэгчид, малчин тариаланчид. Түүнээс биш дарга нар эдийн засгийг өсгөчихөөгүй юм. Олон улсын байгууллагууд, дарга нарын яруу найраг, цэцэрхэлээс үнэндээ залхаж байгаа. Тоон үзүүлэлтээрээ эдийн засаг жаахан өндийж байгаа нь үнэн боловч яг баялаг бүтээж байгаа ААН, иргэнд наалдсан зүйл бага байна. Цалингаа 200 тэрбум төгрөгөөр нэмж чадахгүй байж, бид 20 их наядын эдийн засаг ярьж байгаа нь хэт өрөөсгөл, хийсвэр зүйл. Бодит амьдралаа л ярих хэрэгтэй. Хоёр жилдээ бид гадна дотныг хамарсан 2 их наядын ажил хийж чадна. Өнгөрсөн 2012 онд эдийн засаг өсөлттэй байх үед дарга нар гарч ирээд л, боломжуудыг хааж боосон хууль ярьж эхэлснээр өсөлт унасан. Одоо тэр хүмүүс ч өнөөдөр илтгэл тавиад л явж байна. Гол нь өнөөдөр бид бодит байдлаа ярих ёстой. Өнөөдөр улс төрчдийн сайхан яруу найргийг сонсох нь чухал биш. Улс төрчдийн яруу найргийг л үдээс өмнө сонслоо. Түүнээс илүү ярих зүйл олон байна. 

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд:

Яг өнөөдрийн байдлаар Монголын Эдийн засгийн зонхилох орлогыг Уул, уурхайн салбар бүрдүүлж байна. Өнөөдрийн чуулганаар хоёр дахь онцлох зүйл нь уул уурхай, зэс, алт, нүүрс гээд бидний экспортолдог бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байна. Тавантолгойг маш олон жил ярьж байна. Яг одоо өнөөдрийн байдлаар дорвитой шийдэлд хүрээгүй байгаа. У.Хүрэлсүх сайдын удирдаж байгаа Засгийн газар Тавантолгойг эргэлтэд оруулна, хөрөнгө оруулалтын шинэ загварыг авчирна гэсэн. Үүнийгээ хийх хэрэгтэй. Үүний суурь нь Тавантолгой үндэсний томоохон орд учраас ард түмний тодорхой хувь, эзэмшлийг тодорхойлж өгөх, мөн гадаадын стратегийн томоохон хөрөнгө оруулагчийг олох нь чухал. Манай гол экспортын бүтээгдэхүүнүүд таатай мөчлөг дээр байгаа учраас эдийн засаг одоогийн байдлаар өсөлттэй байгаа. Улс орны эдийн засаг өсчихсөн, гадаадын хөрөнгө оруулалт өсчихсөн. Ийм байдалтай байна. Тэгэхээр зарим үед олон жил ийм байдалд тайвширч ирсэн. Энэ мөчлөг бол буцдаг. Гол экспортын бүтээгдэхүүний үнэ буурахад монголын эдийн засаг бэлэн байдалд байх ёстой. Тэр нь нэгдүгээрт, олборлолтын бус салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүнийг эдийн засагт дээр ярихдаа гурван үндсэн бүлэг яриад байна.Нэг хэсэг нь уул уурхайн салбараа дэмжье, хоёрдугаарт, олборлолтын бус салбарт хөрөнгө оруулалт хийе, гуравдугаарт, санхүүгийн зах зээл болоод бусад чиглэлд ажиллая гэж байгаа. Эдийн засгийн тогтвортой байлгахын тулд солонгоруулсан бодлогыг дэмжих ёстой.  Санхүүгийн зах зээл идэвхжиж байгаа энэ үеийг ашиглаад санхүүгийн зах зээлдээ ач холбогдол өгөх ёстой. Ялангуяа хөрөнгийн зах зээлийг сэргээхэд анхаарах ёстой. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол амин зүрх гэж яриад байгаа технологид суурилсан хөгжлийг бий болгоход анхаарах. Манайх залуу мэргэжилтнүүд олон болсон. Тиймээс энэ чиглэлд маш сайн анхаарах ёстой. Гуравдугаарт, боловсролынхоо чанарт анхаарах хэрэгтэй. Жишээ нь, бид баялгын сан юм уу /Норвегийн загвараар/, сандаа тулгуурлаад боловсролынхоо салбарыг шинэчлэх хэрэгтэй. Боловсролдоо хөрөнгө оруулалт сайн оруулах хэрэгтэй. Олон Улсын судалгаа, чуулганд хийгдэж байгаа мэдээллээс харахад ойрын 4-5 жилдээ эдийн засаг сайн байх болов уу гэж харж байна. Харин энэ эрчээ хадгалах хэрэгтэй. Түүхий эдийн үнэ таатай нөхцөлтэй байдаг. Цикл нь эргэх үед манай эдийн засаг бэлэн байх ёстой.

Сингапурын парламентын гишүүн асан, эдийн засагч Калвин Чэнг: Монголын эдийн засагт ил, тод, ойлгомжтой байдал шаардлагатай байна


- Би Хонконгоос хүрэлцэн ирж Монголын эдийн засгийн чуулганд оролцож байна. Анх удаа Монголд ирж байна. Маш их баяртай байна. Ингэхдээ блокчейн технологийг Монголд нэвтрүүлэх боломж, бололцоо байгаа эсэхтэй танилцахаар ирсэн. Уг технологийг эдийн засагт нэвтрүүлснээр ил тод байдлыг авчирна. Яг одоогийн байдлаар уг технологи нь өөрөө хөгжлийн шатандаа явж байгаа. Монголын эдийн засгийн хувьд уг технологийг нэвтрүүлэх амжилттай хөгжүүлэх боломж, бололцоо нь байна гэсэн дүгнэлттэй байна. Мөн блокчейн технологи нэвтрүүлэхээсээ  гадна эдийн засаг, санхүүгийн салбарт нь ямар боломжууд байгааг бодит байдал дээр харахаар хүрэлцэн ирсэн. Миний ажиллаж ирсэн туршлагаас үзэхэд Монголд эдийн засгийн ил тод байдал маш чухал санагдаж байна. Хуулийн хүрээнд бүх зүйл нь тодорхой байхаас гадна гадны хөрөнгө оруулагчдад зориулсан татварын эелдэг бодлого хэрэгжүүлэх чухал шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаасаа буцаагаад үр ашиг хүртэнэ гэсэн итгэлтэй болно. Эдийн засгийн салбар руу гаа чиглэсэн төрийн албаны үйл ажиллагаа ойлгомжтой байх ёстой гэж бодож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gongorbayar
xii xoosonloozon, zuud zereglee chalchixaas oor uom daanch algadaa
2018/05/21 43.242.243.181
иргэн
Лхагважав Занданшатарыг хэлж байна. 2012 онд ётратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэж гарснаар хөрөнгө оруулагчид үргэсэн. Дээрээс нь Эбигийн лиценз олголтыг зогсоосон байдал
2018/05/21 202.131.238.98
M.enhbolf
ALTAN GURGALDAINUUD GOSHIGORCH BNA
2018/05/21 66.181.177.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment