8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Баяртсайхан: Зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байна

2018-06-06 11:06:00

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонссон юм. Мэдээллийн эхэнд 2011 оноос хойших эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдаад 2015-2017 оны эдийн засгийн хүндрэлээс үлдсэн хэд хэдэн сургамжийг онцоллоо.

Жижиг, түүхий эдээс өндөр хамааралтай эдийн засгийн бүтэцтэй манай улсын хувь санхүүгийн нөөцийн бодит чадавхиас нь давсан, хэт тэлсэн байдлаар макро бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаандаа тогтворгүй байдлыг бий болгодог. Хувийн болон улсын секторын санхүүгийн чадавхийг эрсдэл даахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад санхүүгийн чадавхийг давхар харгалзах, Төв банкны хараат бус байдлыг хадгалах гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулсан. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллээс “ОНЦЛОХ” баримтыг бэлтгэн хүргэж байна.

  1. Монгол Улсын макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд байсан хүндрэлийг гадаад нөхцөл, хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллага, оновчтой бодлогын арга хэмжээгээр харьцангуй богино хугацаанд даван туулж улмаар эдийн засаг сэргэлтийн төлөвт шилжээд байна.
  2. Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарлсан байна.
  3. Инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргажээ. Түүнчлэн улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл дурдлаа.
  4. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хомсдлыг шийдвэрлэхэд шаардлагатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн байна.
  5.  Оновчтой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байна.
  6. Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, эдийн засгийн гадаад орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байна.
  7. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашдын төлөв эмзэг байна. Экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгааг нь дурьдах нь зүйтэй.
  8. Эдийн засгийн дунд, урт хугацааны төлөвийг авч үзвэл 2020-2024 онд төлөх гадаад төлбөрүүдийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах шаардлагатай.Тодруулбал, 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээлийн эргэн төлөлт дээрх хугацаанд таарч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусгавар болох юм байна.
  9. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг голлон тэтгэж буй эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг ийнхүү зогсох эрсдэлтэй байгаа учир макро бодлогын оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн бат бэх чадавх, валютын нөөцийн хүрэлцээт хуримтлалыг бий болгох нь чухал. 
  10. Төсвийн сахилга батыг сахиж, зардал нэмэхгүй байх, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага хэвээр байгаа.
  11. ​2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 14.4 орчим их наяд төгрөг байгаагийн 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл бол 7.1 их наяд төгрөгийн зээл аж ахуйн нэгжид олгогдсон.
  12. Бүтцээс харвал ихээхэн хэмжээний зээлийн багц иргэдийн хэрэглээний зориулалтаар олгогдож байгаа бөгөөд үүнд сайн тал ч бий, хэмжээ хэтэрвэл иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.
  13. Иргэдийн хэрэглээний зээлийн дээрх дүн нь Монгол Улсын хувьд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй түгээж буй давуу талын илрэл ч гэлээ энэ хэвээр өсөлт нь үргэлжлэх юм бол иргэд зээлийн дарамтад орох эрсдэлтэй.
  14. Тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татаж байгаа бол арилжааны банкуудаас олгож буй зээлийн төлөлтдөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авч байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд арилжааны банкуудаас зээлийн хугацааг нь нэмэгдүүлэх хэлбэрээр зээлийн хэмжээг нь нэмэх зэрэг арга хэмжээ авдаг. Иргэн ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой байдаг бол өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байна. Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаад байгаа сөрөг нөлөөтэй.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment