8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: ДОХ-ын халдвартай 600 хүн бидний дунд амьдарч байна

2018-06-07 08:29:00

"Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний  гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байгаа аж.  Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүүтэй ярилцлаа.

СҮРЬЕЭГЭЭ ӨВЧИЛСӨН ХҮНИЙГ ХҮҮХЭД ШИГ Л АСАРДАГ 

-Манай улсад халдварт өвчний тархалт хэр байна вэ. Халдварт өвчний төрөл нэмэгдэж байгаа юу?

-Монгол улсад 30 гаруй халдварт өвчин бүртгэгддэг. Үүний 40 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Энэ бол тогтвортой тоо. Тухайлбал, Тэмбүү, ДОХ, Заг хүйтэн, трихомониаз гэх мэт өвчин байна. Үүнээс өөр өвчин байдаг ч статистик мэдээнд ордоггүй юм. Үүний дараа сүрьеэгийн халдварт өвчин орж байна. Сүрьеэгийн халдварын тархалт Монгол улсад өндөр байна. Бүсийн 37 орноос эхний долоод жагсаж байна. Өндөр халдвартай орнуудтай харьцуулахад мөн л дээгүүр бичигдэж байна. Энэ дундаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний асуудал сүүлийн үед олон улсад их яригдаж байна.

-Сүрьеэ өвчинтэй хүнд онцгой арчилгаа, эмчилгээ шаардлагатай гэдэг. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүс эмчилгээ, оношилгоондоо хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Сүрьеэгийн нян нь их хувирамтгай юм. Эм үйлчлээд эхлэнгүүт өөрийгөө өөрчлөөд тэсвэртэй  болоод өөрийгөө хамгаалаад байдаг. Мөн маш удаан эмчлэгддэг өвчин юм. Энэ өвчин туссан хүнийг 24 сар эмчилнэ гэдэг их хүндрэлтэй. Энэ хугацаанд 10000 эм уудаг. Эм бол маш өндөр хүчтэй хор. Тэгэхээр энэ хугацаанд өвчтөн залхаж, гаж нөлөөнөөсөө айгаад эм уухаасаа зугтдаг. Тэр их хүчтэй эм уухаар биед нь өөрчлөлт гарч, хямардаг. Бүр сүүлдээ эмч нартаа олдохгүй алга болдог. Бид хориод, цагдаад байлгаж чадахгүй шүү дээ. Өөр өвчнөөр өвчилсөн ХҮНИЙГ ЭМЧЛЭГЧ эмч нь “Энэ таны эм, уугаарай” гэж хэлж өгөөд гардаг. Харин сүрьеэгээр өвчилсөн хүнийг хүүхэд шиг асардаг. “За эмээ уусан уу. Уугаагүй бол яг залгисных дараа” өрөөнөөс нь гардаг. Хэрвээ эмээ ямар нэгэн байдлаар уугаагүй бол тухайн эмний цусан дахь хүч нь үгүй болно. Эмний үйлчлэл тодорхой хугацааны дараа цуснаас гардаг. Тэгэхээр тодорхой хугацаанд тэр эмийг цусанд нь байршуулж байж нянд нь үйлчлүүлдэг. Хэрвээ эмчилгээг тасалвал нян нь бэхжинэ. Дутуу цохиулсан хүн босоод ирдэг. Нам дарж байж өвчин эдгэрэнэ. Маш их бэрхшээлийн дунд өвчтөн болон эмч нар байна. Олон эмэнд дасалтай сүрьеэ Хятад, Орос улсад их байгаа нь бас аюултай. Учир нь энэ улс руу манай наймаачид их явдаг. Олон эмэнд дасалтай сүрьеэ нь энгийн сүрьеэгээсээ маш өөр, удаан эмчлэгддэг, өндөр өртөг шаарддаг. Цаашлаад улс орны эдийн засгийг хямраадаг, тэр айлыг сүйрүүлдэг. Энгийн сүрьеэ нь 6-8 сар эмчлээд бүрэн эдгэрдэг. Харин олон эмэнд дасалтай сүрьеэг 12-24 сар маш сайн эмчилбэл эдгэрнэ. Гэхдээ эмчлэхэд үнэхээр хэцүү.

-Олон эмэнд дасалтай сүрьеэг нар, агаараар хавсарч эмчилбэл илүү үр дүнтэй гэдэг. Танай эмнэлэгт энэ нөхцлийг ханган эмчилж чадаж байна уу?

-Манай эмнэлэгийн 200 орны 60 нь энэ төрлийн өвчтнийг эмчлэхэд зориулагдсан. Өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлж буй өрөөний агаар эмч нарын өрөө рүү орж ирдэггүй хасах даралттай байх ёстой. Би коридорт явж байхад тасагт эмчлэгдэж буй өндөр халдвартай өрөөний агаар миний явж буй газарт бус цаашаа үлээх ёстой. Халдвар хамгааллын ийм нөхцөлд эмчлэх ёстой юм. Тэгэхээр маш өндөр халдвар хамгааллын нөхцлийг хангасан стандартын барилга байх ёстой. Жилээс жилд өвчлөл нэмэгдэж байна. Тэглээ гээд бид байшингаа сунгах боломжгүй. Халдвартын эмнэлэг нь хотын төв дотроо ажиллаж байна. Анх Халдвартын эмнэлэг ашиглалтад ороход буюу 1986 онд том намаган дотор ганц хашаа л байсан. Одоо хотын төвийн А бүсэд орчихлоо. Тэгэхээр нэн тэргүүнд Халдвартын эмнэлгийг бүхлээр нь хотоос гаргах шаардлагатай ч чадахгүй байна. Ядаж эмэнд дасалтай сүрьеэгийн эмнэлгээ хотоос гаргаж барих шаардлагатай байгаа юм. Маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн нян нарнаас айдаг. Тэгэхээр агаар, нарны эмчилгээг хавсарч эмчилгээ хийвэл өвчин эдгэх явц 50 хувиар хурдасна. Асар их өөрчлөлт гарна. Энэ эмнэлгийг барих ажлыг олон жил ярьсаны эцэстУ.Хүрэлсүх сайдын Засгийн газрын үед ажил хэрэг болох гэж буйд нь талархууштай байна. Бид үнэхээр их баярлаж байна.

-Сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Маш тодорхой. Сүрьеэгийн бактери чийгтэй харанхуй, хүйтэн орчинд өсч, үржиж бат бөх байдаг. Хүн бүхэнд унтаа сүрьеэ байдаг. Та бид эрүүл хооллоод, сайн унтаж амраад тав тухтай байгаад байгаа учир унтаа сүрьеэ сэргэж чадахгүй байна. Бидний дархлалын эсүүд бол баатрууд шиг унтаж байхад ч ажилладаг. Тэр эсүүд унтаа сүрьеэг сэхээхгүй дарж байгаа юм

-Сүрьеэгээр өвдөж буй хүмүүст судалгаа хийж үзсэн үү. Нийгмийн аль нэг давхарга нь өвддөг гэдэг ч юм уу ямар нэгэн тодорхой шинж  байдаг уу?

-Ихэвчлэн ядуу, зүдүү хүмүүст  тохиолдож байна. Амьдрал нь хүнд хоол, хүнс муутай байхаар хүн ядарна. Тэгээд дархлал нь унаад ирэхээр унтаа сүрьеэ босч ирдэг. Сүрьеэгээр өвдсөн хүн өөрөө мэдэлгүй халдвар тараагаад явчихдаг. Эмчлүүлж, оношлуулахгүй бол мэддэггүй. Халдвар, судлалын эмч нар бол эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Халдвартай хүний ойр хавьд ажиллаж, амьдарч буй хүнийг хүртэл олж мэдэн эмчилдэг.

СҮРЬЕЭГ ЭМЧЛЭХ ЭМЧ, СУВИЛАГЧ ХОВОРДОЖ БАЙНА 

-Энэ төрлийн өвчний бууруулах арга замыг та юу  гэж хардаг вэ?

- Илрүүлэх үзлэгийг эрчимтэй хиймээр байна. Үүнд асар их хөрөнгө шаардагдана. Рентгенд цээжний зургийг нь авахаас гадна цэрний шинжилгээ авч наалдац бэлтгэнэ. Энэ бүхэнд бүх хүнийг хамруулмаар байна. Аймаг, сум, ажлын газраар нь үзлэг оношилгоонд хамруулмаар байна. Ингээд өвчнийг илрүүлчихвэл эмчлээд явмаар байна. Энгийн сүрьеэг нэг сар эрчимтэй эмчлэхэд халдварыг тараахгүй. Нэг сар эмчлэгдээд эмнэлгээс гарч болно. Эмчтэйгээ ойр байж эмээ цагийн дагуу яг уухад болно. Үнэмшихэд хүндрэлтэй зүйлийг яръя. Бид зарим өвчтөнийхөө араас явж эмийг нь уулгадаг. Тэнээд явж буй архи уудаг нөхрийг олоод эмийг нь уулгачихаад бараг шагначихаад явдаг. Тэгэхээр энэ систем бол үнэхээр аймар. Ингэхээс өөр арга ч алга. Энэ ажилд хүний нөөц хэрэгтэй байна. Мэдлэгтэй, сэтгэлтэй эмч олон байвал бид энэ өвчний эсрэг ажиллаж чадна.

-Энэ өвчнийг эмчлэх эмч нарын хүний нөөц хэр байгаа вэ?

-Хүний нөөцийн 40 хувийн дутагдалтай байна. Банкныхаа талаар бензинтэй Хөвсгөлд очно гээд явж байна. Гэтэл бензин дутмагаас болж Архангай дээр гацахаар байна. Яг л ийм нөхцөл байдалтай байна шүү дээ.

-Мөн эмч, сувилагчид нь уг өвчин халдварладаг гэдэг. Энэ үнэн үү?

-Эмч, сувилагчид нь халдварладаг тохиолдол бий. Ер нь сүрьеэгийн өвчнийг эмчлэх эмч, сувилагчид ховордож байна. 

-Уг өвчнийг илрүүлж, оношилж эмчлэхэд маш их санхүүжилт хэрэгтэй гэж та хэллээ. Ер нь энэ өвчинд хэр их хөрөнгө зарцуулдаг вэ. Цаашид улсын төсвөөс хэр ихийг нэмж гаргах шаардлага байна?

-Санхүүжилт дутуу. Глобал сангийн санхүүжилтээр уг өвчний эмчилгээний зардлын ихэнхийг гаргаж байна. Улс орны асуудлыг энэ байгууллага бүрэн даах албагүй. Нийт зардлын тодорхой хувийг л гаргадаг. Энэ байгууллагаас олон сая доллар орж ирдэг гэх боловч оношилгоо, эмчилгээ, эмний зардалд зарцуулаад л таардаг. 2020 онд Глобал сангийн энэ төсөл зогсоно. Тэр үед Засгийн газар эмчилгээний зардлыг бүрэн даах аюултай байдал руу ороод байна.

ДОХ-оор ӨВЧИЛСӨН 600 ГАРУЙ ХҮН БИДНИЙ ДУНД ЯВЖ БАЙНА 

-Манай улсад ДОХ-ын халдвараар өвчилсөн нь илэрсэн хүн хэд байна.Түүний цаана далд байгаа хүн хэд байх магадлалтай байна вэ?

-Манайд 260 гаруй тохиолдол байна. Үүний 80 хувь нь гомо буюу эрчүүд, эрчүүдтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс байна. Өвчин илэрсэн гомо хүний хавьтлыг нь илрүүлэх замаар ажиллаж байна. Гомо нар цөөхөн учраас бие, биедээ халдаадаг. Хоорондоо бэлгийн харьцаанд ордог учраас үзлэгт оруулаад мэдчихдэг. Тэдний зарим нь эмэгтэй хүнд дамжуулсан тохиолдол ч бий. Харин 20 хувь холимог. Гэхдээ ДОХ бол зөвхөн гомо, биеэ үнэлэгч нарын өвчин биш. Ажил, төрөл хийгээд явж байгаа энгийн сайхан хүмүүс ч өвчилсөн. Бид тэдний нууцыг хадгалах үүрэгтэй. ДОХ-ын халдвараар өвчилсөн хүнд өдөрт ганцхан эм уулгаж вирусыг нь өсч үржихээс хамгаалж байна. Тэр эм насыг нь уртасгаж байгаа. 70 нас хүрэх тавилантай бол тэр хүртэл явж чадна. ДОХ бол дархлалын системийн сүйрэл юм. Түүнээс идээтэй өвчин биш. Хүний дархлал унавал ямар ч  өвчин босч ирнэ. Сүрьеэ ч босч ирнэ. Сүрьеэгийн хавсарсан тохиолдлоор дэлхийд 400 мянган хүн нас барсан.

-ДОХ-оор өвчилсөн 200 гаруй хүний цаана нийт хичнээн хүн өвдсөн байх магадлалтай вэ?

-Тооцооллоор 600 гаруй хүн бидний дунд явж байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийг илрүүлж гүнд нь орно гэдэг бол ур чадвар юм. Бид “Та энэ өвчнөөр өвчилсөн байна. Гэхдээ айх аюулгүй. Эмээ уу. Сэтгэлийн шаналгаагаа надтай хуваалц” гэж яриад сэтгэлийг нь тайвшруулдаг. Яг мөрдөж, мөшгөөд явж чадахгүй учраас тэр хүн будлиан тарихыг бид мэдэхгүй. Ихэвчлэн амьдарлын буруу зуршилтай олон хүнтэй бэлгийн харьцаанд ордог хүмүүс энэ өвчнийг тусч байна. Тэр буруу зан засрахгүй байгаа учраас аюул тарих магадлал өндөр. Би энэ төрлөөр дагнан судалгаа хийсэн хүн учраас биеэ үнэлэгчдийг шинжилгээнд оруулж үзлэг оношилгоо хийдэг байсан. Нэг өдөр халдвартай ӨВЧТӨНТЭЙГЭЭ ресторанд тааралдахад НАД РУУ уурлаж “ Би хүнтэй уулзаж хоол идэж БОЛОХГҮЙ ЮУ” гэж ХЭЛЖ БАЙСАН УДААТАЙ. Тэр хүн ямар хэрэг тарьж буйг би мэдэхгүй шүү дээ.

-Сүүлд 10 жилийн хоёр хүүхдээс ДОХ илэрсэн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

- Нас бол залуужсан. Хар тамхи болон бусад буруу зуршлаас болж ДОХ-ын тохиолдол их гарч байна.

-Урьдчилан сэргийлэх л их чухал ажил. Тийм үү?

-Тийм. Энэ өвчний талаар сайн мэдлэгтэй байх ёстой. Гарцаагүй тохиолдолд бэлгэвч хэрэглэхэд нэг удаа аварна. Түүнээс бэлгэвчийг сурталчлаад хэрэггүй. Хамгийн гол нь зан чанарын зөв хэвшил, үнэнч байдлаа л хадгалах хэрэгтэй.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Тэнэмэл 2 харыг толгой дээрээ залсан дээдэс өөрсдөө ДОХ тусахгүй яаваа, Иймэрхүү нөхдүүд монголд мөн ч их гай болох юм даа, Одоо УИХ-д Монголд гай дуудаж байгаа олон нөхөд байна шүү
2018/07/05 66.181.160.34
Балин Хамартын гавьяа
Камеруны хоёр үүргэвчтэй Харыг Их тэнгэрт хүлээж авч Монголд ДОХ авчирсан Очирбат Бурхандаа баярлалаа.
2018/06/07 202.179.25.29
7777777
Монголд наад зах нь амаа таглаж ханиадаг хүн гэж байхгүй болсон байна шүү дээ ...амаа таглаж ханихгүйгээс болж халтварт өвчин их тархаж байна даа эмч , дарга нар миниь ....
2018/06/07 202.55.191.205
123
ghyhghg
2018/06/07 202.55.191.205
МОНГОЛД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИН, ДОХ ЗАМБАРААГАА АЛДЛАА
ДОХ, БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИНТӨЙ УЛСУУДТАЙ САР БОЛГОН УУЛЗАЖ ЦААШИЖ ЯМАР НЭГЭН ХАВЬТАЛТАНД ОРЖ ТАРААЖ БОЛОХГҮЙГ АНХААРУУЛЖ ТӨРӨӨС ХУУЛЬ, ЭМЛЭГИЙН ХЯНАЛТТАЙ АЖИЛЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ӨВЧИНДӨӨ ДУУСЛАА.
2018/06/07 112.72.14.94
ЗАМБАРААГАА АЛДАЖ БАЙНА ТӨРӨӨС ЯМАР Ч АНХААРАЛ ТАВЬХАА БОЛЬСОН
ДОХ-ЫН ТАЛААР АНХААРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛДЭГ АЖИЛЛАГАА МОНГОЛД ХАЯГДСАН ГЭЖ ХЭЛХЭД БОЛОХООР БОЛСОН БАЙНА ТЕЛЕВИЗЭЭР ӨДӨР ТУТАМ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ ОДОО БАРАГ НУУЦ БОЛЖ МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ ЗАЛУУС ...
2018/06/07 112.72.14.94