ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг”-ийн эмч нар Сэлэнгэ аймгийн иргэдэд шүд, амны хөндийн үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаараа мэдээлэл өглөө.
26 эмч 14 хоногийн турш Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар, Мандал, Хөтөл, Сайхан сумдад ажиллаж, 8500 гаруй иргэдийн шүд, амны хөндийг үзэж, анхан шатны усламж, эмчилгээг хүргэжээ.
Энэ үеэр “Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг” төрийн бус байгууллагын эмч “Эцэг эхчүүд шүдээ яаж угаах талаар хүүхэддээ зөвлөдөггүй нь хүүхдийн шүд өвчлөх суурь шалтгаан болдог. Хүүхдэд бичиж сурахыг заадагтай адил шүдээ яаж угаахыг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие дааж угааж чаддаг болох хүртэл асран хамгаалагч нь угааж өгөх нь зүйтэй” хэмээв.
Мөн, ХБНГУ-д 0-18 насны хүүхдийн шүд, амны хөндийг эрүүл байлгах нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг байдаг бөгөөд эрүүл ахуйн сургалт, зөвлөгөөг энэ насныханд тогтмол хүргэдэг. Мөн шүдний цооролтоос хамгаалах сайн чанарын түрхлэгийг 0-18 нас хүртэлх насны бүх хүүхдийн шүдэнд түрхдэг” хэмээн ярив