8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд хүнд хэлбэрийн хараа алдалттай 6,800 хүн байна

2018-08-15 09:15:26

Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дахь удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, Америкийн Нэгдсэн Улсад магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ба Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү Нисдэг нүдний эмнэлэг хөтөлбөр нь 2014-2019 оны Монголын Нүд Судлалын Шилдэг Загвар-Хүүхдийн Хараа хамгаалах сүлжээ төслийг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байна. Мөн Орбис 2019 насанд хүрэгчдийн нүдний тусламж үйлчилгээний төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хонконгийн Хатагтай Ho Cheuk Wai ба хатагтай Ho Cheuk Chi (Susanna) нарын хандивын тусламжтайгаар хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр нь насанд хүрэгчид ба хүүхдийн нүдний өвчнийг эмчлэх нарийн мэргэжлийн сургалтанд чиглэгдэж байна. Хөтөлбөрийн эхний долоо хоногт ЭХЭМҮТ дээр хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт болох ба 3-р долоо хоногт УНТЭ дээр насанд хүрэгчдийн болор цайх өвчин, нүдний даралт, торлогийн эмгэг зэрэг өвчний сургалт явагдана. Энэ хөтөлбөрөөр нүдний эмч, сувилагч, нойрсуулагч эмч, эмнэлгийн багаж төхөөрөмжийн инженер нарт зориулагдсан сургалтыг лекц, ярилцлага, мэс заслыг үзэх, гардан суралцах хэлбэрээр явуулах болно. Энэ нь эмнэлгийн ажилчдын мэргэжлийн тасралтгүй хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Агаарын хөлөг дотор хийгдэх мэс засал, лекцийг Орбис-н цахим сургалтын төвөөр (cybersight.org) дамжуулдаг нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмч нарт мөн адил суралцах боломжийг олгож байгаа юм. Хөтөлбөрийн 2 дахь долоо хоногт Нисдэг нүдний эмнэлгийн агаарын хөлөг дотор симуляторт дадлагын сургалт явуулна. Хамгийн орчин үеийн симуляцийн технологи, виртуал бодит байдал ба шинжлэх ухаан, мэс засал, анагаах ухааны мэдлэгийг хослуулсан шинэ симуляторт дадлагын төв нь эмч нарт мэс засал хийхийн өмнө хяналттай орчинд симулятор багажийг ашиглан нарийн ур чадварыг суралцах боломжийг олгодог. Монголын хүн амын дундах сохролын байдал

2015 оны Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгааны тайлангаас харахад Монгол улсад 50-иас дээш насны сохор 6,900 хүн, хүнд хэлбэрийн хараа алдалттай 6,800 хүн байна. Тэдгээрийн 39% нь болор цайлт ба 20% нь нүдний даралт ихсэх өвчинтэй байсан байна. Мөн үүнээс гадна 15,000 хүнд сул харааны тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогдсон боловч одоогийн байдлаар тэдгээр үйлчилгээ нь Монгол улсад байхгүй байна. Нэг сая хүн амд хийгдэх болрын мэс заслын тоо нь манай улсад бусад Азийн орнуудтай харьцуулахад хамгийн бага байна. Орон нутагт зөвхөн 6 аймагт болрын мэс засал хийгдэж байгаа учраас нийт мэс заслын 90%-г Улаанбаатарт хийж байна.

Хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой Монгол улсад Чихрийн шижин өвчин ба түүний хүндрэл болох нүдний эмгэг ихэсч байна. Гэвч улсын эмнэлгүүдэд Чихрийн шижингийн нүдний эмгэгийг илрүүлэх, эмчлэх боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж хангалтгүй байна. Хүүхдийн сохролын талаар сүүлийн үеийн тоо баримт байхгүй, гэхдээ 2000 онд хийсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт 1000 хүүхдэд тутамд 0.2 байна гэж тогтоогдсон. Засагдаагүй харааны гажиг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн хүнд ба дунд зэргийн хараа алдалтын гол шалтгаан болж байна. 2005 онд хийгдсэн судалгаагаар сургуулийн хүүхдийн хараа муудалтын 88% нь засагдаагүй харааны гажигаас болсон ба харааны шил зүүх шаардлагатай хүүхдийн 89% зүүгээгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Харааны гажиг нь хүүхдийн хөгжилд нь сөрөг нөлөө үзүүлдэг ба харааны шил зүүснээр амьдралын чанар дээшилдгийг судалгаагаар нотолсон байдаг.

Орбисийн Монгол улсад үзүүлсэн тусламжийн түүхээс Нисдэг нүдний эмнэлэг нь 1989 оноос хойш нийт 7 удаа хөтөлбөр хэрэгжүүлсэн. Орбисын Хойд Азийн салбар 2014 оноос урт хугацааны үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод эхлүүлж, ЭХЭМҮТ ба 5 аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах 5 жилийн төсөл хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь сургуулийн хүүхдүүдийн харааны эрүүл мэнд, хүүхдийн дунд элбэг тохиолддог өвчнүүд болох хялар ба мохос хараа, болрын цайлт, дутуу нярайн ретинопатийн (ДНР) тусламж үзүүлэх чадавхитай тогтолцоог бий болгоход оршиж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Эрүүл мэндийн байгууллага хүмүүсээ сохрохоос нь өмнө арга хэмжээ аваачээ
2018/08/27 49.0.213.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment