8o
Улаанбаатар хот
mobile menu

Зика вирус Монголд халдварлах боломжтой

2016-02-18 11:10:00

Дэлхийн 30 гаруй улс оронд хурдацтай тархаад байгаа Зика вирус манай улсын хөршүүдэд гарч эхлээд байна.Ургийн гажиг үүсгэдэг Зика вирусын халдвар хөрш ОХУ-д нэг, Хятадад хоёр хүнд илэрчээ. Доминикан улсад амраад ирсэн эмэгтэйгээс Зика вирус илэрснээр Орост анхны тохиолдол бүртгэгдсэн бол Хятадад эхний халдвартай хүн эдгэрч эмнэлгээс гармагц өөр нэг хүнд Зика вирус илэрчээ. Венесуэл улсад аялаад ирсэн 34 настай эрэгтэй Шинийн нэгэнд халуурч, толгой нь өвдсөн шинж тэмдгээр эмнэлэгт хандсан нь Зика вирус болох нь оношлогджээ. Түүнийг Жянси мужийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсны маргааш нь /II.15/ хоёр дахь тохиолдол илэрсэн аж. Одоогоор Хятадад Зика вирусын халдвар авсан хоёр дахь хүний талаарх мэдээлэл байхгүй байна.  

Энэ вирусын хамгийн том аюул нь жирэмсэн эмэгтэйд халдварласнаар ургийн тархины хөгжлийг зогсоож, оюуны хомсдолтой, жижиг тархитай хүүхэд төрдөг юм. Ийм хүүхдүүд насан туршдаа асаргаа, сувилгаанд амьдрах шаардлагатай болдог. Колумб улсад л гэхэд 4000 жирэмсэн эмэгтэйд Зика вирусын халдвар илэрснээр үр хөндүүлэх зөвшөөрлийг Засгийн газраасаа шаардаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гол төлөв шумууланд хазуулснаас мөн цус цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварлаж байгаа талаар анхааруулсан. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд  шумуулаар дамжин тархах Зика вирусын аюул тун бага ч тархахгүй гэх баталгаагүй тул сонор сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн байгууллагууд ярьж байна.  Учир нь дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдгаас Aedes төрөлд хамаарагдах 700 гаруй зүйлийн шумуул бүртгэгджээ. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан байдаг байна. Монгол Улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар байдаг аж. Aedes төрлийн шумуул нь Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вируст халдвар зэрэг өвчнийг дамжуулдаг. Гэхдээ Зика  вирусыг тарааж байгаа үндсэн долоон төрлийн шумуул манай улсад байдаггүй. ОХУ, БНХАУ-д ч байдаггүй бөгөөд илэрсэн тохиолдолууд нь “зөөврийнх” ч гэж үзэж байгаа юм. Гэхдээ иргэдийн хувьд вирус тархаж байгаа улс орнуудаас ирсэн ачаа бараантай вирус хамт ирж болох аж. Учир нь шумуулын өндөг, авгалдай үржсэн усыг унданд хэрэглэснээс халдвар дамжсан байж болзошгүй талаар судалж байна.  

Түүнчлэн Зика вирус нь шумуулаар тардаг боловч АНУ-д үрийн шингэнээр дамжин халдсан тохиолдол бүртгэгджээ. Энэ нь Зика вирусын халдвар бэлгийн замаар халдвар дамжиж болно гэдгийг хэлж байна. Манай улсад бэлгийн замын халдварт өвчний тархалт нэлээд өндөр байдаг. Тиймээс манай улсад шумуулаас биш хүнээс хүнд халдах эрсдэл өндөр бий гэдгийг Эрүүл мэндийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.  Халдвар авсан хүн амын 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх бөгөөд шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх зэрэг шинжүүд 2-7 хоног үргэлжилнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР
БОЛЬЁ ОО
2016/02/18 103.17.108.42