8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани хөнгөлттэй зээл авсан нь ил болж, гэр шатаж таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа

2018-10-24 18:40:00

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр хэмээн  /Л. Өлзийтөгс - Моддын дээр цас орно/  гайхалтай шүлэг бичсэн байдаг. Өнөө маргаашгүй цас орж хүйтэн өвөл айлчлан ирэх гэж буй энэ цаг үед энэ шүлэг л яг зохицох мэт санагдлаа. Өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа ийм нэгэн шүлгээр эхлүүллээ. Үргэлжлүүлэн та бүхэн манай сайтад орсон онцлох мэдээллийг хүлээн авна уу. 

УИХ-ын гурван гишүүний эзэмшдэг компани давуу эрхээ ашиглан хөнгөлттэй зээл авсан нь ил боллоо

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны "Дорнод гурил", Г.Солтаны "Монгол Шаазан", Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан", ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн "Тээвэр ачлал" компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа.Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Я.Содбаатар нарын хөрөнгө оруулгын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь "Дорнод гурил" компанийн 100%-ийн, УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол шаазан" компанийн 100%-ийн, УИХ, Засгийн газрын гишүүн Я.Содбаатар "Эпато анарваан" компанийн 100%-ийн эзэмшигч болохоо ХОМ-доо мэдүүлсэн байна.

Харин ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн ХОМ-д "Тээвэр ачлал" гэх компанын талаар мэдээлэл алга байна. Тэрбээр өчигдөр энэ талаар хариулт өгөхдөө "Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. “Тээвэр ачлал” компани манай гэр бүлтэй ямар ч холбоогүй. Улс төрийн зорилгоор гүтгэлэг тараахдаа гэр бүл рүү минь чиглүүлж байгаад харамсаж байна. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮДС-гаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан нарын үүсгэн байгуулсан компанид зээл өгсөн нь үнэн хэмээн хэллээ. 

Г.Доржзодов: 2014 онд Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан

“60 тэрбум”-ын нууц бичлэгийг ил болгосон Г.Доржзодов мэдээлэл хийлээ. 

Иргэн Г.Доржзодов мэдээллийн эхэнд "60 тэрбумын мэдээллийг ил болгоод бараг 2 жил боллоо. Өнөөдөр иргэний үүргээ биелүүлж өнөөдөр мэдээлэл хийж байна. Анх үйл явдал болсноос хойш бараг дөрвөн жил өнгөрлөө. Янз бүрийн мэдээ мэдээлэл, дэгсдүүлсэн зүйл хэрээс хэтэрсэн санагдах боллоо. Миний бие аль нэг намын гишүүн биш. Аль нэг намд элсэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл дуулиан болоод байгаа асуудал хувийн нууцтай огт хамаагүй. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл авлига албан тушаалын хэрэг мэт ойлголт өгч байна. 60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон тухайд "Нийслэлийн прокурорын газраас үнэн гэдгийг тогтоосон. Гэтэл АТГ хуурамч бичиг баримт шургуулаад эвлүүлэг гэж гаргасан. Тухайн эвлүүлэг гэсэн цаасыг өнөөдрийг хүртэл барьсаар, тайлбарласаар байна. Энэ бол хуурамч. 2014 оны 10,11 дүгээр сард Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан. Энэ бол амаа хамхих хаалтын гэрээ. Энэ гэрээг намайг зөрчсөн гээд одоо намайг шүүхэд өгөх байх. Шүүхдээд үзэг". хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

О.Насанбурмаа шигшээ барилдаанд шалгарч, Б.Шоовдор дэлхийн медальтан боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаанд манай эмэгтэй бөхчүүд медалийн буухиаг үргэлжлүүллээ. Манай бөхчүүд Унгарын Будапешт хотноо хэрхэн амжилттай барилдаж мэдээллийг тоймлон хүргэе. 

Л.ТӨРТОГТОХТ ДЭЛХИЙН МЕДАЛЬ ОЙРХОН БАЙЛАА

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Парисын “Гранпри”-гийн хүрэл, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий алт, хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий мөнгө, хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий хошой аварга, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Лувсандоржийн Төртогтох 92 кг-ын жинд тавдугаар байрт орлоо.
Л.Төртогтох Дунай мөрний эрэгт эхний даваанд Казахстаны Нургали Нургайпулыг 2:1-ээр ялсан ч 1/4 шигшээд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Беларусийн Иван Янковскийд оноогоор цэвэр (0:10) ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд БНСУ-ын Ли Жон Куг 4:0-ээр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд 2015 онд Азийн АШТ-д үзүүрлэж, “Мongolia Open”-д ирж түрүүлж байсан Японы Ацүши Мацүмотод 5:6-гаар харамсалтай ялагдав. Манай бөх барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргав. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзсэн түүнд Будапештийн дэвжээ том туршлага болж өглөө.

Б.ШООВДОР ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АЛДААГАА ЗАСЧ, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛОВ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор Будапештэд манайхны хоёр дахь хүрэл медалийг (Т.Түвшинтулга эхний медалийг хүртсэн) эх орондоо авчирлаа. Өнгөрсөн жил Парист медалийн оосроос атгаад алдаж байсан тэрбээр Будапештэд алдаагаа засч, дэлхийн медальтан болов. Түүний авчирсан энэхүү медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий 59 дэх, 32 дахь хүрэл медаль болж байна. 
Дөрөв дэх ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Дунай мөрний эрэгт 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол дөнгөж сая шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялснаар дэлхийн данстай бөх гэдгээ харуулав. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

"Усны бохирдлын хэмжээг ямар байгууллага хэрхэн тогтоох нь тодорхойгүй байна"

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр /2018.10.23/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Улсын Их Хурал 2012 онд баталсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төлөвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан.

Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг маш ихээр бохирдуулж байна. Иймд холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 2017 оны 11 дүгээр сард баталсан. Үндэсний статистикийн газраас ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэж гаргасан. 1991, 1994 онд явуулсан тооллогод эдийн засгийн үйл ажиллагааны зарим хэсгийг хамруулж, тоологдох аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоонд хязгаар тавьж байсан бол 1998 онд явуулсан тооллогод бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал (ISIC)-ыг нэвтрүүлж, ҮСГ-т регистрийн санг уг ангиллын дагуу байгуулж, регистрийн сангийн баяжилтыг улирлаар хийж, түүвэр судалгааны хамрах хүрээ болгон ашиглах боломж нөхцлийг анх бүрдүүлсэн байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах үед буюу 2012 онд эдийн засгийн бодит өсөлт (ДНБ) 12.9 хувь байсан бол 2016 онд 1.1 хувь буюу 2012 онтой харьцуулахад эдийн засгийн бодит өсөлт даруй 11.7 дахин буурсан. 2016 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа улс орны өмнө тулгамдаад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Аюултай бохирдуулах бодис”-оос бусад бохирдуулах бодисын төлбөрийн доод хэмжээг бууруулсан гээд хуулийн төслийн нөлөөлөл болоод хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хийсэн мэдээлэлдээ, хуульд заасан нийтээр дагаж мөрдөх таван эрх зүйн баримт бичгээс одоогоор хоёр эрх зүйн баримт бичгийг батлаад байна. Тухайлбал, хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг баталсан. Хуульд заасан Сангийн яам, Татварын албанаас боловсруулах журам, аргачлал, тайлангийн маягт батлагдсан боловч зарим эрх зүйн баримт бичгийг холбогдох байгууллагууд өнөөг хүртэл батлаагүй байна.

Мөн, “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”. Түүнчлэн, төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн Засгийн газраас тогтоогүй, мөн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа төлбөр төлөгчийн мэдээллийг татварын албанд ирүүлээгүй байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан эдгээр эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл бүрэн батлагдаагүй, усны бохирдлын хэмжээг ямар байгууллага хэрхэн тогтоох нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас Татварын байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэлээ.

Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, арьс, шир боловсруулах аж ахуйн нэгжүүд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байна. Энэ нь тухайн салбарт хүндрэл учруулахаар байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа эсэх мөн усан дахь хог хаягдлыг хэрхэн зохицуулж буй талаар тодруулав. Түүнчлэн гүний усаар хичнээн куб метр ус зарцуулж буй талаар судалгаа хийсэн талаар мөн асууж байлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, гүнээс гаргаж авсан усны хувьд саарал усыг дахин ашиглах тухай зааврыг бүх аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байгаа. Энэ хуулийн давуу тал нь саарал усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм гэлээ.

Харин ажлын хэсгээс хийсэн тайлбарт, ашиглахгүй байгаа цооногийг битүүмжлэх арга хэмжээ авдаг. Түүнчлэн газар доорх усны нөөцөөс газар тариалан болон өөр зориулалтаар ашиглахыг хязгаарласан зохицуулалт үйлчилдэг. Мөн ус хомсдуулсны төлбөрийг хуулийн тусгай заалтуудаар зохицуулагдсан байгаа гэв.

Асуулт хариултын дараа өргөдөл гаргагчийг төлөөлж хийсэн мэдээлэлд, усыг хамгийн ихээр бохирдуулж буй хүчин зүйлс бол уул уурхайн компаниуд юм. Эдгээр компаниудаас усны төлбөр авахгүй мөртлөө малчин, тариаланчдыг ус бохирдуулагч хэмээн төлбөр ногдуулах хуулийг батлахаар зүтгэж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байгаа тул уг хуулийг УИХ-аас эгүүлэн татах чиглэлийг Засгийн газарт өгөхийг хүсэж байна гэв.

Ийнхүү ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авсны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ, ус бохирдуулалтын хэмжээ өнөөдөр хэт өндөр, ойрын хугацаанд бид усны нөөцгүй болох судалгааг олон улсын байгууллагаас хүртэл гаргасан байна. Иймд энэ хуулийг сайжруулах, зарим зүйл, заалтыг тодорхой болгох шаардлага үүсэж байгаа тул өмнөх алдааг давтахгүйн тулд өнөөдрийн хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж байна гэв.

ЗӨВЛӨМЖ
  1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт нь удааширсан тохиолдолд түүний шалтгаан, нөхцөлийг тодруулж, шуурхай авах арга хэмжээ авч байх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг батлан гаргах асуудлыг эрчимжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эсэхэд хяналт тавьж байх, ахуйн хаягдал усны төлбөрөөс иргэдийг чөлөөлөх, хөнгөлөх, эсхүл “тэг” хувиар оногдуулах асуудлыг судлан үзэхийг Засгийн газарт.
  2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрийн хэмжээний доод  хязгаарыг 50-60 хувийг бууруулах, химийн бодисыг цэвэрлэх байгууламж, ус бохирдуулсны төлбөрийг тайлагнах асуудлыг анхааралдаа авч, судлан үзэхийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт гэж заасан байна.
200 сая төгрөгөөр хийсэн шар тэмдэглэгээ арилж эхэллээ

Ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд замын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим замын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийгээд байгаа юм. Тодруулбал,  Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг  хийгээд байгаа юм.  Тус тэмдэглэгээг хийхийн тулд улсын төсвөөс 200 орчим сая төгрөг гаргасан гэх бөгөөд энэхүү тэмдэглэгээ арав ч хонолгүй эхнээсээ арилж эхэлсэн байна. Уг тэмдэглэгээг замын тэмдэглэгээ хийдэг зориулалтын бүтээгдэхүүнээр хийх тул арилах, алга болох асуудал үүсэхгүй хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра хэлж байсан юм. Гэтэл хэд ч хоноогүй эхнээсээ арилаад эхэлсэн байна. Чанаргүй ажил хийж татвар төлөгчдийн мөнгийг дэмий урсгасаар байх уу. 

16-17 насны охидыг айлган сүрдүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт  хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлэн хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.

Хохирогч нар 16-17 настай гурван охиныг  хамгаалах байранд хамгаалалтад авч, сэтгэл заслын арга хэмжээгч авчээ.

Хэргийн урьдчилсан байдлаар: А, Ч, Ө, А, А нар нь бага насны охидтой цахим хуудсаар танилцан дотно харилцааг үүсгэн эрхшээлдээ оруулжээ. Улмаар уг гэмт хэргийг энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сар хүртэл үйлдэж байсныг тогтоогоод байна. Энэ хугацаанд охидыг буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргээр дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан гэх нөхцөл байдал тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх дээрх нэр дурдсан этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүнийг саатуулжээ

Энэ сарын 23-ны орой Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбар тооцооны төвийн захирал Э нарыг АТГ-аас саатуулсан байна. Учир нь тэрбумаар яригдах зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа аж. 

Сэрэмжлүүлэг: Гэр шатаж таван хүн нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна" гэсэн дуудлага өнөө өглөө /2018.10.24/ 04:37 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэст иржээ.Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 04:45 цагт очиход 5 ханатай гэр,“Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс  тодорхойгүй 3 том хүн, 2 хүүхэд өртөж нас барсан байжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл