Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд ажиллагсдын “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-т үзлэг тулгалт хийжээ. Тулгалт хийж үзэхэд үзлэг шинжилгээг хийх ёсгүй, зөвшөөрөлгүй, хаяг байршил тодорхойгүй байгууллага хийсэн, шаардлагагүй шинжилгээ хийсэн зөрчил илэрсэн байна.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд:
Мөн эмч, эмнэлгийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн, зөвшөөрөгдсөн эмнэлгийн байгууллагууд үзлэг шинжилгээ хийхгүйгээр дэвтэрт шууд бичилт хийж өгсөн, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллагсдынхаа дэвтрийг бөөгнүүлж, эмнэлэгт аваачиж бөглүүлдэг зэрэг зөрчил илэрсэн” гэв.
Хоолны хордлого, халдварын тохиолдлуудад шалгалт хийхэд ажиллагсдаас нян тээгч илэрчээ
“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр”-ийг хуурамчаар бөглүүлснээр халдварт өвчинтэй иргэн тухайн худалдаа, үйлчилгээ, ажлын орчиндоо өвчлөл тараах, улмаар олон нийтийг хордлого, эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд гарч буй хоолны хордлого, халдварын тохиолдлуудад шалгалт хийхэд ажиллагсдаас нян тээгч илэрч байгаа аж. Тухайлбал: Монос эмийн үйлдвэр, Орхон аймгийн Эмпати сургууль болон Багануур дүүргийн Наран ресторан зэрэг газруудад гарсан хордлого, халдварын голомтод нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон.
Флюрографийн зураг авалгүйгээр, асуумжаар сүрьеэ өвчингүй, эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ
2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол хүнснээс шалтгаалсан хордлого, халдварийн дэгдэлт нийт 53 удаа гарснаас 19 нь хүүхдийн байгууллагад бүртгэгдэж, 1,257 хүүхэд өртсөн байна. ЭМ-ийн Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн багш, цэцэрлэг, хүүхдийн зуслан, асрамж халамжийн газрын багш, ажилчид сүрьеэгийн шинжилгээнд флюрографийн зураг буюу рентген зураг харалт өгөхөөр тусгагдсан. Гэвч флюрографийн зураг авалгүйгээр, асуумжаар сүрьеэ өвчингүй, эрүүл гэсэн дүгнэлт гаргажээ.
Түүнчлэн ЭМ-ийн Сайдын тушаалаар батлагдсан загварын дэвтэр хөтлөөгүй, үзлэг шинжилгээгээр өвчтэй нь тогтоогдсон хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээ хийгдээгүй, шинжилгээ чанартай хийгдэхгүй байгаа аж. Тухайлбал: Эмчийн үзлэгийн маягт, лабораторийн бүртгэл, лабораторийн ажлын бүртгэл зэргийг бүрэн хөтлөөгүй,өдөрт 300-400 хүнд шинжилгээ хийсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам, дэвтрийн загварыг баталсан байдаг.
Журамд зааснаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, ус түгээх, цэцэрлэг, сургууль, зуслан, хүүхдийн асрамж, үсчин, гоо сайхан, усан бассейн, зочид буудал, саун, эм үйлдвэрлэл, хангамж болон галт тэрэг, нисэх онгоцны үйлчлэгч зэргээр ажиллаж байгаа болон шинээр ажилд орох иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заасан хугацаанд орох ёстой аж.
Мөн үзлэг, шинжилгээг нийслэл хотод зөвхөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, орон нутагт Нэгдсэн эмнэлэг хийх бөгөөд үзлэг, шинжилгээний хариу эерэг гарсан ажилтнуудыг эмчилж, эрүүлжүүлэх ёстой аж.