Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр ЭХЭМҮТ жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа хэмээн хөөж гаргаснаас болж гадаа төрсөн гэх мэдээлэл цацагдаж, ЭХЭМҮТ-ийн захирлыг ажлаа өгөхөд хүргэсэн асуудал гарсан. Тухайн үед ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Төрөхөөр ирсэн эмэгтэй тасагаа андуурч ирсэн. Эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал таксины жолооч андуураад "Гурван гал" эмнэлгийн үүдэнд аваачсан байна лээ. Тэгээд эмэгтэй таксинд төрж, төрүүлсэн хүүгээ тэврээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь төрөх тасгаас эх баригч эмч, асрагч, сувилагч очиж, яаралтай тусламж үзүүлсэн. Эх хүүхэд хоёрын биеийн байдал маш сайн байгаа" гэсэн хариулт өгч байсан. ЭХЭМҮТ-н гадаа 26 настай эмэгтэй төрсөн асуудалтай холбоотойгоор тус эмнэлгийн захирал Ш.Энхтөр ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө хэмээн мэдэгдэж байсан ч салбарын сайд нь тус асуудлыг хүлээж аваагүй юм. Энэ асуудал намжаагүй байхад ЭХЭМҮТ-тэй холбоотой дахин нэгэн ноцтой асуудал гарсан байна. Тодруулбал, Зургаан долоо хоногтой эмэгтэй зулбалтын шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай түргэн тусламжид ханджээ. Дуудлагаар ЯТТ-ын 103-ийн түргэний эмч ирэн, түргэний машинаар ЭХЭМҮТ-д хүргээд явсан байна. Гэтэл ЭХЭМҮТ-ийнхөн харъяаллын бус хэмээн хүлээн аваагүй аж. Эмэгтэйн харъяалал Нэгдүгээр төрөх тул эмэгтэй такси барин Нэгдүгээр төрөх рүү явжээ. Гэвч замдаа харамсалтай явдал тохиолдож замдаа зулбасан байна.
Энэ тухай хамгийн анх нэгэн эмч өөрийн фэйсбүүкдээ "2019.01.05-ны өдөр болсон харамсмаар хэрэг. ЭХЭМҮТ Яаралтай хүлээн авах тасагт 2019.01.05 өглөөний 08.40 цагт түргэнээр хүргэгдэж ирсэн зургаан долоо хоногтой эхийг зүгээр л харъяалал өөр гэсэн шалтгаанаар зулбалтыг нь таслан зогсоосонгүй. Тоож ч харсангүй. Хажууд нь хэвлийгээр базалж өвдөөд доошоо бөөн цус гараад байна гээд өвдөлтөө тэсэхгүй 1 цаг гаран уйлаад сууж байгаа эмэгтэйг үл тоон сүүлд ирсэн хүмүүсээ аваад жишим ч үгүй яваа сахалтай өндөр эрэгтэй эмч та тулчихсан мэдлэгтэй байж болно. Гэхдээ жаахан ч гэсэн хүн чанартай байхыг хүсч байна. Би эмч хүн. Наад эмэгтэй чинь зулбалтын эрсдэлт шинжүүд илрээд байна шүү дээ гялс арга хэмжээ авахгүй юм уу гэхэд би мэдэж байна. Наад хүн чинь зүгээр. Харъяа эмнэлэгтээ оч гээд хөөсөн. Ядаж ганц чагнуур ч тавьж үзээгүй байж яаж зүгээр байгааг нь мэдсэнийг нь бодоод олохгүй юм.
Асуултаа дахин тавьж энэ хүн нэгдүгээр төрөх хүртэл ямар ч эрсдэл гарахгүй биз гэж асуухад амлаж байна. Ямарч асуудал гарахгүй гээд явуулсан. ЭХЭМҮТ-ийн үүднээс такси бариад Нэгдүгээр төрөх рүү ирээд буусан доошоо их юм гарчихлаа гэсэн. ОО-н өрөө орж харсан бөөгнөрсөн цус шиг цэлцэгнүүр шиг юм байна гэсэн. Хүлээн авах руу ороод үзэхэд зулбачихсан байна гэв. Үнэхээр харамсмаар.
Буруу эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийн буруу юу.Тулчихсан мэдлэгтэй зайнаас оношилдог ЭХЭМҮТ-ийн яаралтай хүлээн авахын сахалт таны буруу юу. Иймэрхүү хүмүүсээс эмч бидний нэр хүнд унаж байгаа шүү дээ" хэмээн бичсэн байсан юм.