8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын уран зохиолч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээлээ

2019-02-04 12:20:13

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн шагнал хүртээх тухай” зарлиг гаргалаа.

ЗАРЛИГТ: 

“…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

Төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхлыг Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид гардуулж, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:


“Билгийн тооллын шинийн нэгэн, Сар шинийн баярын босгон дээр Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай Төрийн шагналыг хүртэж байна.

Монгол хүн бүр П.Бадарч гуайн шүлэг, найраглалуудыг уншиж өссөн, эх хэлнийхээ яруу сайхныг түүний бүтээлүүдээс мэдэрдэг болсон гэхэд эргэлзэх, маргалдах хүн байхгүй биз ээ. 1976 онд П.Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглал Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт орсон байдаг агаад энэ бүтээлээр хүүхэд багачууд эх орноо хайрлах анхдагч сэтгэхүй, мэдрэмжээ олж авдаг юм.

П.Бадарч гуайн хийсэн бүтээсэн зүйлс нь олны нүдэнд илхэн, номонд шингэж, ардынхаа сэтгэлд хоногшсон тул би илүүг тоочиж цаг барах нь илүүц биз.

Ингээд Төрийн шагнал хүртсэн П.Бадарч гуай танд эрүүл энх урт удаан насалж, ихийг бүтээхийг ерөөе. Миний эх орон авьяас эрдэнийн билээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл дэлгэрч, авьяас билэгтнүүд урлан туурвих нь өргөн болох болтугай” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол
Оройтож өглөө дөө
2019/02/11 202.179.10.162
Saraa
Nudee olson ssihan shagnal bainaa. Bayar hurgeye!!!
2019/02/05 202.9.45.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment