Нам доторх өрсөлдөөн ширүүсч сонгууль ойртох тусам улс төр тойрсон асуудлууд ар, араасаа цуварч, зарим асуудал нь бүр хурцдаж байна. Сонгуулийн өмнөх энэ үйлдэлүүдийг харсан иргэд нүдээ бүлтийлгэж, чих дэлдийлгэн анхааралтай сонсож байна. Өнөөдрийн хувьд өөрсдийгөө "шинэ салхи" хэмээн тодорхойлж байсан ХҮН-ынхан хоёр тэргүүнтэй боллоо. Гэхмэтчилэн улс төр болон нийгмийн шинэ содон мэдээлэлийг хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Т.Бат-Оргил: С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж байна
ХҮН- ын зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж намын дарга С.Ганбаатарыг огцруулж, шинэхэн даргаараа тус намын дэд дарга Б.Найдалаа сонгогдсон тухай ч хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэгвэл үүнийг уг намын УЗ-ийн зарим гишүүд үгүйсгэж байна. Бид ХҮНамын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил энэ талаар хэлэхдээ “ С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж олон нийтэд цацсанд харамсаж байгаа. Уг нь намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан. Бид маргаашийн хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮНамын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэнэ. С.Ганбаатар огцроогүй. Манай намынхан ажлаа хийгээд л явж байна" гэсэн хариултыг өгсөн байна.
ХҮН-ын генсек Т.Доржханд тамгаа аваад зугтаажээ
Сар шинийн өмнөх битүүний өдөр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар тушаал гаргаж, тухайн үед гадаадад ажлаар явсан тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Т.Доржхандыг ажлаас нь чөлөөлж, ХҮН-ын УЗ-ийн гишүүн Н.Одонгуаг Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар оронд нь томилсоноос хойш нэлээдгүй маргаан дэгдээсэн. Одоо бүр намын дарга С. Ганбаатарыг огцруулах дээрээ тулсаныг харахад ХҮН-д нэлээд ширүүхэн тулаан өрнөж байгаа гэлтэй. Сар шинийн өмнө генсекээ сольсон ХҮН тамгаа хулгайд алдсан мэдээлэл байна. Намын тамгаа Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Т.Доржханд аваад зугтаасаныг намын нөхөд нь шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байна.
МАН, МАХН-ын нэгдэл өчигдрөөс эхлэв үү
Төөрсөөр төрөлдөө гэж..
Улс төрийн амьдрал хүчтэй өрнөх тусам, цааш харах өнцөг хийгээд үйл явдалын таамаглал нэн сонирхол татна. Хэн нь хэнтэйгээ нэгдэж, хэн нь эвсэж, хэн нь хор найруулагчийн гол дүрд тоглох бол. Олон салаа замын хаагуур нь явж, хэнтэй нь дайсагналцах бол гээд л эйкшн кино үргэлжилсээр. Эхэнд төөрсөөр төрөлдөө хэмээн зүгээр ч нэг хэлсэнгүй. Таван жилийн өмнө салж, төөрөлдсөн МАН МАХН хэмээх “ах дүүс” өнөөдөр төрөл садныхаа холбоог эргэн сэргээхийг оролдож байна. Зарим нь тэднийг “нэг хөнжилд” оруулахыг хүсч байгаа бол нөгөө хэсэг нь эв найрамдлыг илүүд үзэх...
Эвийг эрхэмлэсэн баяр, инээмсэглэл тодруулсан царайнаас харахад МАН, МАХН аль хэдийнэ хамтарчээ. Тэд гар гараасаа барилцаж, гарах гарцаа хамтдаа бичилцээд эхэлчихэж. Тиймдээ ч таван жилийн дараа албан ёсны арга хэмжээнд хамтдаа оролцсон МАН, МАХН-ын нэгдэл өчигдрөөс эхлэлээ гэх яриа ч дэлгэрээд байна. Учир нь баярын хурал дээр Н.Энхбаяр “МАН, МАХН УИХ-ын сонгуульд хамтдаа орох уу, дан дангаараа оролцох уу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Та биднийг хамтраасай гэж хүсч буй нэг хэсэг байхад тус тусдаа байгаасай гэсэн өөр нэг хэсэг байгааг бүгдээрээ ойлгож байгаа. Одоогийн байдлаар хоёр нам УИХ-ын сонгуулиас өмнө нийлж, нэгдэх тухай ойлголт хууль эрх зүйн хүрээнд хаагдсаныг ойлгож байгаа байх. Харин УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох боломж та бидэнд нээлттэй байна. Та бидний дунд нурааж дийлэхгүй хана хэрэм байхгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Манай хоёр намын гишүүд, дэмжигчид ч ингэж ойлгож байгаа нь алхам тутамд мэдрэгдэж байна” гэжээ.
МАН, МАХН-ын хувьд хамтарч сонгуульд оролцох нь аль алинд нь ашигтай. Учир нь энэ хоёр нам угшил адил тул сонгогч нь нэг. Хэрвээ салж орлоо гэхэд аль нэг нь саналаа өгөх шаардлага гарч, санал хуваагдах нигууртай. Тиймдээ ч МАН өнгөрсөн сонгуульд МАХН-д саналаа булаалгаж, УИХ-д бага суудал авсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
Ю.Үнэнбүрэн: Эрлийз адуунд төр засгийн эрх бүхий хүмүүс хууль бус бичиг хийж өгдөг
Гурван хоногийн өмнө Төвийн бүсийн хурдан морьдын “Дүнжингарав-2016” уралдаан Төв аймгийн Хүй долоон худаг, “Цагаан хөтөл”-д болж өнгөрсөн. Энэ жилийн уралдаанд 900 гаруй хурдан морь уралдаж, мөн тооны унаач хүүхэд оролцсон байна.Уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, эмнэлгийн тусламж авчээ. Хурдан морины уралдааны үеэр мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн дөрөв нь ГССҮТ-д хүргэгдэн ирж эмнэлгийн тусламж авч, хоёрынх нь хөлийн шилбэний яс хугарсан байдалтай ирж, эмнэлгийн тусламж авсан байна. Тун удахгүй буюу гурав хоногийн дараа Хангайн бүсийн хурд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох гэж байна.
Засгийн газраас тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэл Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж байсан ч төд удалгүй Засгийн Газар шийдвэрээ өөрчилж зохион байгуулах зөвшөөрлийг өгөөд байгаа. Тус уралдааны үеэр хамгийн их яригдаж байгаа асуудал нь унаач хүүхэд. Хүүхэд унаж бэртэх цаашлаад амь нас нь хохирохгүй гэсэн баталгаа байхгүй байна.
Энэ тал дээр хэрхэн анхаарч уралдаанаа зохион байгуулах талаар “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнгээс тодрууллаа.
-Тун удахгүй хангайн бүсийн хурд зохион байгуулагдах гэж байна. Бэлтгэл ажлаа хэр хангасан бэ?
-МУ-ын Засгийн Газрын тогтоолоор гуравдугаар сарын 05,06 Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Хангайн бүсийн хурд хурдан морины уралдаан зохион байгуулагдана. Сая “Дүнжингарав-2016” уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Араас нь нэлээд шүүмжлэл дагуулсан. Манай холбоо хурдан морины уралдаан зохион байгуулахад бусад холбооноос арай өөр арга барилтай ажилладаг.Улсын баяр, Дүнжингарав зэрэг уралдаанууд хурдан морьдыг хар хурдаар нь хөөж очоод эргүүлчихдэг манай холбооныхон арай өөр зохион байгуулна. Манайх морь эргэдэг зурхайгаас 1-2 км наана бүх хүүхдүүддээ буулгаад алхуулдаг, замбараатай зохион байгуулаад сурчихсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Халх гол чөлөөт бүсийн 500 мянган га-тай холбоотой асуудлыг Цэцэд өгчээ
Өчигдөр “Халх гол чөлөөт бүс”-ийн 500 мянган га-тай холбоотой асуудлаар МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Учир нь энэхүү асуудал нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байх магадлалтай аж.
Тодруулбал “Халх гол чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га- гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсугай” гэсэн хоёр дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1: “Монгол Улс бол тусгаар тогтносон бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.”, мөн зүйлийн 2: “Ардчилсан ёс шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэглийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 14 дүгээр зүйлийн Монгол Улсын Үндсэн хуулийн 1-д: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.”, 5 дугаар зүйлийн 4-д: “Төр нь эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүллэн эдийн засгийг зохицуулна.”, 11-дүгээр зүйлийн 1-д “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” 16 дугаар зүйлийн 2-д “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэснийг тус тус зөрчсөн эсэх асуудлыг магадлан шалгаж, маргаан үүсгэн хянан шийдвэрлэхийг хүсч Цэцэд хандсан байна.
280 сая төгрөгөөр "Усан хөшиг" барина гэв
Өнгөрсөн зун Сүхбаатар дүүргийн хамаг л эрхтэй дархтай эвэртэй туурайтай хүмүүс очиж улаан тууз хайчлан нээсэн "Усан хөшиг" 24 цаг ч бололгүй эвдэрч байсан. Нэг усан хөшгийг 70 саяар хийсэн гэж нэлээд шүүмжлэлийг дагуулж байсан. Гэтэл, энэ жил дахиад нийслэлийн хөрөнгөөр дөрвөн томоохон гүүрэнд “Усан хөшиг”-ийг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Сонсголон, Яармаг, Энхтайваны болон Маршалын гүүрэнд “Усан хөшиг”-ийг илүү томруулан хийхээр зураг төсөл, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тус ажлыг Нийслэлийн Захирагчийн албанаас хариуцан ажиллаж байгаа бөгөөд урд жил гарсан асуудлуудыг анхааралдаа авч нарийн судалгаа хийж байгаа гэнэ.
Түрээсийн орон сууцны бүртгэлийг хойшлууллаа
Орон сууцанд орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Эдгээр түрээсийн орон сууцыг сарын 200-280 мянган төгрөгний үнэтэйгээр түрээслэхээр болж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас өмнө өгсөн мэдээгээр гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн ч, бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл хойшилжээ. ТОСК байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж, ийнхүү 15-ны өдрөөс хойш ажлын тав хоногийн хугацаанд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг бүртгэхээр болжээ. Дараа нь сугалааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй. Бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж ТОСК-аас мэдээллээ.
Нийслэл дэх түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянга орчим төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ.
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ
“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэрбээр саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн жолоодож явсан авто машинтай мөргөлдөн автын осол гаргажээ. Түүгээр ч зогсохгүй Х.Бээжин иргэн Б-г зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа аж.