Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ?
Гурил
Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун, эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас сааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөхгүй, амархан бутардаг байна.
Будаа
Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавьж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадсаар бохирлогдоогүй байна.
Жимс, хүнсний ногоо
Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавьж, мэрэгч, ургамлын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гаднын аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна.
Мах
Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махны өвөрмөц, аятайхан үнэртэй байна.
Өндөг
Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна.
Сүү
Ялимгүй шаравтар туяатай, цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг, салслаг байж болохгүй.