Ойрын өдрүүдэд цаг агаар тогтнуун байж дулаарч байсан бол өчигдөрөөс эхлэн хүчтэй цасан шуурга шуурч эхэллээ. Байгалийн онц аюултай үзэгдэл болох тул урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-аас анхааруулах мэдээлэл гаргаж байгаа. Дөнгөж сая авсан мэдээлэлээр Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байсан юм.
Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ. Тэгвэл 16:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Д-г эсэн мэнд олсон гэсэн мэдээлэл ирлээ. Одоогийн байдлаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өглөө. Цагаан агаарын нөхцөл байдал болон, Засгийн газраас Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам баталсан талаар мэдээлэл хүргэх Монголын нэг өдөр тойм мэдээлэлээ хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Б.Жаргал: Намайг ингэж байхаар "алаад" өгөөч гэж эмч нараас хүртэл гуйж байлаа
Нийслэлчүүдийн нэрлэж заншсан “Ард” кино театрын буудал дээр өглөө бүр эртлэн ирчихсэн наймаа зарж суух энэ хүнийг Жаргал гэдэг. Уншигч танд түүний амьдралын эгэл бор түүхээс илүү амбицаа нэмэгдүүлэх гэсэн аль нэг улс төрч, оддын гаргасан этгээд үйлдлийн талаарх сенсаци дагуулсан мэдээлэл сонирхолтой санагдаж магад. Гэвч энэ нь эгэл жирийн хүмүүсийн амьдралын ард арвин туршлага, агуу түүх нуугдаж байдгийг бид тэр бүр анзаардаггүйтэй ч холбоотой байж мэдэх юм. Сэтгүүлч миний бие өглөөнөөс үдэш, өвлөөс зун хүртэл цаг наргүй сууж ард түмэндээ жижиглэнгийн бараагаа зарах 40 дөнгөж шүргэж яваа эгэл жирийн энэ хүний амьдралын ээдрээт түүхийг үзгээрээ бичиж үгээрээ холбож уншигч танд зуучлахыг зорилоо. Бусдын адил алхаад гүйх хөлгүй ч амьдралд дэндүү хайртай гэдэг нь ярианых нь өнгөнөөс л бэлхэнээ мэдрэгдэх энэ хүн өөрийн амьдралын туулсан зам, зовлон бэрхшээл баяр гунигаа бидэнтэй хуваалцахаас татгалзсангүй ээ.
- Сайн байна уу ? Юуны өмнө та уншигчдад өөрийгөө танилцуулаач Хэзээнээс эхэлж энд жижиглэнгийн худалдаа хийж эхлэв ?
- Намайг Жаргал гэдэг. Одоо 41 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх 2006 оноос Ардын буудал дээр цагаан утас ажиллуулж эхэлсэн. Ингээд 2011 оноос эхэлж жижиглэнгийн худалдаа эрхлэх болсон юм. Энд жилийн дөрвөн улирал хөөгдөн барин худалдаагаа эрхэлдэг. Би энд гурван тэргэнцэртэй хүнтэй ээлжилж суудаг.
- Гар дээрээс наймаа эрхлэхийг хууль бус гэж үздэг байх аа. Танд дарамт шахалт их ирдэг үү?
- Цагдаа нарт хөөгдөж олон удаа торгуулж байсан. Өглөө ирээд хөөгдөөд орлогогүй буцах үе ч байдаг. Амьдрахын төлөө худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хөдөлмөрөөрөө зүтгэж явна. Цагдаа нарыг хөөгөөд байхаар нь “Би яаж амьдрах юм бэ” гэхээр чи хэний төлөө амьдраад байгаа юм бэ гэдэг. Би өөрийнхөө төлөө л үр хүүхдийнхээ төлөө л энд ажиллаж байна. Би тэгээд эндээс хөөгдөөд юу хийх юм. Гуйлга гуйх уу, худлаа ярих уу, хулгай хийх үү. Ах нь энд худалдаа хийлээ гээд гурван ч удаа шүүхээр орж байсан. Шүүх гурван давхарт. Намайг өргөөд гаргах хүн байхгүй болохоор шатаар нь мөлхөөд л өгсдөг байлаа. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж уншина уу.
Т.Баясгалан: Урлагийн сан хөмрөгт урын сангаа үлдээх үүднээс С.Жавхлантайгаа хамтарч уран бүтээл хийнэ
МУГЖ дуучин Т.Баясгалан, МУГЖ С.Жавхлантай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг санаачилж, аяныхаа хүрээнд энэ сарын 14, 16, 19-нд тоглолтоо хийхээр болсон. Тоглолт энэ сарын 14, 16, 19-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Хоёр гавъяат маань өөр өөрийн зам мөрөө хөөж, хамтарч дуулахаа болиод багагүй хугацаа өнгөрсөн. 13 жилийн турш хамтарч дуулаагүй бөгөөд саяхан цагаан сарын үеэр “Хаврын найраг” дууг хамтран дуулсан билээ. Цаашдаа ч мөн хамтарч уран бүтээлээ хийхээр болсон байна. Түүнчлэн, тоглолтын үеэр цэцэг, хадаг их цуглардаг. Бидэнд бэлэг өгөхийг хүссэн хүмүүс "Хадагны оронд нэмнээ, цэцэгний оронд нэг боодол өвс өгөөрэй" хэмээн уриалсан юм. Ингээд тус тоглолтын талаар МУГЖ дуучин Т.Баясгалангаас цөөн асуултанд хариулт авлаа.
-Таны хувьд удаан хугацаанд тайзнаас ард түмэнтэйгээ уулзаагүй удсан. Энэ удаад анхны хамтрагч МУГЖ С.Жавхлантай хамтарч уран бүтээл хийлээ. Тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих үүднээс энэхүү аяныг санаачилсан. Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох болно. Бидний тоглолтонд ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж уриалмаар байна. Мөн энэ тоглолтоос гадна хөдөө орон нутгаар тоглолт хийнэ. Уран бүтээлчид бид өөрсдийнхөө чадах чинээгээр сэтгэл санаа, эд материалаар л ямар л туслах боломж байна түүнийгээ дайчлан малчид дээрээ очиход бэлэн болоод байна. Тиймээс монголоороо тойрон тоглолт хийнэ. Энэ ярилцлагын дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
Эрэн хайж байсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд оллоо
Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас улсын хэмжээнд 88 иргэн сураггүй болсон дуудлагаар Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид, нутгийн захиргааны болон хил, цагдаагийн байгууллагын албан хаагчидтай эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагийн байдлаар 86 иргэнийг эсэн мэнд олоод байсан юм.
Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойд хөлцөөт багийн “Цагаан хад” гэдэг газар малчин Д /46 настай, эмэгтэй/, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д / 45 настай, эмэгтэй/ нарын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байсан билээ.
Тэгвэл 16:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Д-г эсэн мэнд олсон гэсэн мэдээлэл ирлээ.Одоогийн байдлаар Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн “Шар-Ухаа” гэдэг газар иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журам батлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгох журмыг баталлаа. Ингэснээр нийслэлийн дүүргүүд болоэ орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд таван хувийн хүүтэй зээл олгох юм байна.Өмнө нь найман хувийн зээлээр байх авсан иргэдийн зээлийг удахгүй таван хувь руу шилжүүлэхээр журамд заажээ. Энэ талаар маргааш Засгийн Газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Гаалийн ажилтнуудын авлигын хэрэг шүүхэд шилжжээ
Замын-Үүд дахь Гаалийн газрын ажилтнууд гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдэж, их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдсон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Эл хэрэгт Гаалийн Ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат нарын дөрвөн хүн холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм.
Тодруулбал, Замын-Үүд дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Ч.Насанбат, байцаагч М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарыг прокуророос хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан, төрийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгажээ. Ингээд тэдний хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Сэжигтэн этгээдүүд БНХАУ-аас оруулж ирж буй тавилгад татвар ногдуулахдаа хээл хахууль авч, өгч байгаад хуулийн байгууллагад саатуулагдсан гэх мэдээлэл бий.
Хүчтэй шуурганы улмаас барилгын зарим хэсэг нурлаа
Хүчтэй цасан шуурганы улмаас нийслэлд зарим чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. Өчигдөр шөнөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы уршгаар нийслэлд зарим нэг баригдаж буй барилгын хамгаалалтын хэсэг нурсан гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, 13 дугаар хороололд байрлах Аман хуур хотхоны барилгын хамгаалалтын төмөр бэхэлгээ, хана нурсан байна. Барилгын хана нурахад ямар нэгэн хүн унаж бэртээгүй байна.
Монгол залууг нутаг нэгтнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэргээр саатуулагджээ
Өмнөд Солонгос улсын Жүнгнам аймгийн цагдаагийн газар тус аймагт гэрээгээр ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 39-н настай А-г хүний амь нас хөнөөхийг завдсан хэргээр саатуулжээ. Учир нь тэрбээр нутаг нэгт иргэн, 35-н настай Б-тай хамт гэртээ архидан согтуурчээ. Улмаар хоорондоо маргалдах үед гал тогооны хутга хэрэглэн түүний цээжин хэсэгт хутгалжээ. Үүний улмаас иргэн Б хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба яаралтай хийсэн мэс засал амжилттай болж, эдүгээ түүний амь нас аюулгүй болжээ. Иргэн А нь "Хэт согтуу байхдаа ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа" хэмээн мэдүүлжээ. Түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.