8o
Улаанбаатар хот
mobile menu

Бид хүн бүрт тусалж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд тусалж чадна

2019-04-24 11:07:00

Дархан-Уул аймгийн “Дүүрэн сэтгэл” ТББ энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагаас “UB Palace”-т хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд Дуурь бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын консерваторийн хөгжмийн анги, Ардын жүжигчин Б.Зангад, Д.Самбуу, Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, И.Түвшинтөгс, С.Эрдэнэцэцэг, Б.Батбаатар, Ж.Уранчимэг нарын алдартнуудаас гадна бусад дуучид, “Харш”, “Гранд” хамтлаг оролцож, сайхан сэтгэлт үзэгчдэдээ ая дуугаа өргөнө.

Алтан үеийн уран бүтээлчдийн дуу хоолойг дахин сонсож, нэгэн оройг сайхан өнгөрүүлэнгээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандив өргөж, сэтгэлийн өргөл өргөхийг хүсч байна.

Учир нь энэхүү тоглолтын орлогоор нийгмийн зорилтот бүлэг болон хүмүүнлэгийн, тусламж шаардлагатай олон хүмүүст зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахад зориулах юм.

Бид хүн бүрт тусалж чадахгүй ч, хүн бүр хэн нэгэнд тусалж чадна.

Зовсон нэгэндээ дэм өгч, Хүмүүнлэгийн ажил өрнүүлэх зорилго бүхий “Дүүрэн сэтгэл” ТББ нь “ТУС төв”-өө энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр нээсэн юм.  Зовлон бэрхшээл тулгарсан хэн нэгэнд эд материалын тус дэмээс гадна ямар нэгэн хэрэгцээтэй байгууллагатай нь холбож өгөх гүүр хамгийн чухал байдаг.

Тус ТББ-ын тэргүүн П.Ариундалай нь элэг шилжүүлэн суулгах шаардлагтай болж,  Дарханчуудынхаа халуун сэтгэлээр 2018 оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, эмчүүлэн эх орондоо ирсэн юм. Тиймээс энэхүү төвийн бас нэг зорилго  нь энэ төрлийн өвчнөөр өвдсөн хүмүүст туслах, зөв мэдээ мэдээлэл өгөх, тэднийг дэмжих, туслах юм гэдгийг онцолж байлаа.

Тус байгууллага байгуулагдаад удаагүй хэдий ч олон нийтэд чиглэсэн томоохон ажлуудыг өрнүүлээд амжжээ. Тодруулбал энэ сарын 13-ны өдөр Дархан хотод “Эрүүл элэг” өдөрлөгийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Гастроэнтерологийн төв, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Монос фарм трейд, Монос Амин дэм эмийн сан, Өлзий-Амгалан эмийн сантай хамтран зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгөөр 500 гаруй хүнийг лекц, мэдээллээр хангаж, 170 гаруй хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, зөвлөгөө өгчээ.

 

Мөн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Боловсролын экспо 2019” өдөрлөгийг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулж, Улаанбаатар, Дархан хотын нийт 20 гаруй их, дээд сургууль, МСҮТ-үүдийн танилцуулга мэдээллийг хийж, Ахлах ангийн 300 гаруй сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ лекц тавилаа.

Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдэд туслах "Халуун болор" төвийн барилгын санхжүүжилт босгохоор ажиллаж буй Монгол жангүм группийн админ А.Одончимэгт  "ТУС ТӨВ"-ийн зүгээс хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэн 1 сая төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг аягыг "Халуун болор" төвийн үйл ажиллагаанд хандивласан байна.
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл