Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваган тахал өвчин гарч, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан. Тус мэдээллийн хүрээнд үүссэн нөхцөл байдлын хүрээнд Улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон Эрүүл мэндийн яамны томилсон баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж, тархвар судлалын холбогдлыг тогтоох, онош тодруулахаар лабораторийн шинжилгээ хийн ажилласан. Эх сурвалжийн мэдээлсэнээр амь насаа алдсан иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогдсон талаар мэдээлэл өгсөн.
Тус мэдээлэл намжаагүй байхад Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ.
Тодруулбал, тус аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчнаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж хөл хорио тогтоож, онцгой комисс хуралджээ. Урьдчилсан мэдээллээр тус иргэн үхсэн тарвага өвчсөн нь тогтоогдоод байгаа.
Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.