18o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхижуулахад чиглэсэн 5 онцлох үр дүн

2019-06-13 15:48:09

Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, эдийн засагт бий болсон үр дүн болон эдийн засгийн цаашдын сорилтын талаарх байр сууриа илэрхийлж байна.


  1. ОНЦЛОХ ҮР ДҮНГҮҮД

Монголбанкны энэ хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл, чийрэг болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхижуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрлээ. Эдгээрээс дараах 5 онцлох үр дүн, холбогдох мэдээллийг товч толилуулъя.

Нэг. Монголбанк санхүүгийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүргээ амжилттай  хэрэгжүүлж байна.

Монголбанкны зохистой засаглал, бодлогын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлснээр дунд болон урт хугацаанд тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн болон санхүүгийн хямралд өртөхгүй байх боломж бүрдэнэ. Энэ хүрээнд Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр баталж, сүүлийн 2 жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь i) хууль, эрх зүйн орчинг сайжруулах, ii) засаглал, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, iii) хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, iv) дэвшилтэт технологи, арга ажиллагааг нэвтрүүлэх, v) хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн үндсэн таван чиглэлд тулгуурлаж байгаа болно.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрхзүйн шинэчлэлийг амжилттай эхлүүллээ. Банкны салбарын тулгуур хуулиуд болох Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Банкны салбарын шинэчлэлийг дэмжиж хамтран ажилласан УИХ, Засгийн газрын гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор төсөв болон төрд ирж болзошгүй санхүүгийн зардлыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг хууль эрх зүйн актад тусгалаа. Эдгээр хуулиудыг шинэчлэн батлуулсанаар дэлхийн шилдэг жишиг, төв банкны сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэн, бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргадаг болж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх шинэ чиг үүрэгтэй болсон нь санхүүгийн салбарт тохиосон чухал үйл явдал байлаа. Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, банкны салбарыг илүү эрүүл, чийрэг байлгах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн секторт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монголбанк мөнгө, ханшийн бодлогоос гадна шинээр макро зохистой бодлого хэрэгжүүлдэг болж, бодлогын арга хэрэгслүүдээ өргөжүүлж, тэдгээрийг үр ашигтай ашиглаж байна. Үүний үр дүнд аливаа төв банкны үндсэн зорилт болох инфляцийг зорилтот түвшинд байлгах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Инфляци, төгрөгийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Активын удирдлагын компанийн тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдтэй хамтран боловсруулж, өргөн барив. Эрдэнэсийн сангийн тухай хууль, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд шинэчлэн найруулга оруулах ажил боловсруулах, санал авах шатандаа байна. Ойрын хугацаанд эдгээр хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэлийг хангаж байна.

Хууль эрх зүйн шинэчлэлээс гадна төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан ажиллав. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Зээлийн хүү бууруулах стратеги 2018-2023”-ийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулж, бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлэв. Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Макро зохистой бодлогын стратегийг батлан системийн шинж чанартай эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Түүнчлэн Монголбанк өмнөх жилүүдэд хуримтлагдсан чанаргүй зээлийг зохистой арга замаар шийдвэрлэх зорилгоор “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-ийн СТБЗ-өөр хэлэлцүүлэн батлуулав. Уг стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү стратегийг хэрэгжүүлэх хүрээнд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Дампуурлын тухай хууль, Арилжааны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр Монголбанк эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монголбанкнаас банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх журмыг боловсруулах, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлууд хийгдэж байна.

Монголбанк “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарт шинэчлэл хийн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арилжааны банкуудыг төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр хүнд бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээ /AQR/-г бүх банкуудад амжилттай хийлээ. Энэ үнэлгээг Монгол Улс Ази тивийн орнуудаас анх удаа Европын холбооны төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Банкны систем ийнхүү олон улсын стандартын дагуу эрүүл мэндийн үзлэгт орсноор гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, хамтын ажиллагаат орнуудын итгэлийг хадгалахад чухал. Мөн банкны секторын үйл ажиллагааны стандартыг олон улсын жишигт нийцүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэхэд авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлох, улмаар эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарч цаашид тогтвортой санхүүгийн зуучлалыг хадгалж эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах банкны тогтолцоог хөгжүүлэхэд томоохон алхам болов.

Активын чанарын үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт гарлаа. Харин 1-2 банк дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг нийтэд нээлттэй мэдээлсэн билээ. Активын чанарын үнэлгээний болон холбогдох бусад арга хэмжээний үр дүнг үндэслэн Монголбанкнаас төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, активын чанарын үнэлгээний үр дүнг банкуудын тайланд тусгах, чанаргүй активыг шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай буюу дахин хөрөнгөжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлууд хийж байна. Эрүүл банкны салбартай байх нь эрүүл санхүүгийн салбар бий болгож, улмаар эдийн засгийн эрүүл суурь бүрдүүлэх тул банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, эрх зүйн орчинг сайжруулах талаар эрчимтэй ажиллаж байна.

Капитал банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй. Тус банкны өр төлбөр нь активаасаа 279 тэрбумаар хэтэрсэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.5 хувь болсноор хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадлагын арга хэмжээг авах шаардлага үүссэн юм. Иймд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, албадлагын арга хэмжээ авах”; 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтад “Монголбанкны Ерөнхийлөгч Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах”; Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гаргасан үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно” гэснийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчийг томилов.

Капитал банкин дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь банкны салбарыг эрүүлжүүлэх,  шинэчлэл, өөрчлөлт хийх ажлын эхлэл бөгөөд цаашид банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хүчирхэг банкны салбартай болох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Хоёр. Монголбанк Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна.

Монголбанк Засгийн газартай хамтран “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж УИХ-аар батлуулан, инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Үүний зэрэгцээ Олон Улсын Валютын Сан (ОУВС)-тай урьдчилан зөвшилцөлд хүрч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн гарын үсэгтэйгээр 2016 оны 10 дугаар сард хүргүүлсэн юм. ОУВС-тай тухайн үед хийсэн уулзалт, хэлцэл маш хүнд байдалд байсныг энд онцлох нь зүйтэй. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орохоос өөр сонголт байгаагүй.

Монголбанк энэ хөтөлбөрт орох, орсны дараах үүрэг амлалтаа амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн сэргэлтэд бодит хувь нэмэр оруулж байна.  Энэхүү хөтөлбөрт орох шийдвэр нь эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвт бүрэн хэмжээний дүн шинжилгээ хийсний үндсэн дээр үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашгийн харгалзан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. Монголбанк эдийн засгийн нөхцөл байдалд 2016 оны 3 дугаар улирлын байдлаар иж бүрэн дүн шинжилгээ хийж, олон улсын санхүүгийн байгууллага, бусад доноруудын дэмжлэг, туслалцаагүйгээр эдийн засагт нүүрлээд байгаа хүндрэл, сорилтыг дангаар даван туулах боломж хомс байна гэсэн дүгнэлтэд хүрч, эдгээр шинжилгээ, дүгнэлтийг Засгийн газар, УИХ-д тухай бүр танилцуулж, зайлшгүй шаардлагатай зоримог шийдвэр гаргасан болно.

Тухайн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтаас гадна Монгол Улсын цаашдын дунд, урт хугацааны төлөвт эрсдэл учрах нөхцөл байдал үүсээд байв. Ялангуяа төсвийн болон гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, өрийн дефолтоос зайлсхийх асуудал том сорилт болж байлаа. Тухайлбал, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын эргэн төлөлт 2017 оны 3 дугаар сард, Хятадын Ардын банк (ХАБ) болон Монголбанкны хооронд байгуулсан төгрөг, юанийн своп хэлцлээр Монголын талын авч ашигласан юанийн эргэн төлөлт 2017 оны 8 дугаар сараас эхлэх, Чингис бондын 500 сая ам.долларын эргэн төлөлт  2018 оны 1 дүгээр сард, Димсам бондын 1 тэрбум юань (160 орчим сая ам.доллар)-ий эргэн төлөлт 2018 оны 6 дугаар сард хийгдэхээр шилээ даран хүлээгдэж байлаа. Эдгээр өр төлбөрийг төлөхөд гадаад валютын албан нөөц (ГВАН) хүрэлцэхгүй (хугацаа тулсан өр, төлбөр нь ГВАН-өөс 4 дахин давсан), валютын дотоодын зах зээл дээр ноцтой хүндрэл бий болгохоор байсан тул өрийг төлөхөд гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх, дахин санхүүжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, бодлогын сахилга бат алдагдаад байсан тул гадаад зах зээл дээр дахин санхүүжилт хийхэд эрэлт бага байх, хүү нь өндөр байж дунд хугацааны өрийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй байв. Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, доноруудын хөнгөлөлттэй нөхцөл (урт хугацаатай, хямд хүүтэй)-тэй санхүүжилтээр төсвийн болон төлбөрийн тэнцлийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг богино хугацаанд сэргээх, эдийн засаг, санхүүгийн салбарт зайлшгүй шаардлагатай байсан реформуудыг богино хугацаанд хийх үүднээс ОУВС-гийн хөтөлбөрт орохоос өөр сонголт бидэнд үлдээгүй.

Олон сар үргэлжилсэн амаргүй хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх урьдчилан тохиролцоонд 2017 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүрснээр 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг донорууд (ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, Солонгосын засгийн газар, БНХАУ-ын төв банк зэрэг)-аас авах боломжийг бүрдүүлэв.  ОУВС-гийн хөтөлбөрт орох нь тодорхой болсны дараагаас дотоодын зах зээлд оролцогчид болон гадаадын хөрөнгө оруулагчдын эдийн засгийн төлөвийн талаарх итгэл сэргэж, бондуудын хүү буурч, дахин санхүүжилтийн зардал багасахад эерэгээр нөлөөлсөн билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, доноруудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон мэдээ нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсын эдийн засгийн төлөвт итгэх итгэлийг сэргээж, хугацаа нь дуусахаар хүлээгдэж байсан Хөгжлийн банк, Засгийн газрын бондуудыг амжилттай дахин санхүүжүүлж, 2017 оны 8 дугаар сарын 21-нд хугацаа нь дуусахаар хүлээгдэж байсан Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгахаар болж богино хугацааны өрийн дарамт буурав. Монгол Улс дефолтоос зайлсхийж чадав. Хэрэв Монгол Улс гадаад өр төлбөр дээр дефолтод орсон бол гэрээний нөхцөлийн дагуу Монгол Улс Засгийн газрын 850 сая ам.доллар, арилжааны банкуудын гадаад өр болох 800 сая ам.доллар, нийт 1 тэрбум 650 сая ам.долларыг нэг өдөр нэг цагийн дотор эргүүлэн төлөх нөхцөл байдал үүсэх байсан билээ.  Энэ тохиолдолд Монгол Улсын хөгжил 8-10 жилээр ухрах тухай тооцоог манай эдийн засагчид хийж надад танилцуулж байлаа.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголбанк бүх талаар дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон төв банкны дотоод цэвэр активын дээд хязгаар, гадаад цэвэр активын доод хязгаарын тоон зорилтууд болон урьдчилан авах арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн хөтөлбөрийн үнэлгээг амжилттай хийлгэж ирлээ. Хөтөлбөрт орсноор эдийн засгийн сэргэлт эрчимжиж, эдийн засгийн дархлаа нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засагт итгэх итгэл сэргэж, улмаар дефолтын эрсдэлээс зайлсхийж, хөтөлбөрийн хүрээнд тохирсон зорилтуудаа амжилттай хангаж байна.

Дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээл дээрх таатай байдал, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсөв болон мөнгөний бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн шийдвэртэй арга хэмжээний үр дүнд эдийн засагт сэргэлт гарч байна. 2017, 2018 онуудад эдийн засагт тулгарч байсан олон сорилтыг амжилт­тай даван туулж, эдийн засаг сэргэсэн, банк санхүүгийн салбарт реформ хийсэн шинэчлэлийн жилүүд болж өнгөрлөө. Тухайлбал, 2018 онд мөнгө, зээлийн зохистой өсөлтийг хангаснаар инфляци зорилтот түвшнээс бага буюу 7.3 хувьтай, харин эдийн засаг 6.9 хувиар өсч, сэргэлт эрчимжиж байна. 2019 оны эхний улиралд эдийн засагт 8.6 хувийн өсөлт гарлаа. Эдийн засагт гарсан нааштай, эерэг нөхцөл байдалд тулгуурлан зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд банкуудын тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 2018 oны эцэст 16.9 хувь болж, сүүлийн 6 жилийн хамгийн бага түвшинд хүрлээ. Зээлийн хүүний бууралтын нөлөөгөөр банкуудын бизнесийн зориулалттай, төгрөгөөр олгосон зээл өнгөрсөн онуудтай харьцуулахад өндөр хувиар өслөө. Энэ нь бизнес эрхлэгчдийн дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр, үйлдвэрлэл өсөхөд чухал түлхэц болов.

Монголбанк бодит эдийн засгийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онуудад шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг боллоо. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт болон импортын өсөлт эрчимжиж, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр 2018 оны турш сар бүрийн инфляцийн 3-4 нэгж хувийг эрэлтийн шинж чанартай инфляци бүрдүүлсэн байна. 2018 онд иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэн татварын орлого 30 хувь сайжирсан, aжилгүйдэл 2018 оны 4-р улиралд сүүлийн 13 улирлын доод түвшин буюу 6.6% болж буурсан, санхүүгийн зуучлал нэмэгдэн банкны зээлийн өсөлт 2018 онд 20% давсан, бизнесийн зээлийн өсөлт 17%-д хүрсэн зэрэг нь бодит эдийн засаг дээр ч, санхүүгийн зах зээл дээр ч дэвшил гарч эхэлсний илэрхийлэл.

Хүснэгт 1. Эдийн засгийн сэргэлтийг илэрхийлэх гол макро үзүүлэлтүүд

 

Гурав. Монголбанкны өөрийн хөрөнгө (хуримтлагдсан алдагдал) -3 их наяд төгрөг байсныг сүүлийн 2 жилд 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, цаашид эерэг болгох зорилт тавин ажиллаж байна.Монголбанк 2012-2016 онуудад алдагдалтай ажиллаж хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөг хүрээд байв. Эдгээр он жилүүдэд Монголбанк төсвийн шинж чанартай үйл ажиллагаа эрхэлж, гадаад валютын өрийг нэмэгдүүлсэн нь энэ том хэмжээний алдагдалтай ажиллахад хүргэсэн байв.

Харин сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монголбанк улс орныг гадаад валютын өрөнд оруулсан, санхүүгийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхүйц өнгөрсөн он жилүүдийн бодлогын алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Харин гадаад захын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд санхүүгийн хэрэгслүүдийг шаардлагатай тухай бүр зах зээлийн нөхцөлөөр гэрээ байгуулан, ашиглаж байна.

Монголбанкны гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, алдагдалтай санхүүгийн хэлцэл хийхгүй, санхүүгийн сахилга батыг хангаж ажилласны үр дүнд 2017, 2018 орнуудад ашигтай ажиллаж, өөрийн хөрөнгө -3 их наяд төгрөг байсныг 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, -1.8 их наяд төгрөг болгоод байна. Бидний тооцоогоор одоо баримталж буй зарчим, үйл ажиллагаагаа цаашид хадгалан ажиллавал Монголбанк 2019 болон 2020 онд үргэлжлүүлэн ашигтай ажиллах бөгөөд өөрийн хөрөнгийг эерэг болгохын төлөө ажиллаж байна.

Дөрөв. Монголбанк гадаад валютын албан нөөцийн хэмжээг 4 дахин нэмэгдүүлж 3.8 тэрбум ам.долларт хүргэж чадлаа.

2016 оны эхний 3 улиралд гадаад валютын албан нөөц (ГВАН) нэг тэрбум ам.доллар, харин гадаад валютын цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор -402.5 сая ам.доллар, ОУВС-гийн тодорхойлолтоор -2.75 тэрбум ам.долларт хүрээд байв.

Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр болох үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгө, ханшийн бодлогыг хослуулан үр дүнтэй хэрэгжүүлснээр ГВАН-ийг сүүлийн 2 жилд 4 дахин өсгөн 3.8 тэрбум ам.долларт буюу импортын 9 орчим сарын хэрэгцээг хангах түвшинд хүргэн нэмэгдүүллээ. Харин цэвэр нөөц Монголбанкны тодорхойлолтоор +1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутаг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймгуудад байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна.  Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын ГВАН-ийг нэмэгдүүлэв. Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, гадаад валютын нөөцийг арвижуулав. Тухайлбал, 2018 онд Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 225 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авсан бол 2019 оны 4 дүгээр сарын 18-ны  байдлаар Оюу толгой ХХК-иас 282 сая ам.доллар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 150 сая ам.доллар, Эрдэнэс тавантолгой ХК-иас 200 сая ам.доллар, бусад аж ахуйн нэгжүүдээс 34 сая ам.доллар буюу нийт 666 сая ам.долларыг худалдан аваад байна. Энэ бол амар ажил байгаагүй. Үүний зэрэгцээ дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

ГВАН нэмэгдсэн нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт итгэх итгэлийг сэргээх, улсын эрсдэлийг бууруулж, зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг байв. Тухайлбал, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд нэмэгдүүлж, Fitch болон S&P агентлагууд 2016 оны хүндрэлийн өмнөх түвшинд хүргэн сайжрууллаа. Монголбанк нь Засгийн газартай хамтран зэрэглэл тогтоогч байгууллагуудад эдийн засаг, гадаад валютын нөөц, санхүүгийн зах зээлд гарч буй эерэг өөрчлөлтүүд, тэдгээрийн суурь шалтгааныг тухай тайлбарлаж, зээлжих зэрэглэлийг сайжруулах чиглэлд нягт хамтран ажиллаж ирлээ.

Ийнхүү макро эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлт хангагдаж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь Засгийн газар, Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпораци болон бусад хувийн секторын гадаад зах зээлээс эх үүсвэр бүрдүүлэх хүү бага байх, валютын дотогшлох урсгал нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэв. Ийнхүү валютын дотогшлох урсгал нэмэгдэх нь эргээд ГВАН нэмэгдэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад ч эерэгээр нөлөөлж байна.

Гэхдээ ГВАН-ийн хүрсэн түвшинг том дүнтэй интервенци хийх замаар эргүүлээд үрэн таран хийх нь эдийн засгийн дунд хугацааны төлөвт эргээд маш ноцтой эрсдэлүүдийг бий болгоно. Ялангуяа, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр валютын ханш сулрах зах зээлийн нөхцөл бүрдсэн, сөрөг нөлөө нь харьцангуй удаан үргэлжлэхээр байгаа нөхцөлд интервенциэр ханшийг хүчээр барих оролдлого нь ГВАН-ийг шавхах үр дагаварт л хүргэхээр байна. Харин богино хугацааны хэт огцом хэлбэлзлийг бууруулах, валютын ханш суурь нөхцөлтэй нийцтэй түвшинд байлгах чиглэлд Монголбанк валютын захад оролцож ирлээ. 2018 оны хувьд валютын дуудлага худалдаагаар 1.2 тэрбум ам.доллар, 2019 оны эхний 4 сарын байдлаар валютын дуудлага худалдаагаар 804 сая ам.доллар нийлүүлээд байна.

Тав. Монголбанкны дотоод үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, орчин үеийн төв банкны жишигт хүргэхээр ажиллаж байна.  Монголбанкны бүтэц, зохион байгуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн шинэчилж, чадварлаг залуу удирдлагын шинэ багийг бүрдүүлэн хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгон ажиллав. Үүний зэрэгцээ Монголбанкны ажилчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлд анхааран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хаягдаад байсан Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг сэргээж, Монгол Улсын эрдэнэсийн сан ном гаргаж, хосгүй үнэт эрдэнэсийн сангийн үзвэрээс бүрдсэн музей болгон тохижуулж нийтэд нээлттэй болголоо.

Монголбанк 2018 оноос нягтлан бодох бүртгэлийн олон улсын IX стандартын дагуу санхүүгийнхээ тайланг гаргаж, Төв банкны тайлагналын найдвартай, хариуцлагатай байдлыг бататгалаа. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн эд зүйлст анх удаа олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, сан хөмрөгөө түүхийн хосгүй үнэт олдворуудаар баяжууллаа. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банк хоорондын бага дүнтэй гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг болгон нэмэгдүүлж, гүйлгээ дамжуулах хурдыг 3 дахин өсгөж, системийн тасралтгүй, найдвартай байдлыг бэхжүүллээ. Үүний зэрэгцээ төгрөгтэй адилтгах бэлэн бус төлбөрийн хэрэгсэлд анхны тусгай зөвшөөрлийг олгож, Финтекийн цаашдын хөгжлийг дэмжих суурийг тавилаа.

Сүүлийн үеийн технологийн дэвшлийг Монгол Улсын төлбөрийн систем, ₮ картын шинэчлэл, мөнгөн дэвсгэртийн шинэчлэл, дурсгалын зоосны үйлдвэрлэл, нууцлалыг сайжруулах зэрэгт өргөн нэвтрүүлж байна. Дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын гишүүнчлэлтэй олон улсын санхүүгийн байгууллагуудын дээд удирдлагуудтай байнга уулзаж, өөрийн орны нөхцөл байдлыг тайлбарлан таниулж, цаашдын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэгийн талаар ярилцаж байна. Төв банкуудын төв банк гэгддэг Олон улсын төлбөр тооцооны банкинд Монголбанкийг гишүүнчлэлээр элсүүлэх талаар ажиллаж, холбогдох уулзалтуудыг хийж байна. Үүний зэрэгцээ Монголбанкны захиалгаар мөнгөн дэвсгэрт, зоос үйлдвэрлэдэг болон үнэт металл цэвэршүүлдэг компаниудтай нягт хамтран, туршлага судлан ажиллаж байна.

Монголбанкны судалгаа, шинжилгээний ажилд өндөр ач холбогдол өгч шилдэг ТинкТанк гэсэн байр сууриа бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд улс орны хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох том институци болгох стратегийн алсын хараатайгаар Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг Монголбанкны дэргэд шинээр байгуулан ажиллуулж байна. Монголбанкны бодлого, судалгааны ажлуудыг бодлого боловсруулагчид салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон олон нийтэд хүргэж, тэдгээрийн санал, шүүмжийг авч тусгах зорилгоор мэргэжлийн болон нийтийн хэлэлцүүлэг, хурлыг богино давтамжтайгаар зохион байгуулж байна. Монголбанкны судлаачдын судалгааны бүтээл олон улсын академик сэтгүүлүүдэд олноор хэвлэгдэх болж, олон улсын стандарт, чанарт хүрсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Түүнчлэн “Монголбанкны мэдээлэл”, “Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүл, Монголбанкны судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлүүд, бусад судалгаа, шинжилгээний сэдэвчилсэн товхимол, ном зэргийг шинээр санаачлан гаргаж, нийтийн хүртээл болгоод байна.

Дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран харилцан санал солилцох уулзалт хийх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийлгэх, хурал, хэлэлцүүлэг болон аян зохион байгуулах зэрэг олон чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх болон Монгол Улсын Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллаа, энэ чиглэлд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Олон нийтийн санхүүгийн боловсрол дээшлүүлэх чиглэлээр хйиж буй ажлаараа Монголбанк Дэлхийн шилдэг байгууллагын шагналыг  Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага(OECD)-аас хүртээд байна.

  1. Монголын эдийн засагт дунд хугацаанд тулгарч буй сорилтууд

Эдийн засгийн цаашдын төлөв байдлыг авч үзвэл эдийн засгийн сэргэлт үргэлжилж, өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх, инфляци зорилтот түвшний орчим байхаар хүлээгдэж байна. Гэхдээ эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр, бидэнд хийх ажил их байна.  Эдгээрээс 4 томоохон сорилтыг энд дурдъя.Үүнд:

Нэг. Монгол Улс 2020-2024 оны хооронд төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13.3 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна.Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх дүн 7.1 тэрбум ам.доллар байхаар байна. Энэхүү өр, төлбөрийг дефолтоос зайлсхийж, амжилттай шийдвэрлэх сорилт нь дан ганц Монголбанкны бус, Монголчууд бидний шандас шөрмөсийг шалгах болно. Энэ сорилтыг даван гарахын тулд өнөөдрийн бидний хийх ёстой эн тэргүүний зүйл бол ГВАН-ийг нэмэгдүүлэх явдал. Үүнээс өөр сонголт бидэнд үгүй. ГВАН-ийг нэмэгдүүлэх нь гадаад, өр төлбөрийн тодорхой хэсгийг нөөцөөс төлөх боломжийг олгохоос гадна Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх, улмаар гадаад өр төлбөрийн хугацааг сунгах, шинээр тогтох хүү нь бага байхад чухал нөлөө үзүүлэх юм. Иймд Монголбанкны зүгээс ГВАН-ийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн онцгой анхаарна.

Хоёр. Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Солонгосын засгийн газар зэрэг донорууд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бид эдийн засгийн болон бүтцийн бодлогыг ирээдүйн тогтвортой өсөлтийг хангах чиглэлд сайжруулах үүрэг амлалт авч хэрэгжүүлж байна. Зарим үүрэг амлалт нь богино хугацаандаа ‘өвдөлт’ мэдрүүлэхээр байсан хэдий ч дунд, урт хугацаатай ‘эрүүл, чийрэг’ болгоход тус дэмтэй билээ. Үүний зэрэгцээ эдгээр олон улсын санхүүгийн байгууллага, доноруудын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа амжилттай хэрэгжүүлж, цаашид ‘нэр нүүртэй’ хамтран ажиллах нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдлыг дунд хугацаанд үргэлжлүүлэн хангах, тэдний дэмжлэгийг авч тулгарч буй сорилтыг хамтдаа амжилттай даван туулахад стратегийн чухал ач холбогдолтой. Эдгээр доноруудыг тусламж, дэмжлэггүйгээр 2017 оноос эхэлсэн том дүнтэй гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэх боломж туйлын хомс байсан түүхэн сургамж бидэнд бий.

Гурав. Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “Саарал жагсаалтад” орох эрсдэл өндөр хэвээр байна. Хэрэв энэхүү жагсаалтад орох тохиолдолд гадаадын банкууд  дотоод банкуудтай төлбөр тооцоо хийхээ зогсоож, Монгол Улсын гадаад төлбөр тооцоонд хүндрэл бий болж, гадаад худалдааны зээл зогсохын зэрэгцээ гадаад санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалтад маш ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн гүйлгээний хувьд ‘хаалттай’ нөхцөл байдалд орно. Энэ бол дан ганц Монголбанкны хариуцах асуудал бишээ. Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар,  Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарч, бидэнтэй нягт хамтран ажиллаж энэ сорилтыг амжилттай даван туулах шаардлагатай байна.

Дөрөв. Глобал зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ 2021 оноос буурах эрсдэл өндөр байна. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 орчим хувь, төсвийн орлогын 25-аас бага хувийг дангаар бүрдүүлж байгаа тул эдийн засгийн цаашдын төлөв эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт хүчтэй нөлөөтэй билээ. Монголбанкны судалгаагаар манай улсын эдийн засгийн мөчлөгийн 40-50 хувийг гадаад шокууд (эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрдэс бүтээгдэхүүний экспортын эрэлт, ГШХО болон хятадын өсөлт) бий болгодог тооцоо бий. Иймд эрдэс бүтээгдэхүүний үнийн дараагийн уналтын мөчлөгөөс урьтаж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэн, хугацаа нь тулж ирээд байсан гадаад өр, төлбөрийг амжилттай шийдвэрлэсний дараа ОУВС-гийн зүгээс Монгол Улсад хандаж хандаж өгсөн нэг сануулга нь эрдэс бүтээгдэхүүний зах зээл таатай байгаа энэхүү “үүлэн чөлөөний нар”-тай байгаа дээр “Амжиж дээврээ засаж сайжруулах” дунд хугацааны сорилтуудыг даван туулах бэлтгэл ажлуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх асуудал байсан билээ. Иймд бидэнд цаг алдалгүй хийх шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтөд чиглэсэн харилцан хосолсон макро бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг чандлан сахих, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, эрсдэл даах чадварыг сайжруулах, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, томоохон төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлэх, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох онцгой чухал хэрэгцээ хэвээр байна.

Монголбанк Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох, үндсэн чиг үүргээ амжилттай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, өмнө тулгарч буй сорилтуудыг амжилттай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг эрх бүхий байгууллагуудтай хамтран цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Н.БАЯРТСАЙХАН

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 73