-8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн гуравдугаар дайн эхлэх үү

2015-11-22 15:09:00

Энэ сарын 13-нд Парист цуврал дэлбэлэлт, зохион байгуулалттай халдлага дайралтууд болсоны улмаас 130 хүний амь эрсдэж, 300 гаруй хүн шархадсан билээ. Үүнтэй холбогдуулан хэт даврагч бүлэглэлүүдийн халдлага дайралтуудаас сэргийлэх, дарж устгахад чиглэсэн хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхэд улс орнуудыг уриалж  Франц улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд  “олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа” Исламын улс бүлэглэлтэй дайтах санал оруулсныг НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн 15 гишүүн улс өчигдөр санал нэгтэйгээр дэмжлээ.

                        

Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрт “Сири, Ирак дахь тус бүлгийн хяналтанд байгаа газар нутаг дээр гишүүн орнууд шаардлагатай бүх арга хэмжээг авах…” гэж заажээ.

Тус тогтоолд Тунисын Сус хот, Туркийн нийслэл Анкара, Ливаны нийслэл Бейрут, Францын нийслэл Парис хотноо террорист халдлагууд үйлдэж, Египетийн Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоцыг сүйрүүлсэн “Исламын улс” бүлэглэлийг эрс шийдвэртэй зэмлэн буруушаагаад, эдгээр үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд шинэ, дэлхий дахиныг хамарсан шинжтэй аюул занал учруулж байгааг онцолсон байна.

 Улмаар НҮБ-ын гишүүн орнуудыг олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн Сири, Ирак дах "Исламын улс" бүлэглэлийн  байршлуудын эсрэг боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалжээ. ОХУ-ын төлөөлөгч энэхүү тогтоолыг “терроризмын уг шалтгааныг үгүй хийх өргөн хүрээтэй фронт байгуулахад нэг алхам ойртсон хэрэг” гэж дүгнэжээ. Энэ тогтоол батлагдсаны дараахан Франц улс, нисэх онгоц тээвэрлэгч “Шарль де Голль” хөлөг онгоц нь Арабын буланд очингуут Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо гурван дахин нэмэгдүүлэх болно гэж зарласан байна.

Энэ үеэр ОХУ террористуудыг санхүүжүүлж байгаа эх үүсвэрүүдийг таслан зогсоохыг мөн уриалсан байна. Өнгөрсөн Даваа гарагт ерөнхийлөгч В.Путин Исламын улс бүлэглэлийг 40 орчим улс далдуур санхүүжүүлж байдгийг дэлгэсэн юм.

НҮБ дэх Сирийн төлөөлөгч Башар Жафари өчигдөр гарсан энэ шийдвэрийн өмнө уг тэмцэлд цаг алдаж байгааг онцлоод “нойрноосоо сэрэн, террористуудын эсрэг тэмцэлд нэгдэж байгаа орнуудад тавтай морил гэж хэлмээр байна” гэжээ.

Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр гарснаар олон улсын цэргийн эвсэл Исламын улс бүлэглэлийн хяналтанд байгаа газар нутагт газраар байлдааны ажиллагаа явуулах боломж нээгдэж байна.                   

Аюулгүйн зөвлөлөөр сая батлагдсан 2249 дүгээр тогтоол нь "Исламын улс" бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах бүрэн эрхийг улс орнуудад олгоогүй боловч тус бүлэглэлийн эсрэг бүх хүчээ дайчлахыг олон улсад уриалж, энэ тухайд Аюулгүйн зөвлөл нэгдсэн байр суурьтай байгааг нотлон харуулснаараа чухал ач холбогдолтой боллоо гэж ажиглагчид дүгнэж байгаа аж.

                                                                                        Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82