8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбурхан өвчний 9383 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2016-03-15 17:09:00

Эрүүл мэнд спортын яаманд өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой  асуудлаар ярилцлаа.

2015 оны 3 сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Энэхүү өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна.Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,  өвчлөлийн насны хувьд 47 хувийг  15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн хувьд  илүү цагаар эмч, сувилагч, асрагчид сүүлийн хоёр сарын турш ажиллаж байна. Тус дүүрэгт 0-16 насны 100 гаруй мянган хүүхэд байдаг бөгөөд нийт эмнэлэгт ирж буй хүүхдийн 70 хувийг зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байна. Өрхийн эмнэлгүүдийн хувьд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Өвчний дэгдэлттэй холбогдуулан ус, дулаан, цахилгааны  зардлууд тогтмол нэмэгдэж 2-3 сая төгрөгөөр илүү гарч байгаа талаарх мэдээллийг өглөө.  Мөн БЗД-ийн хувьд  уртасгасан цагаар ажиллаж  өнөөдрийн байдлаар 417  хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 215, ачаалал 2-2,5 дахин их байгааг мэдээлсэн бол, БГД-ийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд голлон анхаарч  байгаа бөгөөд  өрхийн бүх эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгаа. Хүндэрч ирсэн хүүхдүүдэд  төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна. Орны хэтрэлт 76,7 хувьд хүрч байсан бол 53,7 хувь болж буурч байгааг энэ үеэр дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд  танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 367 өвчтөн ирж үйлчлүүлж байгаагаас өнөөдрийн байдлаар  ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг 10 ортой  хэдий ч 17 өвчтөн  хэвтэн эмчлүүлж байна.  Иргэд өрхийн эмнэлгээрээ  дамжилгүй шууд өөрсдөө хувийн унаагаараа ирж өдөртөө 150 хүнд зөвлөгөө өгөөд гэрт нь буцааж байгаа талаар тус эмнэлгийн тусламж  үйлчилгээ эрхэлсэн дэд  дарга М.Тунсаг ярьсан юм.

Энэхүү уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ Улаанбурханы өвчлөл  оргил үедээ  байгаа ч цаашдаа буурах хандлагтай байна.   ХӨСҮТ-ийн ачаалал өндөр  бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.  19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.  Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг  хийхээр төлөвлөж  Засгийн газрын хуралдаанаар  асуудал оруулах болсноо энэ үеэр хэлсэн.  Тэрээр иргэн бүр өөрийнхөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө  эрүүл мэндээ анхаарах цаг  болсон. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм гэлээ. 

Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарсан байна. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д энэ оны 1 дүгээр сард гэхэд л нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол  бүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филлипин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украйн зэрэг улсуудад бүртгэгдсээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Xudalch garuud
Orxiin emleg mash xariutslagagui ajilj baigaa.
2016/03/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment