8o
Улаанбаатар хот
mobile menu

Антибиотикаар тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоохыг уриаллаа

2016-03-15 18:28:00

Өнөөдөр Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах өдөр. 1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.  Монгол улсын хувьд энэхүү өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын ажлын алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ “Хэрэглэгчийн өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.

Энэ өдөр Чингисийн талбай хэрэглэгчидээр дүүрэн байв. Учир нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна үйлчилгээгээ үнэ төлбөргүй үзүүлж байсан юм. Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлж байсан газар нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн асар байлаа. Тэд иргэдийн жин, өндөр, цусны даралтыг үнэгүй үзэхээс гадна эрүүл мэндийн зөвлөгөө өгч байсан юм. Мөн Дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны мэдээлэл өгч байсан нь иргэдийн анхаарлыг татаж байсан юм.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай газраас аж ахуйн нэгжүүдийг торгож цагдахаас илүүтэй дэмжиж туслах, иргэд өөрсдийнхөө эрхийн талаар боловсролтой болох, аж ахуйн нэгжүүд иргэдийнхээ эрхийг, хууль эрх зүйн орчноо мэддэг болох чиглэлээр бодлого барьж ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд өнөөдөр төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч иргэдээ дээдэлсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнө нь олон арга хэмжээ зохиож байсан ч өнөөдөр шиг төрийн төвлөрсөн төв байгууллагуудын удирдлагууд нэгэн дээвэр дор цугларч, иргэддээ үйлчилсэн арга хэмжээ болж байгаагүй” гэлээ.

Хэрэглэгчийн өдрийг 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын нөлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатай тэмдэглэж байжээ. Харин энэ жил “Антибиотикийг цэснээсээ хасья” уриан дор нэгдэж байгаа бөгөөд хүрээнд Олон улсын хэрэглэгчийн байгуулагаас “McDonald’s”, “KFC”, “Subway” зэрэг дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикаар тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалга гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл