Хатуу хахир өвлийн өдрүүд алслан холдож урин дулаан хаврын өдрүүд айлсан ирж байна. Хавар гэдэг нэг л сэтгэл хөдөлгөсөн сонин содон улирал. Хүн богинохон настайгаа мэдэхгүй их уйдамхай амьтан. Цан хүүрэг савссан цасан цагаан өвлийг бус зөөлөн үнэр анхилсан хаврыг мөрөөдөж мод бут гөлөглөн нахиалахыг тэсэн ядан хүлээдгийг яана гээч. Өдрөөс өдөрт харсаар байтал модод ногоороод л, хоног сунаж өдөр уртсаж хүмүүсийн алхаа гишгээ хүртэл аажуурч хавар үнэхээр хүсэхээр ч ирдэг л дээ... Яг л ийм нэгэн өдрийг монголчууд үдэж байна. Ингээд малын зоо нуруу тэнийж, малчны хотхонд төлийн дуу цангинасан “Монголын нэг өдөр” тоймыг хүргэж байна.
Өнөөдөр манай хуудаснаа
С.Сумъяа: Нэгнээ дэмжье, урам хайрлая гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдэрлээ
Миний амьдрал тэр чигээрээ сорилт байсан. Та нар хэзээ ч алдаа гаргахгүйгээр амьдармаар байна уу? Тэгвэл юу ч битгий хий, юуг ч битгий сорьж үз. Гэхдээ хэзээ ч урагшаа алхахгүй. Ийм амьдрал сайхан гэж үү? Алдаа гаргаж байж алдаанаасаа суралцаж байж амьдардаг бус уу? Тийм болохоор хүсэл мөрөөдлөө олсон бол замдаа тулгарсан саад бэрхшээл бүрийг даван гарч унасан ч дахин босох тэмүүлэлтэйгээр амьдраарай”...
Энэ бол Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хирота Монголд хүрэлцэн ирж, “Амьдрал ямар сайхан гээч..." номныхоо албан ёсны нээлтийн үеэр хэлсэн үг. Үнэхээр ч түүний хэлснээр хүмүүн бид зүүний үзүүр дээр тогтох будаа адил их хувь заяаны эзэд. Сэтгүүлч миний бие яг л ийм их хувь заяаны эздийн сэтгэлийн угт нэвтэрч, амьдралын түүхээр нь аялж, уншигч тантай цаг хугацаа, орон зайг товчлон учруулж “Амьдрал сайхан” булангаараа мэлмийг тань мялааж байдагтаа сэтгэл хангалуун байдаг билээ. “Амьдрал сайхан” булангийн оролцогчид, уншигч таны урмын үг сэтгэлийн дэмээр амьдрах итгэл, урам зориг , их эрч хүчийг авч байдаг гэдэгт эргэлзэх юун. Тэгвэл энэ удаад “Амьдрал сайхан” булангийн өмнөх дугаарт оролцсон сурах их хүсэл тэмүүлэлтэй хөдөлмөрч охин С.Сумъяад сэтгэлийн дэм, их эрч хүч хайрласан уншигчид бидэнд хандаж С.Сумъяад Англи хэлний сургалтанд 100 хувь суралцах эрхийн бичиг, хөдөлмөрийг нь үнэлж дэмжлэг үзүүлсэн мөнгөн хандив, мөн ажлын байрны санал ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ийнхүү С.Сумъяа манай сайтад хүрэлцэн ирж сайхан сэтгэлтэй хүмүүсийн их хүндэтгэл, хайр энэрлийг хүлээж авсан юм. Ингээд та бүхнийгээ С.Сумъяад туслахаар манай сайтад хандсан уншигчтай уулзуулъя.
- Сайн байна уу? Юуны өмнө С.Сумъяад туслах болсонд уншигчдынхаа өмнөөс болоод chuhal.mn сайтынхаа хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
- Баярлалаа. Намайг Д.Янжмаа гэдэг. Би танай сайтын байнгын уншигч. Өдөр тутмын шинэ содон мэдээллээ эндээс л авдаг. “Өнөөдөр нүүрс зарж байгаа ч ирээдүйд би дэлхийн хэмжээний инженер болно” гэсэн С.Сумъяа охины тухай нийтлэл тухайн өдөр миний уншсан хамгийн сайхан ярилцлага байсан .Зорилготой мөрөөдөлтэй залуу хүний тухай уншаад миний хувьд дэм болж, өөрийн чадал чинээгээр туслахыг хүсч танай сайттай холбогдсон... Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу
С.Ганбаатарын дараагийн хууралт юу вэ?
Улс төрийн түүхэнд бие дааж гарч ирсэн УИХ-ын гишүүн олон нийтийн дунд нэр хүндээ олж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хүртэл рейтингээрээ хол хаяж байсан удаа үгүй. Харин анх удаа Дархан-Уул аймгаас УИХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон С.Ганбаатар хот, хөдөөд хамгийн нэр нөлөө ихтэй улс төрчидөөр нэрлэгдсэн нь ийнхүү урьд хожид байгаагүй тэмдэглэлт үйл явдлын эзэн болсонюм. Улс төрийн чиглэлээр санал асуулга явуулдаг “Сант марал” сангаас улс төрчдийн чансааг тогтоох судалгааг жил бүр явуулдаг. Тус байгууллагын 2013 оны судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хоёр мянган иргэнийг хамруулсанаас Их хурлын гишүүн С.Ганбаатар Улаанбаатар, хөдөө орон нутагт хоёуланд нь тэргүүлж, түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд жагсаж байсан юм. Түүний ийнхүү “оноо авсан” явдал нь монголчуудын анхаарлын төвд байнга байдаг сэдэв болох Оюутолгой, Тавантолгой ихээхэн холбоотой. Тэрбээр энэ хугацаанд эрх баригчдын явуулж байгаа ажилд үнэлэлт дүгнэлт өгч, заримтай нь сөргөөцөлдсөөр ирсэн. Мөн түүнийг тойрсон улс төрийн хэрүүл маргаан ч багагүй үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай.
Гэвч тэрбээр сонгууль дөхөж байгаа энэ үед бие даагч гэх статусаа ХҮ намын даргаар сольсон нь ихээхэн үр дагаврыг авчирч зарим нэг улс төрчид бузар булхайг нь илчилсэнээс хойш рейтинг нь тасралтгүй унасаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг хамгийн өндөр байсан ч өмнөхөөсөө буурч 26.9 хувьд хүрчээ. Түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр 24.5, М.Энхболд 4.5, З.Энхболд 3.2 хувьтай нэхсээр байна.
Мэдээж түүний рейтинг унасан нэг шалтгаан нь хуурамч дипломтой гэх мэдээлэл. Гэтэл МҮҮН гэх шашны асуудал нийгэмд дуулиан тарьж, улс төрчид хүртэл хутгалдаж эхэлж байгаа энэ үед мөн л С.Ганбаатар гишүүнтэй ноцтой баримтууд дэлгэгдэж, иргэдийн гайхширлыг төрүүлж байна... Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж уншина уу
Эмчлүүлэгчдийнхээ үгийг “боомилох” эрх “Интермед” эмнэлэгт бий юу
Хоёрхон хоногийн өмнө Олон улсын хэрэглэгчдийн өдөр тохиож, мөнгө төлж авсан ч эргээд хохирдог байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар бид хөндөж байсан билээ. Ялангуяа ийм хэрэг эмнэлгийн байгууллагууд гаргаж, эмчлүүлэгчидээ эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироох явдал сүүлийн үед нэмэгдсээр байна. Манай улсад энгийн иргэд босгоор ч давж дийлэмгүй өндөр үнэтэй эмнэлгүүд цөөнгүй бий. Тэд өөрсдийгөө хамгийн чанартай үйлчилгээг, хамгийн чадварлаг эмч нар үзүүлнэ хэмээн сурталчилдаг. Тэдний нэг бол “Интермед” эмнэлэг.
Улсын эмнэлгүүдийн үнэгүй үзүүлдэг үйлчилгээ болох төрөлтийг монгол эмч эх барьж авбал 3 сая, гадаад эмчийн хяналтанд төрвөл 7 сая төгрөг иргэдээс халаасладаг энэ эмнэлгийнхэн хэдий болтол нялх үрсийн минь эрүүл мэндээр тоглох вэ!!!
Хоёр жилийн өмнө 70 гаруй настай өндөр настны оношийг ой гарантай хүүхдэд андуурч өгсөн талаар цахим шуугиад л өнгөрсөн. Хамгийн хариуцлагатай ажлыг хамгийн өндөр үнээр хийж байгаа тус эмнэлгийнхэн энэ үйлдэлдээ хариуцлагатай хандах байтал тоох үгүй байсан олон иргэдийн дургүйцлийг хүргэсэн билээ.
Тэгвэл саяхан “Интермед” эмнэлгийнхэн дөрвөн сартай хүүхдэд тариа хийх үедээ уян зүү нь сугарсаныг мэдэлгүй гурав хоног тариа хийчихээд “Өчигдрийн л дусал, тариа нь гадуур нь хийгдсэн. Түүнээс өмнө нь яагаа ч үгүй. Хэрэв гурав хоног үргэлжилсэн гээд байгаа бол баримтаа аваад ир”, “Манай үйлчилгээ таалагдахгүй байвал өөр эмнэлэгт ханд” хэмээн зандарчээ. Дөрөвхөн сартай охиных нь хөлний судсанд нь биш мах, арьсанд нь бүхэл бүтэн гурав хоног тариа хийчихээд байхад цаашид охиных нь хөл зүгээр эсэх цаашлаад алхаж чадах эсэх гээд л эх хүний зовлон мундахгүй их. Гэтэл үүнийг нь үл ойшоосон эмнэлгийнхэн зөвхөн өөрсдийн нэр хүндийг л бодож “Энэ хүнээс ярилцлага авах гэж байгаа бол манай эмнэлэгт эхлээд албан бичиг бичиж өг” хэмээн эмчлүүлэгчдийнхээ үгийг “боомилох” эрх бий гэж үү....Дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж уншина уу
Өнөөдрийн дуулиан
Х.Баттулгын туслах, ДМНН-ийн тэргүүн Х.Бээжин нарыг саатуулжээ
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг саатуулсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг угааж улсад хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан бол Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл байгаа юм.
Энэ хэргийг мөрдөхөөр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд өчигдөр Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай. Р.Чингис төсөл хэрэгжүүлсэн “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү мэдээлэл хийсний дараахан буюу өчигдөр орой Х.Баттулгын туслахыг баривчилжээ. Түүнийг мөн сэжигтнээр татсан байх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж байна. Харин Нийслэлийн СХД-ийн цагдаагийн хэлтэс “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг өнөөдөр баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явсан талаар Босоо Монгол хөдөлгөөний Ц.Баяраа өөрийн цахим хуудсаараа мэдээлэв. Х.Бээжин нь саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдөн авто осол гаргаж, улмаар тухайн иргэнийг зодож танхайрч, СХД-ийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгагдаж байгаа юм байна.
Өнөөдрийн анхааруулга
Дөрвөн настай хүү нохойд хазуулан нас баржээ
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух дөрвөн настай хүү нохойнд хазуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой хазаж, хүнд гэмтээсэн байна. Хэрэг энэ сарын 16-ны өдөр болсон бөгөөд хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг хазаж, гэмтээжээ. Хэрэг гарсан даруйд хүүг Яаралтай түргэн тусламжийхан ГССҮТ-ийн “Эрчимт эмчилгээнй тасаг”-т хүргэн эмчилгээ хийлгэж байсан ч шархаа даалгүй амь насаа алджээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Сураггүй алга болсон залуугийн цогцос айлын хашаанд ухсан нүхнээс олджээ
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэр, Холбоо толгой гэх урт сүлжилдсэн гудамжинд байх ... тоотод байх айлын хашаанд ухсан нүхнээс энэ сарын 13-нд нэгэн залуугийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарсан байна. Учрыг тодруулбал, энэ сарын 06-наас гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан 19 настай П гэх залуу долоо хоногийн дараа ийнхүү амиа алдсан байдалтай олджээ. Цагдаагийн алба хаагчид айлын хашаанд байх нүхнээс нас барсан хүний цогцос олдлоо гэх мэдээллийн дагуу тус өдөр очиж шалгалтын ажиллагаа хийхэд талийгаач залуу гэрээсээ нэг гудамжны цаана байх үл таних айлын хашаанд, модоор хашсан хоёр метр орчим гүнтэй нүхэнд унаж амиа алдсан байжээ. Тэрбээр явган суусан, толгой нь хоёр хөлнийхөө хооронд тонгойсон байдалтай байсан гэх бөгөөд баруун ташаа нь шалбарч, хамраас нь цус гоожсон байсан талаар баттай эх сурвалж мэдээллэлээ. Залуу юуны учир амиа алдсан болохыг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй.
Өнөөдрийн онцлох мэдээллээс
“М ойл”-ын ШТС-аас их хэмжээний бензин асгарчээ
Гэмтлийн эмнэлгийн урд байрлах “М Ойл”-ын шатахуун түгээх станцад үйл ажиллагааны горим алдагдсаны улмаас их хэмжээний шатахуун асгарсан байна. Тодруулбал, тус ШТС-ын газрын доор байрлуулсан дизелийн саванд шатахуун хийхдээ хальж асгаруулсан байна. Тиймээс асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг Нийслэлийн онцгой байдлын аврах тусгай 18-р ангийн алба хаагчид хийсэн байна.
ДЭМБ тархинд хорт хавдар үүсгэх аюултай гар утаснуудыг нэрлэжээ
ДЭМБ-аас тархинд хорт хавдар үүсгэх аюулыг бий болгодог гар утаснуудыг нэрлэлээ. Тус байгууллагынхан энэхүү дүгнэлтийг гаргахдаа судалгааны явцад цахилгаан соронзон туяаг хамгийн ихээр ялгаруулдаг смартфоны жагсаалтыг гаргасан бөгөөд "Мotorola Вгаvо", "Моtогоlа Аndroid 2 Global" смартфоныг хамгийн аюултайд тооцжээ. Мөн "Sony Еricsson Satio", "Sоnу Еricsson Хреria Х10 Мini Рго" утаснууд тархинд хорт хавдар үүсгэх аюулаараа удаалсан байна. Тэдгээрээс гадна "Моtогоlа-1335", "Nokia Аstound ", "Моtorola Dеfу","Моtогоlа Grasр", "ZТЕ Salute", "LG Rumог 2", "Моtогоlа Аndroid", "Sаnуо Vего", "Моtогоlа Dгоid 2", "НТС Desire", "LG Сhocolate Тоuсh", "Моtoгоlа Аtrix 4G", "Куосега Wild Сагd М1000", "Куосега Х-tc" зэрэг смартфон хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг нь тодорхой болжээ.
Өнөөдөр болсон зарим үйл явдлаас
- Энэ сарын гурав дахь долоо хоногийн ажиглалтаар хонь болон үхрийн ястай махны үнэ бага зэрэг буурсан болохыг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
- Авто машин худалдааны "Да Хүрээ" захын хамт олон, автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд Тэд "эрх баригчид тэдний эрхийг зөрчиж байна" гэж үзэж байна.
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд найман га газарт тус тус газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг явуулахаар болжээ.
- Шинэ төмөр замын хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар хошууч Б.Баатархүү хэллээ.
- ЗУБН-ийн нэрэмжит “Алтан бийр” үзэсгэлэн гуравдугаар сарын 25-ны 16:00 цагт МУЭ-н “Арт галерей”-д нээлтээ хийх бөгөөд уламжлал болон зохиогдсоор даруй арван жилийг үджээ.
- Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд 800 орчим тэргүүний малчид оролцож байна.
- АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтыг тохиолдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс Нийслэлийн авто замын газраас зургаан зам дээр засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.
- Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр иргэдэд чиглэсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
- Нийгмийн сүлжээгээр шүүмжлэлд өртөөд буй сүнстэй бодлогыг ЕБС-ийн сурах бичигтэй огт холбоогүй, олон улсын тооны уралдааны бодлого гэдгийг МУИС-ийн математикийн багш, математикийн олон улсын Кенгуру уралдааны Монгол дахь төлөөлөгч Н.Итгэл хэллээ.
- Математик, байгалийн ухаан нь тогтсон шинжлэх ухаан, агуулга, арга зүйн хувьд олон улсын чиг хандлага, арга туршлагатай шууд нийцсэн байдаг учраас энэ утгаараа математикийн болон байгалийн ухааны хөтөлбөр сурах бичигт шашны болон улс төрийн агуулга оруулах ямар ч боломжгүй гэдгийг ЕБС-ийн боловсролын хөтөлбөрийг боловсруулдаг багш мэргэжилтнүүд мэдэгдлээ.
- “МИ-8” нисдэг тэрэгнийх шиг осолд аваар гаргахгүй байх арга хэмжээг яамны зүгээс зохион байгуулалттайгаар авч ажиллаж байна гэж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэллээ.
- Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
- ОХУ Монгол Улсад дээд боловсролын 376 тэтгэлгийн хуваарь олгосон талаар Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-ийн захирал Е.Г.Михайлов мэдээллээ.
- “Монгол цэргийн өдөр" буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой маргааш тохионо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд ёслолын жагсаал боллоо.
Таны маргаашийн ажил амжилт хүсье.