Монос косметик" компани гар ариутгагчийн найрлагад техникийн сприрт ашигласан талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлсэн. Уг мэдээллийг тус компанийн зүгээс няцааж мэдэгдэл гаргаад байгаа юм. Тэгвэл дөнгөж сая НМХГ-аас "Монос косметик" компанийн мэдэгдэлтэй холбогдуулан хариу тайлбар өглөө. Тайлбарт "Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага. Энэ хүрээндээ өчигдрийн буюу 04 сарын 14-ний УОК-ийн шуурхай штабын хурлын үеэр “Монос косметик” ХХК-ийн үйлдвэрлэж буй “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийн талаар мэдээлэл өгсөн. Гэтэл тус компани өөрсдийгөө зөвтгөсөн мэдэгдэл гаргажээ.
1.Тус компани ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.
2. Монгол Улсад мөрдөгдөж буй халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэлийн тухайд. Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель Ерөнхий шаардлага стандартын 2-р хүснэгтэд заасан этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель үйлдвэрлэх түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. “Монос косметик” ХХК нь “Санитас” нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан. Энэ дагуу тэд торгуулиа төлсөн болно.
3. Хүнсний спирт. Техникийн ерөнхий шаардлага MNS 0178:2014 стандартад хүнсний спиртийг химийн үзүүлэлтээс хамаарч альфа, тансаг, онцгой, дээд гэж ангилдаг. Техникийн этилийн спирт нь улаан буудайг боловсруулан цэвэрлэж этилийн спирт гарган авах процессын үед үүсдэг нэрэлтийн эхний бүтээгдэхүүн юм. Монгол Улсад Техникийн этилийн спирт MNS 2947:80 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цэвэр улаан буудайнаас этилийн спирт гаргахад эхний нэрэлтээр 93-94 хувьтай спирт гардаг. Үүнийг техникийн этилийн спирт гэдэг. Гар ариутгах гель үйлдвэрлэх Монгол улсын стандартад 96 хувийн тансаг спирт гээд заасан байдаг" гэжээ.